Залуус болон хамтран ажиллагч байгууллагууд карьер хөгжлийн үйлчилгээнээс юуг суралцах боломжтой байдаг юм бол?
Үнэн хариултыг нь өөр өөр талын оролцооны төлөөлөл болох дараах таван зочны түүхээс хайлаа. Таныг ч бас өөрт хэрэгтэй, карьераа алхам өнгөлөх хариултыг эдгээр түүхээс олох болов уу гэж найдаж байна.
Ч.Халиун | Капитрон банкны Хүний нөөцийн газрын захирал |

Шинэ төгсөгч нар ажилд орохдоо дүрэмгүй тоглохыг санаархах болсон нь цар тахлаас хойш түгээмэл ажиглагдаж байгаа үзэгдэл юм. Тэгэвч банкны салбарт дүрэмгүй тоглох ямар ч бололцоо байхгүй.
Мөн орчин цагийн залуус нэгэн төрлийн ажил, хөдөлмөрийг удаан хугацаанд тууштайгаар гүйцэтгэхийг “уйтгартай явдал” гэж харах болжээ. Шинээр ажилд орчхоод зургаахан сарын дараа өндөр албан тушаалд дэвшмээр байна гэж адгах явдал ч гарч байна. Гэвч карьер хөгжил гэдэг нь компьютер тоглоомын зарчмаар бүхий л үеийг нь алхам алхмаар давахыг хэлдэг.
Банк, санхүүгийн салбарын сайн боловсон хүчин, удирдах албан тушаалтан болохын тулд багадаа арван жилийн туршлага хэрэгтэй байдаг. Монголын томоохон банкны гүйцэтгэх захирлууд бүгд л хамгийн бага нэгжээс ажлын гараагаа эхлүүлж байсан. Орчин цагийн залуус энэ шат дамжлагыг аль болох түргэн хугацаанд алгасаж, шуудхан захирал болох сон гэж хүсдэг нь ажил олгогчдын зүгээс тэдэнтэй ойлголцоход төвөгтэй байдлыг бий болгож байна.
Капитрон банкны хүний нөөцийн бодлогод боловсон хүчний ажил, амьдралын тэнцвэрийг хангахад зориулсан хорь орчим урамшууллын журам бий. Тухайлбал, эрүүл мэндийн үзлэгийн, эцэг эхийн хурлын, төрсөн өдрийн гэхчлэн маш олон төрлийн чөлөөний загварууд байдгийг онцолж болох юм. Мөн өглөөний 7:30-9:30 цагийн хооронд ажилдаа ирэх бололцоотой гэсэн уян хатан цагийн зохицуулалт ч байгаа.
Эдгээр журмын үр ашгийг ажилтнууддаа бодитоор хүргэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үйл ажиллагааны зарчмыг эрхэмлэдэг. Жишээ нь, төрсөн өдрийн амралтыг олгохдоо “төрсөн өдрөөсөө хойших сарын нэг хугацаанд амжиж энэ чөлөөгөө ашиглах эрх”-ийг өгдөг юм.
Түүнчлэн бид нэг төрлийн ажлыг долоон жилийн хугацаанд гүйцэтгэж байгаа ажилтандаа шуудхан “долоо хоногийн амралт” олгодог.
Оюутан, залуусын ажлын орчин, нөхцөлийн талаарх төсөөлөл, бодит байдал хоёрын зайг ойртуулах хэрэгцээ шаардлагатай бид бодитоор нүүр тулж байна. Ойлголтын зөрүү юунаас үүдэн бий болж байна вэ гэхээр нийгмийн сүлжээн дэх бичлэгүүд, андуу ташаа мэдээллүүдээс эхлэлтэй болов уу.
Миний бие энэ хавар МУИС-ийн оюутнуудтай уулзаж, банк, санхүүгийн карьерын анхны алхмын тухай сургалтыг орсон л доо. Тэгэхэд оюутнууд надаас “Ажлын орчин, нөхцөл ямар байдаг, шинээр ажилд ороход ямар бэрхшээлүүдтэй нүүр тулдаг тухай” сонирхон асууж байсан юм. Ерөнхийдөө оюутан залуусын хувьд, ажлын талбарт гарахад нь ямар орчин, нөхцөл хүлээж байгаа талаарх ойлголт, мэдээлэл багатай байна гэдэг нь үүгээр тод харагдана байх.
