UBLife Logo
Спорт

Сүмогийн төлөө амиа зориулсан Таманоүми аваргын дурсгалыг хүндэтгэлээ

Сүмогийн төлөө амиа зориулсан Таманоүми аваргын дурсгалыг хүндэтгэлээ

Мэргэжлийн сүмогийн 51 дэх ёкозүна Таманоүми 1971 оны аравдугаар сарын 11-нд 27 настай, цэл залуудаа харамсалтайгаар нас барсан билээ. Аравдугаар сарын 11-нд Аичи мужийн Гамагори хотын Тэнкэйин сүм дэх шарил дээр нь аваргын дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Энэхүү ёслолыг Таманоүмигийн дунд сургуулийн андуудын байгуулсан “51 дэх ёкозүна Таманоүмиг дурсах” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг юм.

1971 оны долоодугаар сарын тэмцээнд 15 даваатай түрүүлсэн Таманоүми Зуны тойргийн барилдааны үеэр мухар олгойн хурц үрэвсэл болж, чөлөө авсан ч бие нь сайжирсангүй. Эмч нар яаралтай мэс засалд ор гэж шахлаа. Гэвч Таманоүми “Хэрэв мэс засал хийлгэвэл, Намрын тэмцээнд орж чадахгүй. Энэ нь ёкозүна цолтны үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Мөн Намрын тэмцээний дараа Тайхо аваргын зодог тайлах ёслолын барилдаантай. Энэ ёслолд ч ёкозүна хүний хувьд оролцох ёстой” гээд татгалзжээ. Ингээд өвчин намдаагч тарьсаар Намрын тэмцээнд зодоглож, хавиргаа хугалсан ч 12 давж чадлаа. Энэ нь түүний хувь заяаг шийдсэн гэхэд болно. 

Аравдугаар сарын 2-нд Тайхо аваргын сүүлийн дохёнд гарах ёслолд сэлэм баригчийн үүрэг гүйцэтгээд маргааш нь болсон Асасэгавагийн зодог тайлах барилдаанд мөн гарлаа. Энэ ёслолд оролцоод шууд эмнэлэг явж, мэс засалд орсон ч хэвлийн хөндийн үрэвсэл гэж оношлогдон, биеийн байдал хүнд байсан байна. Гэхдээ хагалгаа амжилттай болж, 12-ны өдөр эмнэлгээс гарах ёстой байв. 11 дүгээр сарын тэмцээнд барилдах эсэх нь мэдэгдэхгүй байсан ч “Эмнэлгээс гараад шууд бэлтгэл хийж чадахгүй байх. Гэхдээ тойргийн барилдаанд заавал оролцож, ядаж мэндчилгээ хийхгүй бол болохгүй” гэж ярьж байжээ. Харамсалтай нь 11-ний өдрийн 11 цагийн орчим нүүр гараа угаагаад ирэхдээ гэнэт цээжээ даран унасан байна. Эмч нарыг ирэхэд царай нь хөхөрч, ухаангүй байсан бөгөөд аврахаар оролдсон ч 11,30 цагт нас баржээ. Амьсгал хураан хураатлаа ёкозүнагийн үүрэг, хариуцлага гэж байсан Таманоүми аваргыг Японы Засгийн газраас Ариун эрдэнэсийн одонгоор нэхэн шагнасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.