Монгол Улсын Их Сургууль нь суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлд амжилттай өрсөлдөх чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор карьер хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн оюутнуудад чиглээд зогсохгүй байгууллагууд, ажил олгогчдод хамтын ажиллагааны өргөн боломжийг нээж өгдөг. Иймд байгууллагууд хамтран ажиллаж болох 6 боломжийг танилцуулж байна.

Дадлага, ажлын байрны хөтөлбөр
Байгууллагууд өөрийн ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол дадлага, ажлын байрны хөтөлбөрт оюутнуудыг хамруулах явдал юм. Салбар бүрийн чадварлаг оюутнуудыг богино болон урт хугацааны дадлагад хамруулж, ажлын орчинд туршлагажуулах, дадлага хийсэн шилдэг оюутнуудаас ирээдүйн ажилтнаа сонгох давуу тал бий.

Ажил олгогчийн өдөрлөг, нээлттэй уулзалт
МУИС-д жил бүр зохион байгуулагддаг “Орлоготой оюутан – цагийн ажлын байрны өдөрлөг”, мөн “Job Fair – байнгын ажлын байрны өдөрлөг”-өөр дамжуулан байгууллагууд өөрийн үйл ажиллагааг танилцуулж, оюутнуудад ажлын байр болон дадлагын боломж санал болгодог.
Мөн сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Career Day” арга хэмжээнд оролцсоноор байгууллагууд салбарынхаа бодит туршлага, амжилтын түүхийг хуваалцаж, оюутнуудад ойр хүрч харилцах, ирээдүйн ажилтнуудтайгаа эртнээс танилцах боломжтой.

Байнгын түншлэл, дэмжигч байгууллага болох
МУИС-ийн карьер хөгжлийн үйл ажиллагааг дэмжигч байгууллага болсноор оюутнуудтай тогтмол харилцах, шинэ боловсон хүчин болон дадлагажигчдыг татах боломж нээгдэнэ.
Мөн хамтран зохион байгуулагдах арга хэмжээнүүдээр дамжуулан байгууллагын нэр хүндийг өсгөж, залууст өөрийн брэндийг таниулах, боловсролын салбарт чиглэсэн санаачилгуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой.

Ур чадварын сургалт, семинар
Байгууллагууд өөрийн салбарын онцлогт нийцсэн сургалт, семинар, мастер-класс зохион байгуулснаар оюутнуудад бодит мэдлэг, ур чадвар олгохоос гадна байгууллагын брэндийг залууст шууд хүргэх давуу талтай.
Жишээлбэл, “Mock Interview Day” арга хэмжээг зохион байгуулж, байгууллагын мэргэжилтнүүд оюутнуудад туршилтын ярилцлага авч зөвлөгөө өгөх нь оюутнуудад үнэтэй туршлага болохын зэрэгцээ байгууллагыг сонирхолтой байдлаар таниулах боломж олгодог

Судалгаа, зөвлөх үйлчилгээ
МУИС-ийн карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, оюутнуудын мэргэжлийн чиг баримжаа болон ур чадварын түвшний талаарх судалгаа хийх боломжтой.
Эдгээр судалгааны үр дүнг байгууллага хүний нөөцийн бодлогоо сайжруулах, цаашдын ажиллах хүчний хэрэгцээгээ зөв төлөвлөхөд ашиглаж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно.

“Shadowing Program” ба мentorship хөтөлбөр
Shadowing Program-ын хүрээнд оюутнууд байгууллагын мэргэжилтнийг ажлын байран дээр нь нэг өдрөөр дагаж ажилласнаар тухайн салбарын бодит орчин, өдөр тутмын үйл ажиллагааг мэдрэх боломжтой.
Мөн байгууллагын туршлагатай ажилтнууд оюутнуудад зөвлөгөө өгч, урт хугацааны Mentorship харилцаа үүсгэснээр байгууллага зөвхөн өөрийн брэндийг сурталчлаад зогсохгүй, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх стратегийн ач холбогдлыг бий болгодог.
Ийнхүү хамтран ажилласнаар байгууллагууд МУИС-ийн чадварлаг оюутан, төгсөгчидтэй шууд харилцах, хүний нөөцийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх өргөн боломжтой.
