Багш нар цалингаа нэмүүлэх тухай шаардлагаа өнгөрсөн сарын сүүлчээр тавьж, холбогдох яамны сайддаа гардуулан өгсөн. Гэвч одоог хүртэл дорвитой хариу хүлээн аваагүй тул энэ сарын 5-наас эхлэн Төв талбайд суулт хийж, Засгийн газрын ордныг гороолж буй.
Хэрвээ уг тайван жагсаал үр дүнд хүрэхгүй бол энэ сарын 13 буюу ирэх даваа гарагаас эхлэн улс даяар ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдсэн юм.
Түүнчлэн энэ асуудалтай зэрэгцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, маргааш буюу аравдугаар сарын 9-ний өдөр 10 мянга гаруй эмч Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр төлөвлөснөө дуулгасан. Мөн уг жагсаал тодорхой үр дүнд хүрэхгүй бол эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
Ингээд багш нарын жагсаалд оролцогчдын сэтгэгдлийг хуваалцаж байна.



“Би 7 жилийн өмнө багшаар ажиллаж эхэлхэд 600 мянган төгрөгийн цалинтай байсан. Татвар шимтгэлээ төлөөд гар дээрээ 350 мянга орчим төгрөг авдаг байлаа. Одоо арай дээр болсон ч гэсэн банкны зээл, лизингээ төлөөд хоолноосоо хэтрэхгүй амьдарч байна. Надад хуримтлал, хадгаламж байхгүй. Өглөө 07:40-өөс оройн 18, 19 цаг хүртэл арав гаруй цаг ажилладаг. Шаардлагатай бол амралтын өдрүүдэд ч сургуулиас зохион байгуулж буй тэмцээн, уралдаан, үйл ажиллагаанд сурагчидтайгаа оролцдог. Хувийн амьдрал ч орхигддог. Дээр нь мэргэжилд минь нийгмийн баталгаа алга. Бид цөхөрч байна” гэв.

“Нэг ангид 30-аас дээш сурагч байвал ачаалал хэтэрч байна гэж үздэг ч бодит байдал дээр 50-60 сурагч нэг ангид хичээллэж байна. Би залуу багш, гэр бүлтэй. 1.1 сая төгрөгийн цалинтай. Түрээсийн байранд амьдардаг байхад төлбөр нь гэхэд л ийм хэмжээний байсан. Багш нар ийм хэмжээний цалингаар амьдардаг байсан гэж бодохоор үнэхээр гайхаж байна. Авдаг цалин маань амьдралд минь хүрдэггүй” гэлээ.

“Цэцэрлэгийн туслах багшийн цалин 1.2 сая төгрөг байдаг. Татвар, даатгалаа төлөөд 940 мянган төгрөгийг гар дээрээ авдаг. Зээлэнд гэхэд найман зуун мянган төгрөг төлдөг. Үлдсэн 100 мянган төгрөг нь тог цахилгааны төлбөртөө ч хүрэхгүй байна. Цалингаа нэмүүлж энэ жагсаал, суулт үр дүнтэй болж байвал гадаа суух, даарах нь хамаагүй” гэсэн.
Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй тус жагсаал одоогоор дөрвөн өдөр үргэлжлээд байна.
Сурвалжилсан: Б.Ариунзаяа