Газын зурвас дахь дайн төгсөх итгэл найдвар төрж байгаа энэ үед дахин нэг дайны голомт үүссэн нь Ази тивд, Афганистан, Пакистан улсуудын мөргөлдөөн байлаа. Шинэ дайн эхлэв үү? Яагаад талибууд Пакистанд халдав?
Зэвсэгт мөргөлдөөн Бямба гаригт, аравдугаар сарын 11-нд эхэлсэн юм. Афганистаны тал Пакистаны хилийн постуудад халдсан. Пакистаны талаас “Дайсанд хариу цохилт өгсөн. Мөргөлдөөн зургаан газарт болсон” гэж мэдэгдсэн. Довтолгоог Талибаны “201 армийн корпус” гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол Талибан Пакистанд довтолсноо анх удаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Тэд “Афганистан улсын халдашгүй дархан байдлыг зөрчсөний хариу арга хэмжээ” гэж мэдэгдсэн байв.

Байдал яг ямар байгаа нь тодорхой бус. Афганистаны мэдээллээр Пакистаны 20 гаруй хилийн постыг эзэлж, 58 пакистан цэрэг алагдсан байна. Харин Пакистан энэ мэдээллийг үгүйсгэж, “Манай тал Афганистаны 19 хилийн заставыг эзэлж, хэдэн арван талиб цэрэг амиа алдсан” гэж зарлаад байгаа. Яг үнэн зөв мэдээлэл авах боломж бараг байхгүй.
Яагаад зэвсэгт мөргөлдөөн гарав?
Сүүлийн хэдэн сар хоёр улсын харилцаа маш хурцдаад байлаа. Пакистаны тал талибуудыг "Техрик-и-Талибан Пакистан" алан хядагч бүлэглэлийг нутагтаа нууж, дэмжиж байна гэж буруутгасан. Харин талибууд үгүйсгэж, Пакистаныг улс орныхоо асуудлыг дотооддоо шийдэхийг уриалж байсан юм.

Энэ үед буюу аравдугаар сарын 9-нд Кабулд хоёр, Афганистаны зүүн өмнөд хэсэгт нэг дэлбэрэлт болсон. Пакистаны тал алан хядагч бүлэглэлийн удирдагчдыг хөнөөхийн тулд Афганы нутагт байлдааны ажиллагаа явуулсан нь энэ байжээ. Талибууд агаарын довтолгооны хариуг барина гэж сүрдүүлээд тун удалгүй хилийн ойролцоох Тирахд 11 пакистан цэрэг алагдсан байна. Исламабад агаарын довтолгоо явуулснаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч Барууны хэвлэлүүд тэд алан хядагч бүлэглэлийн толгойлогч Нур Вали Мехсудыг устгахыг оролдсон гэж бичиж байгаа юм.
Одоо байдал ямар байна?
Талибууд Хайбер-Пахтунхва, Белужистан дахь хилийн пост руу довтолсны дараа Пакистан их буугаар хариу барьж, танк, дрон хөдөлгөн, сөнөөгч онгоцнуудаа агаарт хөөргөсөн. Мөн Энэтхэгийн тал дайнд оролцохоос сэргийлэн, зүүн хил дээрээ онц байдал зарласан байна. Афганистаны тал байлдааны ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгдсэн. Түүнээс хойш том хэмжээний мөргөлдөөн болоогүй байна.

Хоёр улс 2400 км нутгаар хиллэдэг. Гэхдээ хилийн маргаантай нутаг цөөнгүй. Пакистан улс цөмийн зэвсэгтэй тул бүс нутгийн хэмжээнд тун аюултай байдал үүсээд байгаа юм. Афганистан, Пакистанд нөлөөтэй Хятад улс энэ удаад дайны галыг намжаах оролдлого хийх байх гэж шинжээчид үзэж байгаа юм.