Холливудын од жүжигчин Жесси Айзенберг “Today” шоунд оролцох үеэрээ нэгэн шинэ мэдээ фенүүддээ дуулгалаа. Энэ жил 42 настай Жесси нэг бөөрөө огт танихгүй хүнд хандивлана гэж ярьсан юм. Тэрээр олон жил цусны донор хийж байгаа. Харин энэ удаад хандив, буяны ажлаа шинэ түвшинд гаргахаар шийдсэнээ хэлжээ.
Жесси Айзенберг “Тиймээ, үнэхээр би нэг бөөрөө хандивлах гэж байгаа. Хүн нэг бөөртэй амьдарч болно. Цуснаас гадна юуны донор болж болох вэ гэж би их бодсон. 12 дугаар сарын дундуур мэс засалд орно. Хэнд бөөрөө өгч байгаагаа мэдэхгүй. Бөөр маш хэрэгцээтэй байгаа хүнд өгөөрэй гэж би хэлсэн. Хүнд тус, буян болж байгаадаа баяртай байгаа” гэж ярьсан байна.

Эрхтний донор нь сайн дурын үнэ төлбөргүй, хандивын ажил бөгөөд ямар хүнд хандивласныг нь мэдэгддэггүй зарчимтай.
Айзенберг “Бөөр хандивлах бол бараг эрсдэлгүй зүйл. АНУ-д одоогийн байдлаар 90 мянган хүн бөөр солиулахаар дараалалд хүлээж байгаа. Хүнд тус болно гэдэг сайхан зүйл шүү дээ. Нэг нэгэндээ тус болцгооё” гэж уриалжээ.









