Энэ сарын 15-19-нд Английн Лондон хотод мэргэжлийн сүмо бөхийн аялан тоглолт болно. Энэ жил Японы сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоороо ийнхүү англи бөхийн хорхойтнуудтайгаа уулзахаар болжээ. Сүмочид хамгийн сүүлд гадаадад үзүүлэх тоглолт хийсэн нь 2005 оны АНУ-ын Лас Вегас башё байлаа. Ийнхүү 20 жилийн дараа сүмочид гадаад оронд өрсөлдөх болж байна.
Гадаад оронд явагддаг башёг гадаад орны урилгаар зохион байгуулдаг бөгөөд ихэнх тохиолдолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан явагддаг. Лондонд өмнө нь 1991 онд аялан тоглолт болж байсан билээ. Лондон хотын “Royal Albert Hall”-д явагдах тус аялан тоглолтод дээд зиндааны бөхчүүд өрсөлдөнө. Нийт таван өдрийн барилдааны нийлбэр дүнгээр аваргаа шалгаруулах юм. Озэки Котозакүра гэмтлийн улмаас явж чадсангүй.

Ёкозүна Ооносато “Ёкозүна хүний ажил, албан үүргээ ягштал биелүүлж, туршлага хуримтлуулаад ирэх болно. Англиар үг хэлэх юм гэсэн. Үг хэлэх бэлтгэлээ Англид очсон хойноо хийнэ. Лондон их сэрүүхэн байна”

Ёкозүна Хоошёорюү “Ёкозүна хүний хувьд их том хариуцлагатай тэмцээн. Энэ бол ёстой мэргэжлийн сүмо юм байна гэдгийг харуулмаар байна. Анх удаагаа Лондонд ирсэн гоё байна. Их сайхан улс юм. Олон юм үзмээр байна. Энд ёкозүна дохёнд гарах ёслол үйлдэх болсондоо сэтгэл их хөдөлж байна”

Сэкивакэ Киришима “Удаан нисэх байх гэсэн чинь бодсоноос хөгжилтэй яваад хүрээд ирлээ. Манай Монголтой адилхан сэрүүн байна. Анх удаагаа Англид ирж байна”

Комүсүби Аонишики “Гадаадын хүмүүст сүмо бөхийг таниулж, сонирхолтой талыг нь сурталчлах бодолтой. Бүгд сүмод дуртай болбол их баярлана”