UBLife Logo
АЛХАМ 2.0

АЛХАМ 2.0 | Карьер хөгжлийн үйлчилгээний талаарх таны ЗААВАЛ мэдэх ёстой 8 БАРИМТ

АЛХАМ 2.0 | Карьер хөгжлийн үйлчилгээний талаарх таны ЗААВАЛ мэдэх ёстой 8 БАРИМТ

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна.

Оюутан залууст зориулсан карьер хөгжлийн үйлчилгээ олон биш. Их сургуулиа төгсөөд ажлын талбарт гарна гэдэг амьдралын өөр нэгэн бүлгийг шинээр бичиж байгаа мэт. Энэхүү шинэ бүлгийг эхлэхэд олон мэдэхгүй зүйл  тулгарах нь гарцаагүй. Энэ л шинэ бүлэг рүү ороход тусалж, зөвлөх нэгэн байна гэдэг юутай сайхан. Ийм л үйлчилгээг оюутан залууст үзүүлсээр ирсэн Монгол Улсын Их Сургуулийн “NUM CAREER CLUB” карьер хөгжлийн үйлчилгээний талаарх таны мэдэх ёстой найман фактыг хүргэж байна.


1. 2024 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ШИНЭХЭН КЛУБ

Зориг сангаас хэрэгжүүлдэг “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Лоринэт Сангийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээг түшиглэн 2024 онд “NUM CAREER CLUB“ нь үүсгэн байгуулагджээ. Хамгийн анхны элсэлтээр 30 гаруй гишүүдийг шалгаруулж авч байсан түүхтэй. 


2.ШИНЭ ГИШҮҮН БҮР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДДАГ

“NUM CAREER CLUB” нь шинэ гишүүдээ шалгаруулан авахдаа багаар ажиллах чадварыг гол шалгуураа болгодог байна. Шалгарсан гишүүд юун түрүүнд Зориг Сантай гэрээ байгуулна. Мөн хоёроос гурван сарын чадавхжуулах сургалтад хамрагдаж, практик дадлага хийнэ. Ингэснээр тэд карьер хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх эрхтэй болдог ажээ. 


3.ЦАЛИНЖИХ БОЛОМЖТОЙ

“NUM CAREER CLUB”-ийн гишүүн болох нь олон давуу талтай. Хамгийн том давуу талуудын нэг нь орлогын эх үүсвэртэй болох боломж. Оюутнуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч, өдөрлөг арга хэмжээнүүдэд оролцсоноор гишүүн бүр тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал авдаг байна.


4.“NUM CAREER CLUB”-ИЙН ГИШҮҮД ГУРВАН БАГТ ХУВААГДАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ

“NUM CAREER CLUB” нь гурван багаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. Үүнд: 

  • Маркетингийн баг

  • Гадаад үйл ажиллагаа хариуцсан баг

  • Дотоод үйл ажиллагаа хариуцсан баг багтана. 

Маркетингийн багийн гишүүд сошиал хуудсыг хөтлөх, постер, рийл бэлтгэх үүрэгтэй. Харин дотоод үйл ажиллагаа хариуцсан баг гишүүдийн хичээлийн хуваарьт тохируулан зөвлөгөөний цагийн хуваарийг гаргах, гишүүдийн уулзалтыг зохион байгуулах зэрэг клубийн дотоод үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйлийг хариуцна. Гадаад үйл ажиллагаа хариуцсан багийн гишүүд хамтрагч байгууллагуудтай харилцаж, өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулах, HR өдөрлөгүүдэд оролцож клубээ танилцуулах зэрэг үйл ажиллагаануудыг хариуцна. Зохион байгуулалт сайтай байгаа биз?


5.АНХНЫ ДОЛОО

Х.Хулан, О.Энхжин, Б.Анужин, Д.Саруул, О.Цацрал, А.Анударь, Б.Маралмаа

“NUM CAREER CLUB”-ийн анхны долоон гишүүнтэй танилц. Х.Хулан, О.Энхжин, Б.Анужин, Д.Саруул, О.Цацрал, А.Анударь, Б.Маралмаа гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр клубийн үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Амжилттайгаар 300 гаруй оюутанд карьер хөгжлийн үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын Их Сургуулийн карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран “Job Fair”, “Sip&Cv”, “Field trip” зэрэг өдөрлөгүүдийг амжилттайгаар зохион байгуулаад байна.


6.2024 ОНД 324 ОЮУТАНД ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН

Энэхүү клуб нь карьер хөгжлийн олон үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 

  • CV бичих

  • Карьер хөгжлийн зөвлөгөө өгөх

  • Linkedin хаяг нээх

  • Ажлын ярилцлагад бэлдэх

  • Албан мэйл бичих

  • “Soft skill” буюу зөөлөн ур чадвараа хөгжүүлэх

  • Дадлагын ажлын байранд зуучлах

  • Тэтгэлэг, нээлттэй ажлын байрны талаарх мэдээлэл хүргэх зэрэг үйлчилгээнүүд багтана. 

2024 оны байдлаар тэд нийт 324 оюутанд ганцаарчилсан зөвлөгөөг амжилттайгаар өгч, Монгол Улсын Их Сургуулийн карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран “Job Fair”, “Sip&Cv”, “Field trip” зэрэг өдөрлөгүүдийг зохион байгуулжээ.


7.КАРЬЕР ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ӨРӨӨ БОХТ-ЫН 304 ТООТ

Та “NUM CAREER CLUB”-аас зөвлөгөө авахыг хүсвэл эхлээд дараах линкээр нэвтэрч зөвлөгөөний цаг авах шаардлагатай.  Өөрийн боломжтой цагийг сонгон, ямар шалтгаанаар зөвлөгөө авах гэж буйгаа товч, тодорхой бичнэ.

Зөвлөгөөний цаг авсан бол хоцролгүй Багш Оюутан Хөгжлийн төвийн 304 тоотыг зорин очоорой. Танд хэрэгтэй зөвлөгөө өгөх нь гарцаагүй. 


8.ТЭД АЖИЛ ОЛГОГЧ БА ОЮУТАН ЗАЛУУСЫГ ХОЛБОГЧ ГҮҮР БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

“NUM CAREER CLUB” нь ирэх жилүүдэд ажил олгогч ба оюутан залуусыг холбогч гүүр болохоор зорьж байгаа бөгөөд оюутан залуус ажилд ороход зайлшгүй шаардлагатай “soft skill“ буюу зөөлөн ур чадварыг эзэмшихэд илүүтэйгээр анхааран ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.