1995 оноос хойш 2018 оныг хүртэл 23 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан ‘’Victoria’s Secret’’ загварын шоу таван жил завсарлага авснаар 2024 онд эргэн ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн загварын шоу аравдугаар сарын 15-нд уламжлал ёсоор Нью-Йорк хотноо зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн гол “сахиусан тэнгэрүүд” хэн байх вэ?

“Victoria’s Secret” загварын шоуны амин сүнс нь сахиусан тэнгэрүүд гэгддэг үзэсгэлэнт загвар өмсөгчид. Энэ жилийн шоуны анхны танилцуулга сурталчилгаанд Адриана Лима, Анок Яай, Алекс Консани, Лили Алриж зэрэг загвар өмсөгчид оролцсон. Загварын шоу 2019 оноос хойш түр завсарлах болсон шалтгаануудын нэг нь зөвхөн өндөр, гоолиг туранхай загвар өмсөгчдийг л оролцуулдаг, нийгмийн олон бүлгийн төлөөллөөс шоундаа оролцуулдаггүй гэх олон нийтийн шүүмжлэл юм. 2024 онд шоу эргэн ирэхдээ анх удаа трансжендер загвар өмсөгч Алекс Консани, плас-сайз загвар өмсөгчдийн төлөөллийг шоундаа оролцуулсан билээ.

Энэ жил мөн Америкийн үндэсний эмэгтэй сагсан бөмбөгийн багийн тоглолч Анжел Рийс сахиусан тэнгэрийн хувиар шоунд оролцохоор болжээ.

Ямар уран бүтээлчид үзүүлбэрээ үзүүлэх вэ?
Энэ жилийн шоунд үзүүлбэрээ үзүүлэх уран бүтээлчдийг хоёр хоногийн өмнө албан ёсоор зарласан юм. Өмнөд Солонгосын алдарт Twice охидын хамтлаг, поп од Мэдисон Бийр, Латин Америкийн дуучин Кэрол Жи, алдарт реппер Мисси Эллиот нар энэ жилийн шоуны тайзнаа гарах нь. Twice хамтлагийн хувьд ‘’Victoria’s Secret’’ шоунд үзүүлбэр үзүүлэхээр болсон анхны ази охидын хамтлаг болж байна.

Өмнө нь 2007 оны шоуны үеэр Их Британийн алдарт Spice Girls хамтлаг үзүүлбэрээ үзүүлж байсан юм.

Хаанаас үзэх вэ?
Загварын шоу ирэх долоо хоногийн лхагва гарагт 19:00 цагт шууд дамжуулагдана. Amazon Live болон ТикТок, YouTube платформуудаас мөн шууд дамжуулалтыг үзэх боломжтой. Тус шоуг анх 2001 онд Америкийн ABC телевиз шууд дамжуулж байсан бол 2002-2017 оны хооронд CBS телевиз, сүүлчийн 2018 онд болсон шоуг ABC телевиз хүргэж байсан. Мөн Нью-Йорк хотын Плаза зочид буудал, Таймс Скүэрийн том дэлгэцээр шоуны шууд дамжуулалт гардаг уламжлалтай.
Өмнө нь тус шоун дээр танилцуулагдсан загварууд ихэвчлэн худалдаанд гардаггүй, брэндийн урын санд хадгалагдаж үлддэг байсан бол өнгөрсөн жилийн шоунаас эхлэн цаашид шоунд танилцуулагдсан загваруудыг худалдаж авах боломжтой болсон юм.