Энэ байдлыг өөрчлөхийн тулд практикт суурилсан бодитой мэдээлэл, ойлголтыг оюутан залууст ойртуулах нь чухал билээ. Үүнд, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээний чиглэл, зорилго чухал ач холбогдолтой гэж хүлээн зөвшөөрсөн тул Капитрон банкны хувьд хамтран ажиллах саналыг хоёр гараа өргөөд шуудхан дэмжсэн. Үнэхээр ч Карьер хөгжлийн үйлчилгээнд идэвхтэй хамрагдаж буй оюутнуудын хувьд ажлын орчин, нөхцөлийн талаарх ойлголт, мэдээлэл сайтай байдаг нь ажил олгогч нарын зүгээс тэдэнтэй түүртэхгүй ойлголцоход тус дэмтэй юм байна лээ.
Нөгөөтээгүүр, ер нь байгууллагууд оюутны дадлагыг нухацтай үйл хэрэг хэмээн хандаж, үүнийг үр өгөөжтэй ажил болгохын төлөө хичээж, чин сэтгэлээсээ ханддаг болоосой гэж хүсдэг. Оюутнууд ч гэсэн дадлага хийхдээ ажлын байрны талаарх ойлголт, төсөөллөө бэхжүүлэхийн төлөө мэрийлттэй, хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй болов уу. Түүнээс бус дадлага хийхээр ирэхэд нь баахан цаас канондуулж, цай зөөлгөж байгаад буцаавал аль алиндаа өгөөжгүй, үр ашиггүй ажил болж байна.
Манай банкны тухайд, жил болгон оюутнуудад зориулсан “Банкир” цалинтай дадлагын хөтөлбөрийг зарладаг юм. Уг хөтөлбөрт сонгогдсон III, IV дамжааны оюутнууд зуны гурван сарын хугацаанд манайд ажиллаж, бусад цалинтай дадлага хийх хөтөлбөрүүдтэй “өрсөлдөхүйц” хэмжээний цалинг авдаг. Тухайн оюутнуудтай хөдөлмөрийн гэрээ үзэглэж, Нийгмийн даатгалыг нь төлөх учир үндсэн мэргэжилтнүүдтэй маань эн зэрэгцэн ажиллана гэсэн үг. Үүгээр ч барамгүй байгууллагын дотоод систем рүү нэвтэрч, “хөндий” харьцах бус харин ч халуун дотноор хамтарч, үндсэн мэргэжилтнүүдийн түвшинд энэ хугацааг өнгөрүүлдэг. Энэхүү хөтөлбөрийг бид дөрөв дэх жилээ амжилттай хэрэгжүүлж, үүнд 50 гаруй оюутан хамрагдаад байна. Өнөө жилийн хөтөлбөрт маань МУИС-ийн NUM Career үйлчилгээгээр дамжиж гурван оюутан хамрагдсан. Мөн өмнөх жилүүдэд “цалинтай дадлагын хөтөлбөр”-т маань сонгогдсон гурван оюутан, суралцахынхаа хажуугаар давхар ажиллаж байгаад Их сургуулиа амжилттай төгсөн, өдгөө манай үндсэн боловсон хүчин болж өсөн дэвшээд байна. Уг хөтөлбөрт хамрагдсан хэдий ч манай байгууллагад ажилд ороогүй оюутнууд ч гэсэн “мөс хагарчхаад” л Их сургуулиа төгсдөг.
Б.Хишигням | МУИС-ийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөрийн багш доктор, дэд профессор |

Зарим эцэг эхчүүд хүүхдээ төгсөх ангид орсных нь дараа л сая мэргэжил сонголтын асуудлыг хөндөн ярилцдаг. Гэвч хүүхэд 9, 10-р ангиасаа мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох шаардлагатай юм.
ЕБС-ийн сурагчид мэргэжлээ сонгохдоо юун дээр анхаарах вэ?
-Нэгдүгээрт, би юунд дуртай, дургүй; юуг чаддаг, чаддаггүй вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Намайг ямар зүйл хийхэд хүмүүс магтдаг билээ гэдгийг эргэцүүлэх, үүний сацуу ямар зүйлийг хийхдээ би бүтэлгүйтдэг билээ гэдгээ ч бас тодорхойлоод, хооронд нь харьцуулж харвал тодорхой чиг баримжаа гарч ирнэ.
-Хоёрдугаарт, би хүмүүстэй байх дуртай юу, аль эсвэл ганцаараа байх нь надад илүү тухтай байдаг уу. Түүнчлэн шийдвэр гаргахдаа бусдын саналыг авах хандлагатай юу, эсвэл бусад хүмүүсийн саналыг сонсдог ч өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг уу зэргийг тодорхойлж мэдсэнээр өөрийнхөө сэтгэл зүйн онцлогтоо тохирсон ажил, мэргэжлийг эрэлхийлэх.
