UBLife Logo
Дэлхий

Николя Саркози ямар камерт хоригдох вэ?

Николя Саркози ямар камерт хоригдох вэ?

Францын Ерөнхийлөгч асан (2007 - 2012) Николя Саркози авлига, хээл хахуулийн хэргээр шүүхээс 5 жил хоригдох ялаар шийтгэгдлээ. Ливийн дарангуйлагч агсан хурандаа Каддафи түүний сонгуулийн ажилд зориулж, их хэмжээний мөнгө нууцаар өгч байжээ. 2011 онд мөрдлөг эхэлсэн ч хэргийг хаасан. Харин 2017 онд дахин эхэлж, энэ оны нэгдүгээр сараас Шүүх хурал эхлээд байсан юм.

Хорих газарт очихоор 21-ний өдөр гэргийн хамт гэрээсээ гарч байгаа Саркози.

Николя Саркози 2025 оны аравдугаар сарын 21-нээс эхлэн, Парисын Санте хорих газарт ялаа эдлэх юм. Францын BFMTV телевизийн суваг түүнийг Санте шоронд юу хүлээж байгааг танилцуулсан байна.

Юуны өмнө Николя Саркози хорих газарт очих замаараа Елисейн ордонд очиж, хүндэтгэл үзүүлсэн. Түүнийг үдэн гаргахаар олон хүн ирсэн байлаа.

Түүний гэргий Карла Бруни үдэхээр ирсэн хүмүүст талархал илэрхийлж байна.

Түүний машиныг хорих газрын дарга өөрийн биеэр угтан авна. Дараа нь хамгаалагч нар 11 кв. м хэмжээтэй ганц хүний камерт Саркозиг оруулна. Энэ камерт шүршүүр, цонх, телевизор, ариун цэврийн хэрэгсэл, дотуур хувцас, хөнжил, даавуу, сав суулга, цаас, харандаа байх юм.

BFMTV мэдээлснээр Ерөнхийлөгч асан өдөрт нэг цаг цэвэр агаарт гарах эрхтэй. Гурван ширхэг ном авч орох зөвшөөрөл олгосон бөгөөд Саркози “Монте Кристо гүн” хоёр боть, Жан-Кристиан Птифисийн бичсэн “Исус Христосын намтар”-ыг сонгожээ.

Саркози ямар нэг илүү зүйл хүсээгүй гэнэ. Тэрээр бусад хоригдлуудын нэгэн адил дүрэм, журмаа мөрдөх болно.

“Би шоронгоос айхгүй байна. Би Ла-Санте шоронгийн хаалганы өмнө толгой өндөр, бардам байх болно” гэж тэр хэлсэн.

Францын Хууль зүйн сайд Жеральд Дарманен өөрийн биеэр хорих газарт очиж, Саркозигийн хоригдох өрөөний аюулгүй байдлыг шалгасан гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.