Сүүлийн үед Хятадад цуврал кино их үздэг, хийдэг болсон билээ. Ихэнх кино хайр дурлалын сэдэвтэй ч бараг бүх кинонд “маш хатуу, чанга, харгис компанийн захирал” гарч байгаа нь нийтийн сэтгэлийг түгшээж байгаа ажээ. Муу захирлаа ялан дийлж байгаа гол баатрыг хараад үзэгчид баярлан, хөөрдөг ч эсрэгээрээ уурлах хүн цөөнгүй гарч ирсэн байна. Магадгүй өөрсдөө захирал байх зарим үзэгч энэ талаар холбогдох байгууллагад гомдол гаргаснаар Бүх Хятадын радио, телевизийн асуудал эрхэлсэн хорооноос шалгаж үзжээ.
Ингээд тус хороо хэвлэлийн бага хурал хийлгэж, дахин ийм контент хийхийг хориглох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Мэдэгдэлд “Хорон санаат захирал төдийгүй хэт сүржин киноны нэр, хэт хуурмаг дүрүүдтэй чанаргүй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахгүй. Зохиол муутай тул юм л бол гэнэн цайлган охин, муу санаатай компанийн захирал гардаг болжээ. Энэ нь үзэгчдэд таалагдахгүй байна. Бид цуврал киноны шинэ стандарт тогтооно. Ингэснээр чанар сайжрах юм. Цуврал киноны зах зээл 50 тэрбум юаньд хүрээд байна. Энэ том зах зээлээ хамгаална” гэж дурджээ.