Эцэг эхчүүдийн хувьд, ажлын байрны олдоц элбэг байхыг бодож, эсвэл санхүү болон бусад дэмжлэгийг тооцоолж хүүхдийнхээ дургүй мэргэжлийг тулгах алдаа нийтлэг гаргадаг. Түүнчлэн өөрийн эзэмшиж чадаагүй мэргэжил, биелүүлж амжаагүй мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулж биелүүлэх өрөөсгөл хандлагыг бас гаргадаг. Гэлээ ч эдгээр алдаа нь тухайн хүүхэд хугацаандаа сургуулиа төгсөж чадалгүй хугацаа алдах, сургуулиа орхих, мэргэжлээ солиход хүргэж эдийн засгийн, цаг хугацаа алдах эрсдэлтэй юм.
Хэрэвзээ өөрийнхөө сэтгэл зүйн, зан төлөвийн онцлог, хүсэл сонирхол, чадварт нийцсэн мэргэжлийг сонгож чадвал хүүхдийн ирээдүйн карьер амжилттай байх магадлал өндөр.
Хүний танин мэдэхүйн хэв шинжийн онцлог нь насны үе шатуудаар өөрчлөгдөх боловч энэ нь ихэнх тохиолдолд харьцангуй тогтвортой байдаг. Үүнээс шалтгаалж байгалийн ухааны эсвэл нийгмийн ухааны чиглэлийн мэргэжил сонгох эсэхийг тодорхойлох бололцоо бий.
Нийгмийн нэг гишүүн болсоныхоо хувьд хэн боловч ажиллаж, хөдөлмөрлөж, нийгэмд хувь нэмэр оруулах ёстой гэсэн асуудал яригддаг. Иймд, заавал зайнаас ажиллана, эсвэл биед амархан гэх байдлаар хандаж ажил, мэргэжлээ сонгох нь зохистой биш юм.
Аав, ээж нь хоёулаа эмч тохиолдолд хүүхдэдээ багаас нь “ирээдүйд эмч болно” гэдгийг гүн гүнзгий ойлгуулчихсан байх нь бий. Иймээс тухайн хүүхэд бусад мэргэжлийн талаар бүдэгхэн төсөөлөлтэй, харин эмч гэдэг мэргэжлийн тухайд зэгсэн сайн мэдлэг, ойлголттой болчихсон байх агаад үнэхээр ч эмч болоход нь дөхөм байдаг. Гэлээ ч тухайн хүүхдийн зан төлөв, сонирхол, чадвар, сэтгэл зүйн онцлогт нь уг мэргэжил нийцэхгүй байвал өөрт тохирсон ажил мэргэжлийг сонгох шаардлагатай.
Зарим ЕБС-д ялангуяа хувийн сургуулиудад мэргэжил сонголт, карьер хөгжлийн зөвлөх мэргэжилтнүүд ажилладаг. Үүний туслалцаатайгаар нийтлэг мэргэжлүүдээс гадна нарийн мэргэжлүүдийн талаарх мэдээллийг олон талаас нь хүүхдүүдэд хүргэхээс гадна, мэргэжлийн чиг баримжааны оношилгоо хийж зөвлөгөө өгдөг. Тухайлбал, сургуулиудад материалаа бэлдэхэд нь туслан дэмжих, эсээ бичих, өөрийгөө илэрхийлэхэд нь зөвлөн туслах, ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг сургууль дээр ажилладаг Ажил мэргэжлийн зөвлөх хийдэг.
МУИС-ийн Ажил мэргэжил судлалын хөтөлбөр нь Ажил мэргэжлийн зөвлөх мэргэжилтэнг магистрын түвшинд бэлтгэдэг юм. Энэ хөтөлбөрийг төгсөгчид нь ЕБС-ийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, удаан хугацаанд ажил хайж буй, эсвэл карьераа өсгөх хүсэл тэмүүлэлтэй хүмүүст тэдний сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ шаардлагад нь үндэслэсэн бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөөг өгөх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ажил мэргэжилтэй холбоотой нийгмийн сүлжээг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийх зэрэг чадвартай болдог. Энэ хөтөлбөр Үндэсний хэмжээнд ганцхан МУИС-д хэрэгжиж байна.
