Египетийн Шарм-эль-Шейх хотод болсон дээд хэмжээний уулзалт дээр АНУ, Египет, Катар, Туркийн төрийн тэргүүд Газын зурваст дайныг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурж, тунхаглал гаргалаа. Энэхүү хэлэлцээрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон 20 зүйлтэй төлөвлөгөө дээр үндэслэн гаргасан юм.
“Бид бүгд хамтдаа боломжгүй гэгдэж байсан зүйлийг хийж чадлаа. Эцэст нь Ойрх Дорнодод энх тайван тогтлоо” гэж Трамп дээд хэмжээний уулзалт дээр цугларсан хорь гаруй Төрийн тэргүүний өмнө мэдэгдлээ.
Өчигдөр Израилд амьд үлдсэн бүх барьцааны хүн хоёр жилийн дараа эсэн мэнд харьж, харин Израилын шоронгоос 2000 хоригдол, саатуулагдаад байсан иргэд Палестинд очсон байна.
Ерөнхийлөгч Трампын барьж байсан ногоон хавтас дотор ямар бичиг баримт байгааг сэтгүүлчид мэдээгүй.
“Итгэж байна уу? Энх тайван тогтоход 3000 жил шаардагдлаа шүү дээ. Ингээд энх амгалан боллоо” гэж Трамп хэлсэн.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси “Өнөөдрийн хэлэлцээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эмзэг хэсгийг хааж, энх тайван, тогтвортой байдлын шинэ үеийг нээж байна. Түүхэн өдөр. Палестинчууд эрх чөлөөгөө ашиглан, эх орондоо амьдрах эрхтэй. Израил улстай найрсгаар зэрэгцэн орших болно” гэж мэдэгдлээ.
Дээд хэмжээний уулзалтад ХАМАС, Израилын төлөөлөгч байсангүй. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үндэсний баяртай гэдэг шалтгаанаар оролцохоос татгалзжээ. Гэвч Арабын зарим орон түүнийг ирвэл эсэргүүцэл зарлах гэж байсан тул ирээгүй гэдэг мэдээ хэвлэлээр гарсан.
Уулзалтад АНУ, Египетийн Ерөнхийлөгчдөөс гадна Армени, Азербайжан, Бахрейн, Канад, Кипр, Европын холбоо, Франц, Герман, Грек, Унгар, Энэтхэг, Индонез, Ирак, Итали, Япон, Иордан, Кувейт, Нидерланд, Норвег, Оман, Пакистан, Палестин, Парагвай, Катар, Саудын Араб, Испани, Турк, АНЭУ, Их Британийн дээд хэмжээний төлөөлөгчид ирсэн байлаа. Мөн Арабын улсуудын лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу Гейт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр нар байлцлаа.

Ийнхүү Израил, ХАМАС-ын энхийн хэлэлцээрийн эхний шат амжилттай явагдаж дууслаа. ХАМАС амьд үлдсэн 20 барьцааны хүн, амиа алдагчдын дөрвөн цогцос хүлээлгэн өгсөн байна. Үлдсэн цогцсыг хайхад хугацаа хэрэгтэй гэж мэдэгджээ.
Одоо хоёр дахь шат эхлэх болно. Газын зурвасын аюулгүй байдал, удирдлага гээд асуудал олон бий. Хоёр жил бараг үнсэн товрого болон хувирсан Газын зурвасыг сэргээн босгоход их хөрөнгө, хугацаа хэрэгтэй. Мөн ХАМАС бүлэглэл засгийн эрхээс үнэхээр татгалзаж байна уу, тэдний цэргүүд хаачих вэ гэдэг ч шийдэгдээгүй байна.
Ямар ч гэсэн энэ бүс нутагт дахин дайн гарвал олон чанга мэдэгдэл хийсэн Ерөнхийлөгч Дональд Трамп ихэд эмзэглэх нь гарцаагүй.