UBLife Logo
Хөгжим
Би хоёр туйлт эмгэгтэйгээ үзэн яддаг ч ийм байх нь гайхалтай: “ye” цомог

Би хоёр туйлт эмгэгтэйгээ үзэн яддаг ч ийм байх нь гайхалтай: “ye” цомог

Сэтгэц хуваагдах эмгэг, хоёр туйлт эмгэг зэрэг нэршлүүдийг та бүхэн хаа нэгтээ сонсож байсан уу? Реппер Канье Уэст өөрийгөө энэ эмгэгээр оношлогдсон гэдгээ 2016 онд мэдэгдэж байв. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2018 онд тэрээр өөрийн нэрээ албан ёсоор “Үе” болгон өөрчилж, үүгээрээ нэрлэсэн цомгийг цацсан түүхтэй. 

2018 оны хавар Канье твиттер хаягтаа “боолчлол бол сонголт байсан” хэмээн жиргэснээсээ болж олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч, хэвлэл мэдээллийн гол бай болж байв. Ингээд хэдэн сар олны хэл амнаас холдож Wyoming мужид байрлан, хэсэг бүгэхдээ бүтээсэн долоон дуунаас бүрдэх “yе” цомгоо 2018 оны 6 сарын 1-нд цацсан юм. Цомог бүтэх үйл явц 2010 оноос хойших түүний амьдралын хамгийн эмх замбараагүй, өөртэйгөө зөрчилдсөн үетэй давхацсан гэж Канье “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ингээд Канье Wyoming мужийн Jackson Hole дахь уулархаг нутагт байрлах өөрийн эдлэнд очиж уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон байна. Гэхдээ шинэ цомог гаргах ямар ч төлөвлөгөөгүй байсан бөгөөд Mike Dean, Francis and the Lights, Benny Blanco, Irv Gotti, Che Pope зэрэг продюсер, найз нөхөдтэйгөө хамт хэдэн долоо хоногийн турш ажиллаж “Wyoming Sessions” гэх төслийг эхлүүлээд байжээ. Энэ төсөлд реппер Pusha T-гийн “Daytona”, Каньегийн Kid Cudi-тэй хамтарсан “Kids See Ghosts” зэрэг цомгууд багтсан юм. 

''Kids See Ghosts'' / ''Daytona'' цомгууд

“I hate being Bi-Polar / it’s awesome”

Цомгийн нүүр зурагт Америкийн хойд хэсэгт орших Тетон уулс байх бөгөөд, энэ зургийг Канье өөрийн утасны камерт буулгасан байжээ. Зургийн голд “I hate being Bi-Polar / it’s awesome” гэж неон ногоон өнгөөр замбараагүй бичсэн нь Канье өөрийн хоёр туйлт эмгэгээ хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм. Хоёр туйлт эмгэгтэй байхыг үзэн яддаг ч энэ нь гайхалтай гэж байгаа нь энэ эмгэгийн гол шинжийг ч харуулна. Гэхдээ түүний “энэ бол ямар нэг өвчин биш, харин супер хүч” гэж хошигнон ярьсан нь бий. 

Цомгийн нэр “Үе” нь Библийн “you” буюу “чи” гэсэн утгатай үг бөгөөд Канье зөвхөн өөрийн дотоод зөрчилдөөн, асуудлуудаа цомгоор илэрхийлж байгаа бус сэтгэл зүйн асуудалтай, хүнд хэцүү цаг үеийг туулж буй хүн бүрийг төлөөлөхийг хүссэн тул ингэж нэрлэсэн байна.

‘’Ye бол бид бүгд. Сайн бас муу, гэгээтэй болон харанхуй цөм багтсан би бас бид” 