Бид гадаадын Их дээд сургуулиудад карьер хөгжлийн үйлчилгээ ямархуу бүтэц, үйл ажиллагаатай байдаг талаар судалгаа хийж байсан. Тэгэхэд энэ нь бие даасан нэгж байхаас гадна оюутны клубүүдэд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Карьер хөгжлийн үйлчилгээ нь нэгдүгээрт, шинээр Их сургуульд элсэн суралцаж буй оюутан, залууст мэргэжлээ ончтой сонгосон эсэхэд нь тодорхой чиг баримжааг олгох ач холбогдолтой.
Хоёрдугаарт, оюутан залууст чухал шаардлагатай зөөлөн ур, чадваруудыг нэмэлтээр эзэмшүүлэх, суралцах үйл явцад дасан зохицоход нь туслах зорилготой.
Гуравдугаарт, дадлага хийхдээ юуг анхаарвал зохилтой, энэ зууртаа ямар асуудалтай нүүр тулах, ажилд орох ярилцлага, анкет бичихдээ анхаарах зүйлийн талаар оюутнуудад чиг баримжаа өгдөг. Иймээс Зориг сангийн МУИС дээр хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн нь Их, дээд сургуулийн Карьер хөгжлийн үйлчилгээний жишиг болох байх итгэж байна.
П.Ууганбаяр | Wise Moon International компани болон Их Британийн Карьер Хөгжлийн Институтийн (5000 гишүүнтэй) захирал |

Миний хувьд Их Британид карьер хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж буй зөвлөх юм.
Карьер көүч буюу ажил мэргэжлийн дасгалжуулагч хэмээх ойлголт нэг үеэ бодоход олонд танил болжээ. Гэсэн хэдий ч Монголын нөхцөлд, дунд сургуулийн хүүхдүүдийг гадаадын Их сургуульд сургах тал дээр туслах, анкет бөглөх, ярилцлагад орох гэх зэрэг хязгаарлагдмал үйлчилгээнээс хэтрэхгүй байгаа нь манай эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт болон боловсролын системд байгаа нэгэн том цоорхой юм.
Мэргэжлийн чиг баримжаа олгох салбар жилээс жилд хөгжин, орчин үетэй зэрэгцэн хувьсаж байгаа бөгөөд карьер гэдэг ойлголт нь хүний амьдралдаа, насан туршдаа бий болгох ажил амьдралын замыг илэрхийлнэ. Ажил мэргэжлийн хөгжил бол хүний амьдралын өөртөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд хувь хүн өөрийгөө болон бусдыг харах өнцөг, эрүүл мэнд сэтгэцийн байдал, гэр бүлийн аз жаргал, ажлын байран дээрх сэтгэл ханамж улмаар улсын эдийн засаг, хөгжил санхүүгийн байдалд хүртэл шууд нөлөөлж байдаг хүч юм.
Харамсалтай нь ихэнх хүмүүсийн нүдээр мэргэжил гэдэг зөвхөн хоолоо олж идэж байвал юу ч хамаагүй гэсэн ойлголт болж тогтсон байдаг. Гэхдээ хоолоо олж идэхийн тулд юу хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнээс эхлээд л мэргэжлийн чиг баримжаа хэмээх ойлголт хүссэн хүсээгүй бидний амьдралын өдөр тутамд эргэлдэж байдаг.
Хувийн зорилгоо тодорхойлоогүй, боломжоос боломж руу өнхрөн очих нь хүмүүст сэтгэл санааны тогтворгүй байдал, ажлын байрны асуудлууд гээд олон арван бэрхшээлүүдийг гаргаж байдаг. Тиймээс бүр бага ангийн хүүхдүүдээс эхлээд эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүд, сурган хүмүүжүүлэгчид мэргэжлийн тухай яриаг өдөр тутамдаа өрнүүлж байх хэрэгтэй. Их сургуулийн оюутнуудад ч тэр. Аль сургуульд орох вэ гэдэг асуултаас өмнө ямар мэргэжилтэй болох вэ? Аль салбарт ажиллах сонирхолтой байна? Яагаад энэ салбарыг сонирхох болсон гээд маш олон асуултуудыг асуух хэрэгтэй.
Ихэнх тохиолдолд хүүхэд залуус маань зөвхөн мэддэг мэргэжлээ л сонгодог. Үүнд гэр бүлийн гишүүд, багш, сурган хүмүүжүүлэгчид, найз нөхөд болон хэвлэл мэдээлэл, сошиал талбарууд нөлөөлж байна. Тиймээс мэргэжлийн чиг баримжаа олох ур чадварыг хөгжүүлэх нь нэн чухал юм. Орчин үед хиймэл оюун ухаанаар анкетаа бөглөөд, хиймэл оюун ухаанаар ажлын байранд шалган авч байгаа үед хэрхэн бусдаас ялгаран, сайн гэдгээ мэдрүүлэхэд шинэхэн чадварууд шаардагдаж байна.
