UBLife Logo
Спорт

Майдар Nocries: Буриадын далбаа байгаагүй болохоор Монголын далбааг сонгосон

Майдар Nocries: Буриадын далбаа байгаагүй болохоор Монголын далбааг сонгосон

Сүүлийн үед цахим спортын талбарт тун нэрд гараад байгаа буриад залуу Майдар буюу Nocries. Faceit оффист дуудагдаж шалгуулсан, Хойд Америкийн чансааг тэргүүлсэн гээд Майдарын талаар ярих юм олон. Гэхдээ хувийн амьдралынх нь мэдээ бараг байгаагүй. Харин энэ удаад тэрээр Оросын хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

-Майдар Балданов, чи Буриадад төрж, одоо АНУ-д амьдарч байна. Харин Монголын далбаатай тоглох юм. Яаж Америкт очсон талаараа ярьж өгөөч. Маш сонирхолтой байна.

-Би Америкт сургуульд сурах гэж ирсэн. Буриадад төрсөн, АНУ-д болосврол эзэмшихийг хүссэн юм. Faceit-д Буриадын далбаа байгаагүй болохоор Монголын далбааг сонгосон. Сүлд нь яг Буриадынхтай адилхан. Тэгээд ч майнхан Монголтой холбоотой болохоор Монголыг сонгож байлаа. Орос тоглогчдын бараг тал хувь нь Японыг сонгодог гээд бод доо.

-Ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

- Програм хангамжийн инженерчлэл. Program Engineering.

-Ярилцлага хийхээр бэлтгэж байхдаа би чиний Faceit профайлыг үзлээ. Чи өнгөрсөн жилийн есдүгээр сарын сүүл хүртэл Европын серверүүдэд их идэвхтэй тоглож байжээ. Харин 2025 оны зунаас Америкт гарч ирсэн байна. Энэ хооронд CS тоглосон уу?

- CS тоглоогүй. Би АНУ-д нүүгээд, их сургуульд орж, шалгалт өгч байсан. Байраа зарчихсан, эхлээд надад компьютер ч байгаагүй. Есдүгээр сарын сүүл хүртэл тоглоод, зараад, Америкт ирсэн юм. Саяхнаас л дахин тоглож эхэлж байна.

- CS-д чи 8 мянган цагтай юм байна.

-10-11 мянган цаг байх ёстой. Faceit-д би 2022 оноос тоглож эхэлсэн. Гэхдээ заримдаа хаяад алга болчихдог байлаа.

-Саяхан чиний хуурамч ярилцлага сүлжээгээр тарлаа. Яаж мэдэв? Үнэхээр хуурамч гэж үү?

-Надад тэр ярилцлагыг нэг нь илгээсэн. Би “Үгүй, би биш” гэж л хэлсэн. Ярилцлагыг бичсэн редактортай ярьсан чинь тэр “Уучлаарай. Мэдээллээ шалгаагүй юм” гэж байсан. Шал өөр хүнтэй ярьсан байлаа. Ингээд тэр нийтлэлээ устгасан. Бүх юм окэй. Ийм юм байх.

-Америкт тоглогчдын түвшин муу болохоор чамайг тэнд очоод их дээгүүр жагсдаг болсон гэж ярьж байна.

-Туршлага бага болохоор аль нь сайн, аль нь муу гэж хэлж чадахгүй байна. Надад тоглоход амар болсон гэж л хэлье. АНУ-д буудах, тоглоход амар гэж байгаа хүмүүс өөрсдөө энд ирээд тоглоод үзэх хэрэгтэй.

-Тоглогчдын сэтгэл зүйн ялгаа байгаа юу?

-Энэ бол байгаа шүү. Америкчууд, европчууд угаасаа л өөр хүмүүс шүү дээ. Соёл, заншил өөр. Тийм болохоор бүх зүйл нь өөр. АНУ-д хүмүүс өөрөөр тоглодог. Европт юу ч хийхийг хүсэхгүй, гүйгээд л байдаг хүмүүс байдаг. Харин энд хүмүүс их хичээдэг. Гар нийлэх тал дээр л дутагдалтай.

-Faceit компанийн оффист шалгалтад орсон талаараа яриач.

-Тэд намайг шалгах гэж ирээгүй, миний тоглолтыг бусдад харуулах гэж ирсэн гэж хэлбэл илүү дээр байх. Тэд тэгж хэлсэн. Хэрэв тэд шоронд байгаа юм шиг шалгалтаар ирсэн бол сайн зүйл болохгүй байсан. Би эвгүй байдалд орно шүү дээ. Харин тэд мэргэжлийн хүмүүс байлаа, намайг тухгүй байдалд оруулахгүй гэж хичээсэн. Оффист дуудахаасаа өмнө миний бэкграундийг шалгасан. Миний хуучин аккаунтуудыг шалгасан. Ер нь бараг гар аргаар шалгасан гэхэд болно. Би бүх асуултад нь хариулж, хамтран ажилласан.

-Ямар асуултууд тавьж байна?

-Яагаад завсарласан, хэдэн аккаунттай, хэдэн жил тоглосон бэ гэх мэт. Намайг цэвэр эсэхийг шалгахад ийм асуултууд хэрэгтэй байсан гэсэн. Би цэвэр гэдгээ мэдэж байгаа болохоор илэн далангүй ярилцсан. Тун нөхөрсөг шалгалт байсан.

-Ямар нэг дарамт байгаагүй юу? Шалгалтад муу тогловол бүгд читер гэх болно шүү дээ.

- Мэдээж тийм бодол орж ирж байсан. Гэхдээ шинэ газарт, шинэ ком дээр тоглосон болохоор муу тоглолоо гэж хэлж болох юм байна гэдэг бодол тайвшруулсан. Харин тэнд ёстой сайн тоглосондоо өөрөө ч гайхсан. Гэрт байхаасаа илүү тоглосон гэж байгаа.

-Олон багаас санал хүлээн авсан уу?

-Одоогийн байдлаар гурван баг.

-Шилдэг 30 багаас байгаа юу?

- ESL Pro League сүүлийн тэмцээнд оролцсон багаас хүлээн авсан.

-Сэтгэл хөдөлж, сандарч байна уу? Фейсит, цахим спорт хоёр огт өөр зүйл гэж мэргэжлийн тамирчин ярьж байхыг би сонссон.

-Догдлол байна. Шал өөр тоглолт гэдгийг ойлгож байна. Бэлтгэлээ хийхэд бүх юм сайхан болно гэж мэдэж байгаа. Уншигчдадаа хэлэхэд боломжгүй юм гэж байхгүй. Зорилгодоо бага багаар, чимээгүйхэн дөхөж байхад бүх зүйл бүтнэ.

-Чи хичээлийнхээ хажуугаар мэргэжлийн багт тоглох гэж байна уу?

- CS тоглохыг л хүсэж байна.

-Сүүлийн үед чи хэт алдаршлаа. Алдар хүндэд бэлэн байв уу?

-Үнэнийг хэлэхэд огт бэлэн биш байсан. Тоглолт болгоны дараа муулуулж, шүүмжлүүлдэг боллоо. Энэ бас л алдар хүндийн нэг тал нь байх. Ер нь бол их сонин мэдрэмж төрж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.