Японд айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичи нар газрын ховор металлын талаар гэрээ байгуулж, хоёр улсын харилцааны “Алтан үе” эхэллээ гэж зарлалаа.
Трамп “Шинзо Абэ болон бусад улс төрчдөөс сонссон зүйлээсээ үндэслэхэд та Японы шилдэг Ерөнхий сайдуудын нэг болж чадна. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсонд тань баяр хүргэе. Энэ бол маш том амжилт” гэж хэлэлцээрийн өмнө хэлсэн юм.
Санаэ Такаичи бол 2022 онд алагдсан Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн хамтран зүтгэгч байсан хүн билээ.
Ерөнхий сайд Такаичи хариуд нь Ерөнхийлөгч Дональд Трампыг “Израил – ХАМАС, Тайланд – Камбожийн дайныг зогсооход гаргасан хүчин зүтгэлийг нь магтаад ирэх жилийн Нобелийн Энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлнэ гэж амаллаа. Мөн Трампад Шинзо Абэгийн тоглож байсан гольфийн цохиур, Японы алдартай гольфчин Хидэки Мацүямагийн гарын үсэгтэй гольфийн цүнх, алтадсан бөмбөг бэлэглэжээ.

Хоёр талын байгуулсан Газрын ховор металлын гэрээнд талууд “Гар утаснаас эхлэн сөнөөгч онгоц бүтээхэд чухал хэрэгтэй газрын ховор металлын худалдаанд Хятадын нөлөөнөөс гарах, стратегийн нөөцтэй болох талаар тусгажээ.
Энэ оны эхээр АНУ-ын тал Японы машин болон бусад импортын бараанд 25 хувийн татвар тавьсныг 15 хувь болгон буурууллаа. Хариуд нь Япон улс АНУ-ын эдийн засагт 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон. Ингэснээр Трампын Японд тавьсан батлан хамгаалах зардлаа нэмэгдүүл гэсэн шаардлагыг зөөлрүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Гэрээ хэлэлцээр, өдрийн зоогийн дараа Ерөнхийлөгч Трамп 1960-1970 онд Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн ар гэртэй уулзаж, ярилцлаа. Мөн хоёр тэргүүн Ёкосүка дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазад зочилсон.
“Аймшигт дайны үнсэн дунд үүссэн бидний холбоо 80 жилийн дотор одоогийн сайхан найрамдалд хүрээд байна” гэж Трамп цэргийн албан хаагчдын өмнө хэлсэн юм.