Их сургуулийнхаа дипломоос гадна хиймэл оюун ухааныг чадварлагаар ашиглаж, зөөлөн ур чадвараа хөгжүүлж байж сая ажлын талбарт тэнцэх хэмжээнд урагшлах болж байна. МУИС-ийн NUM Career үйлчилгээ бол цагаа олсон маш чухал төв бөгөөд энэхүү төвд ажиллах мэргэжилтнүүд болон оюутнуудад карьер хөгжлийн талаар суурь мэдлэг, ёс зүйн сургалтыг зохион байгуулж мэргэжлийн дасгалжуулагч гэж хэн байх талаар онцолсондоо баяртай байдаг.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг мэдээллээр хахсан орчин цагт зөв мэдээллийг олох, олсон мэдээллээ хэрхэн өөртөө тохируулан зохицуулах, хэнээс хаанаас яаж туслалцаа авах гээд маш олон асуултуудыг зохистой, ёс зүйтэй сонсож, мэргэжлийн түвшинд тохирсон хариу өгч чадах мэргэжилтнүүд манайд хэд билээ? Мэргэжлийн түвшинд ажиллаж чадах хүмүүс ховор, тэднийг бэлдэх сургалт хязгаарлагдмал байгаа нь миний сэтгэлийг зовоож буй асуудлуудын нэг юм.
Карьераа хөгжүүлэх хүсэлтэй залууст хандан хэлэхэд мэдэхгүй, ойлгохгүй бүхнээ асуухаас бүү ай. Хаана ажлын боломж байна, хэн энэ ажлыг хийж байна, хэн өөрийн тань сурч буй чиглэлээр сурсан байна, тэд одоо юу хийж байна, хаана янз бүрийн үйл ажиллагаанууд болж байна, тэр бүхэнд идэвхтэй оролц, хий, үзээд алд. Хүн болгоны дотор хүсэл эрмэлзлийн гэрэл бий. Таных юу хийхэд асдаг вэ?
Миний хувьд карьер хөгжлийн үйлчилгээнээс суралцсан хамгийн үнэт санаа бол бусдын мөрөөдөлд өөрийгөө золиослохгүй байх. Ингэхийн тулд өөрөө өөрийгөө сайн мэддэг байх, юу хүсч байна үүнийгээ сайтар судалж, тууштай явж, өөрт өгөгдсөн орчин, соёл, боломжоо бүрэн ашиглаж чадах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.
Б.Халиун |”Үнэт” санхүүгийн нэгдлийн борлуулалтын сэтгэл судлаач|

Миний хувьд, Их сургуулийн II дамжаанд байхдаа “NUM Career”-ийн сургагч оюутан багшаар бэлтгэгдэн МУИС-ийн үе тэнгийн оюутнууддаа ажилд ороход шаардлагатай ур чадварын ганцаарчилсан зөвөлгөөг өгдөг байсан. Үүний дараагаас дадлага хийх, ажил хайхдаа ер түүртээгүй, харин ч давуу талтай болсон гэж боддог. Анх ажлын ярилцлагад дуудагдсан байгууллагадаа шуудхан тэнцээд л. Сайхан байгаа биз дээ.
Ер нь “Зориг” сангийн хөтөлбөр амьдралд маань нөлөөллөө элбэг тусгасан гэж боддог. Үүний нотолгоо нь уг хөтөлбөрт хамрагдах явцад танилын хүрээгээ тэлж чадсан явдал өдгөө ч надад тус болж байна.
Ажилд орсны дараа ч гэсэн мэдэхгүй, чадахгүй зүйлстэй бараг нүүр тулаагүй. Наанадаж л албан харилцаанд хэрэгцээтэй чухал ур чадваруудыг нь хэдийн эзэмшчихээд очсон учир төсөөлөл, ойлголтын хувьд ч хол зөрүү мэдрэгдэж байсангүй.
“Үнэт” санхүүгийн нэгдэлд анхлан ажиллах болсон маань Их сургуулийн IV дамжаанд байх үеэс эхлэлтэй явдал юм. Би МУИС-ийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Наймдугаар ангид байхдаа л энэ мэргэжлийг онцолж сонгосон л доо. Гэлээ ч нарийн судалгаа, тод төсөөлөлд үндэслэж ийн шийдэж байгаагүй, харин бага насны хүүхдийн гэнэн хүсэл мөрөөдөл л сэтгэл судлаач мэргэжлийг сонгоход хүргэсэн болов уу.
