UBLife Logo
Дэлхий

Ачтанаа мартдаггүй оцон шувуу

Ачтанаа мартдаггүй оцон шувуу

2011 онд Бразилын Рио де Жанейро хотын ойролцоох эргээс Жоао Перейра де Соуза хэмээх 71 настай, тоосгочин хийж байгаад тэтгэвэртээ гарсан, хааяадаа далайд гарч загас барьдаг бразил эр нэгэн оцон шувууг олжээ.

Нефьтийн тосонд битүү арьс өд нь  бүрхэгдэн хордсон, сэлэх бүү хэл явах ямар ч хүч чадал, тэнхээгүй болсон, үхэх нь тодорхой байсан тэр оцон шувууг Жоао гэртээ авчирж, цэвэрлэн, хооллож амь насыг нь аварчээ. Оцон шувуундаа Диндим (Жоаогийн ач хүүгийн нэр) гэдэг нэр өгч, өдөр бүр шинэ загасаар хооллож байлаа. Диндим бол Өмнөт Америкийн далайд нүүдэллэн сэлж амьдардаг, Аргентин, Чили, Бразилын эрэг хавиар нутагладаг, 60-75 см орчим өндөртэй, 2,7-6,5 кг жинтэй, 25-30 орчим насалдаг,  оцон шувууны овгийн нэгэн зүйл болох Магелланы оцон шувуу юм.

Жоао байгальд амьдрах хүч чадалтай, эрүүл саруул болтол нь бараг нэг жил Диндимыг гэртээ асраад эх далайд нь буцаан тавьжээ. Гайхалтай нь жилийн дараа Диндим Жоао дээр буцан ирсэн байна.

Амийг нь аварсан ачтан Жоаог жаахан Диндим мартсангүй, түүн дээр эргэн ирээд хамтдаа найман сарыг өнгөрүүлсний дараа өөрийн байнга амьдардаг байгалийн  нутаг Аргентины Патагониа орчмын далай руу ижил сүрэг рүүгээ буцаад явжээ. Жоаогийн амьдрах тосгон, Диндимийн амьдрах далайн эрэг хоорондоо 5000 гаран миль буюу 8000 гарай километр зайтай. Ийм хол урт, хэцүү замыг туулж, огтхон ч төөрөлгүй шууд Жоао дээр жил болгоны зургадугаар сард Диндим ирдэг, ачтантайгаа хэдэн сарыг өнгөрүүлдэг нь халуун дулаан нөхөрлөл,үнэнч зан чанар, гайхамшигтай ой санамжийн үлгэрийн мэт түүх юм.

Энэхүү хэний ч сэтгэлийг хөдөлгөх, "хүрэл зүрхийг ч" хайлуулах бодит түүхээр Бразилын продюсер, кино найруулагч, кино зохиолч Дэвид Шурманн 2024 онд "My Penguin Friend" нэртэй баримтат уран сайхны кино бүтээсэн байна.

Мөн 2025 онд хүүхдийн уран зохиолч Алэйн Кэй Кристиан Жоао Диндим нарын түүхээр "An Old man and His Penguin" ном бичжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр Жоао өдгөө 85 настай энх тунх амьдарч буй бөгөөд Диндим 2012-2018 он хүртэл жил бүр Жоао дээр ирээд 2018 оноос хойш дахин ирээгүй гэнэ.

Магадгүй Диндим өөрийн гэсэн гэр бүлтэй болж, эсвэл ямар нэг золгүй байдлаар амь насаа алдсан байж магадгүй гэж байгаль судлаачид үздэг ч Жоао нэг л нартай өдөр Диндим урьдын  адил холоос өөрийг нь харан таньж, баярлан далавчаа дэлгэн дуу шуутай гүйн ирнэ гэж хүлээсээр...

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.