Канье Уэст

Долоон дуун дахь нэг хүн, хоёр ертөнц

Канье Уэстийн өмнө гаргаж байсан бусад цомгуудтай харьцуулахад “Үе” цомог харьцангуй цомхон бөгөөд ойролцоогоор 24 минут үргэлжилнэ. Цомгог “I Thought About Killing You” гэх дуугаар эхлэх бөгөөд энэ дуунд амиа хорлох сэдэл болон бусдын амийг хороох бодлын дунд эргэлдэж, өөртэйгөө зөрчилдөн шаналж буй талаар илэн далангүй өгүүлнэ. Харин “Yikes” дуунд дээр дурдсанчлан хоёр туйлт эмгэгээ супер хүч гэж боддогоо илэрхийлж, эрчимтэй, сүрдэм хэмнэлүүдээр урам зоригтой хэр нь айдастай, гутранги сэтгэл зүйн асуудлуудаа шигтгэсэн. “Боолчлол бол сонголт” гэж хэлснээсээ болж олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон нь шүүмжлэлд өртөж байх үед өөрийг нь орхиогүй эхнэр Ким Кардашъяндаа зориулсан “Wouldn’t Leave’’ гэх дуу ч бий. Үүний араас буруу зүйл хийж, алдаа гаргасан ч амьдрал үргэлжилнэ гэдгийг өгүүлэх “No Mistakes” эгшиглэнэ.

Харин зургаа дахь дуу болох “Ghost Town” цомгийн оргил хэсэг гэж тооцогддог. Энэ дуунд тэрээр өөрийн сэтгэл зүйн хүнд хэцүү, адармаатай нөхцөл байдал, гэр бүл найз нөхдийн харилцаа зэрэг илүү хувийн чанартай зүйлсээ чөлөөтэй илэрхийлсэн байдаг. Дуунд Kid Cudi, PARTYNEXTDOOR болон 070 Shake нар хамтарсан бөгөөд продакшн талаасаа синтиз ба эмбиент эффект, давхарлагдсан вокалууд нь шаналал, айдас, хэт өндөр сэтгэл хөөрлийг хөгжмөөр илэрхийлж чадсан гэж шүүмжлэгчид дүгнэдэг. Хоёр туйлт эмгэгийн үед үзэгддэг маник болон сэтгэл гутралын үеийг илэрхийлэх мэт хэмнэл ба динамик өөрчлөлтүүд дууны турш үргэлжилнэ. “Чамд хайрлагдах гэж би хичээсээр л байдаг ч хийсэн бүхэн минь чамайг надаас улам холдуулах юм” гэж хосын харилцааны асуудлуудаа илэрхийлсэн бол дууны төгсгөл хэсэгт буй 070 Shake-ийн вокал “Намайг юу ч өвтгөхөө больсон болохоор чөлөөлөгдсөн мэт мэдрэгдэнэ” гэх мөрөөр зовлонгоо гэтлэж, тайвшралд ойртож буйгаа хэлдэг. 

Канье Уэст энэ цомгоороо өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхийн сацуу, бусад цомгуудтай нь харьцуулахад өөрийн дотоод нарийн мэдрэмжүүдээ уудалсан. Нийгмээс авсан шүүмжлэл, үзэн ядалтад хариу тайлбар өгсөн гэхээс илүү өөрөө өөртэйгөө хийсэн ярилцлага, мэдрэмжийн цуглуулга болгож энэ цомгийг бүтээжээ. 

Цомог гарсан даруйдаа Биллбоард 200 жагсаалтын эхний байранд орсон бөгөөд, долоо хоногийн дотор 208 мянган хувь борлогдсон юм. “Pitchfork” сайт “Эмх замбараагүй байдлаас урлагийн бүтээл төрүүлж чадсан ч дутуу мэдрэмж төрүүлсэн” гэж бичсэн бол “The Guardian” сэтгүүл “Каньегийн шинэ цомог бол хүн өөрийгөө илэн далангүй илэрхийлж, ичих санаа зовох зүйлгүй өөрийнхөө хамаг бүхнийг нийтэд харуулж болохын тод жишээ” хэмээн тэмдэглэсэн байдаг. 

Хүн бүрийн дотор илэрхийлж чаддаггүй сэтгэл зүйн асуудлууд, толгой дотор хөврөх олон янзын эмх замбараагүй бодрол, шаналал бий. Заримдаа хүнд хэцүү цаг үеийг даван туулахад дуу хөгжим, урлаг талархаж барамгүй тус дэм болдог. “ye” цомогт сэтгэл зүйн асуудал, эмгэгийг даван туулж буй нэгэнд хань болох, өөртэйгөө ярилцах сэдэл, тайвшралыг өгөх хүч бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.