Тухайн үед арван жилийн сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгохоор мөнхүү хөтөлбөрийг туршиж байлаа. Тэгэхэд сэтгэл зүйчийн өрөөний үүдээр хүүхдүүд өдөржин оочирлож зогсох нь харагдсан юм. Түүнийг ажиглаж харчихаад л “Сэтгэл зүйч болбол олон хүүхдэд тусалж чадах юм байна” гэж бодсон л доо.
Өдгөө би борлуулалтын сэтгэл судлаачаар ажиллаж байна. Байгууллагынхаа маркетинг, борлуулалтыг сэтгэл судлалын онол, судалгаанд суурилсан байдлаар хэрхэн, яаж амжилттай үйл хэрэг болгоход төвлөрч ажилладаг гэсэн үг. Худалдан авагч, хэрэглэгч гэдэг үгний цаана “хүн” байдаг. Иймд, борлуулалтаа өсгөх, маркетингийн ажлаа аль болох олон хүнд хүргэхийн төлөө мэрийж байгаа албан газруудад хүн судлалын мэргэжилтнүүдийн нөлөөлөл бодитой тус хүргэдэг.
Сэтгэл судлалын ай савд хамаарах мэргэжлүүдээс манай улсад өдгөө хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа нь сургуулийн сэтгэл зүйч юм. Мөн албан байгууллагуудын тухайд, одоогоос л сэтгэл зүйчтэй хамтран ажиллахыг эрмэлзэх болж. Ингэж борлуулалт, маркетингийн ажилд сэтгэл судлаач нарыг оролцуулах болсон нь мөн л саяхнаас эхлэлтэй. Дотоодын байгууллагууд сэтгэл судлалын үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй байна. Тэгэхээр байгууллагын борлуулалт, маркетингийн ажилд борлуулалтын менежерээс гадна сэтгэл судлаачийг дайчлах нь ямар давуу талтай байдаг вэ гэдгийг ойлгуулж, түүчээлэх хариуцлагыг үүрч байгаа гэж боддог юм, би.
Миний хувьд аравдугаар ангид байхаасаа эхэлж, олон жилийн туршид цагийн ажил хийсэн. Ингэж суралцсан практик мэдлэгүүдээ зөөлөн ур чадварыг дэмжсэн сургалт, хөтөлбөрт хамрагдаж улам бататгах сан гэж эрмэлздэг байлаа. Ингэж практик болон онолын мэдлэгийг эн тэнцүү суралцвал аливааг бүрэн дүүрэн таньж ойлгоход өндөр үр ашигтай юм байна лээ.
Би Их сургуулиа төгсөхөөсөө өмнөх жил орчмын хугацаанд мэргэжлээрээ ажилласан учир жинхлэгдлээ гэхэд дорвитой өөрчлөлттэй нүүр тулахгүй болов уу гэж бодсон. Тэгтэл бүтэн цагаар ажиллахад сул цаг хугацаа гэж олдохоо болиод, түүнчлэн Их сургуулиа төгсөх дөхүүлээд өндөр ачаалалтай нүүр тулчихсан, багагүй хугацаанд ажил, амьдралынхаа тэнцвэрийг алдагдуулсан учир жинхлэгдсэнээсээ хойш бараг бүтэн сар хэртэй ажлаас халшрахад хүрч байгаа юм. Бүтэн цагаар ажиллах болчихоор найз нөхөдтэйгээ уулзах, хувийн сонирхолдоо тулхтай анхаарах цаггүй болчих шиг санагдсан. Өглөө сэрэх, ажил хийх гэдэг утгагүй болж эхэлсэн юм. Гэлээ ч өөрөө сэтгэл судлаач болохоор аргыг нь олоод энэ байдлаас гарч чадсан.
Өдгөө ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдал гэдэг хаа газрын амин чухал үзүүлэлт болоод байна. Тэгтэл шинэ төгсөгч нар энгийн хэр нь томоохон нөлөө бүхий зүйлстэй анх нүүр тулж, түүний талаар төсөөлөлгүй байдлаасаа үүдэн сэтгэл зүйн хямрал, асуудлуудыг биеэр мэдрэхэд хүрэх нь бий. Залууст зориулсан карьер хөгжлийг дэмнэх, ажлын зах зээлд бэлтгэх хөтөлбөрүүд нь энэ нөлөөллийг багасгах сайн талтай гэж боддог.
