Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо хүртлээ. Шагнал олгох хорооны мэдэгдэлд “Венесуэлийн ард түмний төлөөх мятаршгүй тэмцэл, дарангуйллаас ардчилалд шударга, энх тайван замаар шилжихийг уриалсан үйл хэрэгт нь энэхүү шагналыг олголоо” гэж дурджээ.
Мария Корина Мачадо 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс цор ганцаараа нэр дэвшсэн ч Засгийн газраас түүнд хориг тавьсан. Мачадо сөрөг хүчнээс 90 хувийн санал авч, хоорондоо сөргөлдөөнтэй хүчнүүдээс эхлээд маш олон нам, эвслийг нэгтгэсэн байлаа. Гэвч Засгийн газар түүнийг Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжсэн гэж үзэн, сонгуульд оролцох эрхийг нь 15 жилээр хассан. Дээд шүүхэд зарга мэдүүлээд ч дийлээгүй билээ.
Нобелийн Энх тайвны шагнал авсныхаа дараа Мачадо энэ шагналаа АНУ-ын Ерөнхийлөгчид зориулж байна гэж мэдэгдсэн.
“Бид ялалтын босгон дээр ирээд байна. Өнөөдөр бид эрх чөлөө, ардчилалтай болохын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ-ын ард түмэн, дэлхийн ардчилсан улс орнуудад гол холбоотны хувиар найдаж байна. Би энэ шагналаа зовж зүдэрч байгаа Венесуэлийн ард түмэн, манай үйл хэргийг дэмжсэн Ерөнхийлөгч Трампад зориулж байна” Мачадо Мария
Мачадо сонгуульд мониторинг хийх Súmate хөдөлгөөнийг байгуулж, улс төрд орсон. 2004 онд тэр үеийн Ерөнхийлөгч Уго Чавесийг огцруулахаар гарын үсэг цуглуулж байлаа. Гэвч түүнийг улс эх орноос урвасан гэж үзэн буруутгасан ч Шүүхэд шилжээгүй юм. 2010 онд Венесуэлийн Үндэсний ассамблейн депутат болж, 2011 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гэсэн ч праймеризид ялагдал хүлээсэн байна. 2014 онд түүнийг парламентаас хүчээр гаргасан. Ингээд Мачадо сөрөг хүчний удирдагч болсон юм. 2023 онд дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд 15 жилийн хориг авсан. Тэрээр 2018 онд Би-би-си-гийн “100 эмэгтэй”, Time сэтгүүлийн “Дэлхийн хамгийн нөлөөтэй 100 хүн” чансаанд орж байлаа.

Сүүлийн жилүүдийн Энх Тайвны шагналтнууд
Энэ жил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нобелийн Энх тайвны шагнал авахыг хүссэн ч чадсангүй. Түүнээс өмнө АНУ-ын 4 Ерөнхийлөгч тус шагналыг авч байсан нь Барак Обама (2009), Жимми Картер (2002), Вудро Вильсон (1919), Теодор Рузвельт (1906) нар юм. Нобелийн шагнал олгох хорооноос мэдэгдсэнээр энэ жил Энх тайвны шагналд 244 хувь хүн, 94 байгууллагын нэр дэвшсэн гэнэ.
2024: Цөмийн зэвсгийг хураах, устгахын төлөөх байгууллага Nihon Hidankyo
2023: Наргиз Мохаммади (Иран)
2022: Алесь Беляцкий (Беларусь), Хүний эрхийн төв “Мемориал” (ОХУ), Иргэдийн эрх чөлөөний төв (Украин)
2021: Дмитрий Муратов (ОХУ), Мария Ресса (Филиппин)
2020: НҮБ-ын Дэлхийн хүнсний программ
2019: Абий Ахмед Али (Этиоп)
2018: Денис Муквеге (Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс), Надя Мурад (Ирак)
2017: Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил
2016: Хуан Мануэль Сантос (Колумби)
2015: Үндэсний эв нэгдэл байгуулах хэлэлцээрийн зуучлагчид (Тунис)
2014: Кайлаш Сатиартхи (Энэтхэг), Малала Юсуфзай (Пакистан)