Танил хүмүүс хаа нэгтээ “Би чамд хувийн асуудлаа хуваалцаад зөвлөгөө авч болох юм уу” гэх нь бий. Сэтгэл судлаач мэргэжилтнүүд таньдаг хүмүүстээ зөвлөгөө өгч болдоггүй гэмтэй. Учир нь аль эртнээс тухайн хүнтэй дотно харилцаа үүсгэсэн байх учир мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөх нь зохисгүй явдал юм.
Г.Ариунзаяа |”Карьер Мастер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал|

Миний бие 17 жил хүний нөөцийн салбарт ажиллаж байгаа бөгөөд ажлын туршлага, нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн өөрийн компаниа байгуулаад 4 жил гаруй болж байна. Энэ хугацаанд мэргэжил сонголт, карьер зөвлөгөө, хувь хүний зан төлөв, сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөөнүүдийг өгдөг.
Карьер гэдэг ойлголтыг манайхан зөвхөн ажилтай холбоотой гэж хардаг бол ахиж дэвших гэсэн утга бүхий үг. Тэгэхээр Карьер зөвлөгөө маань өөрийгөө хөгжүүлэх, дараагийн түвшинд гарах хүсэлтэй бүх хүнд хамааралтай зөвлөгөө юм.
Ажил хайж байгаа хүмүүс юун дээр анхаарах шаардлагатай вэ?
1. ӨНДӨР ХҮЛЭЭЛТЭЭ БАГАСГА. Зарим залуучууд анхны ажлаа сонгохдоо хэт өндөр хүлээлт тавьж, өндөр цалинтай, төгс компани хайдаг. Түүнээс болж ажил хайж хугацаа алдах, орсон компани хүлээлттэй зөрөх, сорилт үүсэх бүрт халшрах зэргээс болж ажлаас гаралт их байна. Эхний ээлжид ажилтай болох тухайн ажлаасаа ажлын туршлагатай болох нь чухал. Мэдээж байгууллагын соёл нь хэт сул, асуудалтай биш л бол. Туршлага, ур чадвартай болсон цагт байгууллагаа сонгох, хүссэн цалин хангамжийн саналаа тохиролцож болно. Тэр болтол юу сурсан ч эрдэм. Өөрийн хувийн зохион байгуулалт, хүнтэй харилцах, хүнээс үг сонсох, ачааллыг даах, ажлаа гүйцэтгэх, үүрэг хариуцлагаа ухамсарладаг болсон цагт байгууллагадаа үнэлүүлэх, дараагийн түвшинд гарах боломж нээгдэнэ. Хүн залуу насанд хэдий чинээ өөрийгөө сорьж ачаалал авч ажиллана төдий чиний их зүйл сурна. Тамирчид маш их дасгал сургуулилт хийж байж бие мах бодь, сэтгэл зүйн хат сууж амжилт гаргадагтай адил.
2. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ. Биеийн хувьд, оюуны хувьд, сэтгэл зүйн хувьд. Биеийн хувьд нойр, хоол, дасгал хөдөлгөөн гээд хөгжүүлдэг. Оюуны хувьд өөрийн мэргэжил, ур чадвараа хөгжүүлдэг хэдий ч нийтлэгээрээ хаягдсан ур чадвар сэтгэл зүйн хөгжил байна. Иймээс нийт ажилтнуудын 86 хувьд ажлаас халшрах хам шинж илэрсэн судалгаа гарсан. Сэтгэл зүйгээ удирдах. Маш энгийнээр өөр дээрээ ажиллаж болно. Бэлтгэгдсэн сэтгэл зүй ажлыг амар хялбар болгодог.
3. Цаашлаад ажлаа солих өөрчлөх бол КАРЬЕРАА ТӨЛӨВЛӨ. Таваас дээш жил ажиллаад ирэхэд хүн өөрөө өөрийгөө мэддэг болоод ирдэг. Энэ ажлыг хийж чадаж байна уу, өөр ажил хийх хүсэл сонирхолтой байна уу, цаашид аль чиглэл рүү илүү мэргэшүүлбэл хаа хүрэх билээ гэдгээ тодорхойлох. Энэ үедээ мэргэжил төлөвлөлтөө дахин нэг бодож сурч хөгжих зүйлс байвал улам дэлгэрүүлж үзвэл боломжтой үе байдаг. Энэ үед ажлаа солиод үзэх хүсэл ч их төрдөг.
Хүний нөөцийн сонгон шалгаруулалт анкетын шалгаруулалтаас эхэлдэг. Иймд “Ажилтны анкет”-аа боловсруулах. Ажлын байрны платформ дээр мэдээллээ оруулж үүсгэх болон өөрөө бэлдэх гэх мэт олон сонголттой. Анкет бөглөхдөө анхаарах зүйлс нь 1/ бүрэн гүйцэд 2/ цаг хугацааны хувьд дараалсан 3/ үг үсгийн алдаагүй 4/мэдээллээ шинэчлэн бүрэн дүүрэн оруулах. Өөрийн мэдээлэл боловсролын байдал, ажлын туршлага, хийж гүйцэтгэж байсан томоохон ажлуудаа тодотгож дэлгэрэнгүй дурдсан байвал давуу тал болдог. Өөрийгөө мэргэшүүлж сурсан сургалт, дамжаа, өөрийн хобби гэх мэт. Хувь хүний анкетаас тухайн хүний Hard skill буюу ажлын туршлага, ур чадвар нь харагддаг.
Анкетын шатанд тэнцсэн ажилтантай дараагийн шат болох ажлын ярилцлага зохион байгуулдаг. Ярилцлагаас тухайн хүний Soft skill илүү харагддаг тул сэтгэл зүйгээ зөв удирдаж айж сандрахгүй, итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлэх нь чухал. Тухайн хүний харилцаа, биеийн хэлэмж, ярианы өнгө, үгийн сонголт нь нөгөө талдаа өөрийгөө ямар хандлага, харилцаа, зан төлөвтэй хүн бэ гэдгээ илэрхийлдэг. Ажлын ярилцлагын эхний 3 минут шийдвэр гаргалтад маш хүчтэй нөлөөлдөг учраас цаг барилт, өөрийгөө танилцуулах, хувцаслалт зэрэг энэ үеийг амжилттай даван туулах, ажилд орох магадлалыг нэмэгдүүлдэг.
Тэгвэл ажил олгогч нарт ямар зөвлөгөө хүргэх вэ?
2019 оноос хүний нөөцийн хомсдол үүссэн учир нийт байгууллагын 76 хувьд талент ажилтан дутагдалтай байсан гэсэн судалгаа гарсан. Тиймээс чадварлаг хүн олж авна мөн байгууллагын ажилтнуудаа тогтоон барина гэдэг нь түүнээс ч дутахгүй асуудал болоод байна. Өмнө нь ажил горилогч байгууллагаа сонгодог байсан бол одоо ажилтан ажил олгогч аль аль нь өөрт тохирохоо сонгодог болсон. Ажлын хэт ачаалал, удирдлагын арга барил муутай компаниуд руу орох ажил горилогч байхгүй болж шинэ соёл, уур амьсгалыг бий болгосон байгууллага руу ажил горилогчид ажилд орохыг илүүд үзэж байна.
Ажилтнаа ажиллах боломж нөхцөлөөр хангадаг, хөгжүүлдэг, хөдөлмөрийг үнэлдэг байгууллагад ажилтан илүү тогтвортой, илүү бүтээмжтэй өгөөжтэй ажиллаж байна.
Ажилтны сайн сайхан байдлыг хангасан хөтөлбөрүүд боловсруулж ажил амьдралын тэнцвэрийг хангаж, мөн ажилтны сэтгэл зүйн хэрэгцээнд чиглэсэн хөтөлбөрүүд үр дүн өндөртэй байна.
“Зориг” сангаас тухай бүр нийгэмд чиглэсэн маш үр өгөөжтэй хөтөлбөрүүд зарлаж түүнд нь манай байгууллага мөн хамтран оролцдог. Тухайлбал, МУИС-тай хамтран Карьер хөгжлийн үйлчилгээг мөнхүү сургууль дээр тогтворжуулах нь цагаа олсон ажил. Манай компани МУИС-ийн карьер зөвлөхүүдтэй уулзаж сургалт чиглүүлэг өгөх, төгсөгчдөд ажлын ярилцлагад ороход нь анхаарах зүйлс гэх мэт сургалт орж байсан.
Ажил хайгаад тохирох ажлаа олж чадахгүй байгаа хүмүүст хандан зөвлөхөд карьер зөвлөхтэй хамтарч ажиллахыг санал болгоё. Ингэснээр ажилд тэнцэхгүй байгаа шалтгааны талаар мэдэж, улмаар алдаа, дутагдалтай зүйлсээ засаж сайжруулах замаар богино хугацаанд тохирсон ажлаа олох бололцоо ч нээгдэнэ.