"Breeders' cup 2025" морин уралдааны дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Дель Мар хотын "Del Mar fairgrounds" морин тойруулгад хоёр өдрийн турш явагдаж, энэ сарын 1-нд өндөрлөлөө.

Сүлдэндээ морьтой, ажнай хурдан хүлгүүддээ сүсэлдэг ард түмний үр сад юм болохоор, адуунд хайртай, моринд дуртай миний бие дэлхийд зартай аль нэг морин уралдааныг албан ёсоор сурвалжлах мөрөөдөл сэтгэлдээ агуулсаар олон жилийг үджээ.
Харин энэ жил "Breeders' Cup" уралдааныг зохион байгуулагчдад хүсэлт гаргаж, тэд ч "Таван цагариг" сонинд маань мандат олгосноор "Breeders' Cup 2025" ДАШТ-ийг зорих болсон юм.

Зохион байгуулагчдын шалгалт, сорилтод 10 жилийн өмнө "Breeders' cup 2015" -ийн turf sprint (зүлгэн зам дээрх богино зайн уралдаан) төрөлд Монголын нэртэй бизнэсмен, уяач "Макс"-ын Д.Ганбаатарын "Mongolian Saturday" хэмээх хурд түрүүлж байсан тухай, мөн "Моngolian Groom" хүлгийн золгүй явдлын талаар бичиж байсан маань хэрэг болсныг энд дурдсу.
Ингээд Америкийн баруун өмнөд хязгаарт, Номхон дөлгөөн далайн эрэг хөвөө нутагт орших Дель Мар хэмээх буйдхан хотыг зорьсон бөлгөө. Дель Мар нь 4000 ч хүрэхгүй хүн амтай ч SURF, TURF хоёроороо алдартай, морин тойруулга, морин уралдаан нь хотынх нь нэрийн хуудас болсон, наран шарлагын газар, нам жим байдлаараа алдартай юм байна.
"Майкрософт"-ын үндэслэгчдийн нэг, тэрбумтан Билл Гэйтсийн "зуслангийн амбаар" Дель Март байдаг гэхээр л ямархуу амар тайван, ая тухтай хот болох нь тодорхой.

За энэ ч яахав, морь руугаа орьё.
Энэ жил "Breeders' cup"-т таван тивийн 13 орны 177 хурд уралдлаа.
Нийт 14 уралдаан хоёр өдрийн турш болсон бөгөөд бүгд Grade I ангилалд багтана. Grade I гэдэг нь уралдааны зэрэг дэв бөгөөд энэ ангиллын уралдааны шагналын сан нь доод тал нь 300К ам. доллар байх ёстой. Гэхдээ "Breeders' cup" -ийн бүх уралдааны хамгийн бага нь гэхэд сая доллар байдаг.

Уралдааныг зорин ирж, үзэж буй үзэгчид бол үнэхээр "ганган". Манайхан наадамд шинэ дээлээ өмсөөд, мориныхоо дэлийг засаад, мөнгөн тоноглолтой эмээл, хазаараараа гоёод ирдэг дээ, тэр л гэсэн үг. Хэдийгээр Их Британий "The Royol Ascot" шиг хувцасны хатуу шаардлага, заавар буюу дресс код байхгүй ч дийлэнх бүсгүйчүүд дэгжин хээнцэр малгай, гоёмсог даашинзтай, эрчүүд нь бүрх духдуулж, ганган хослол өмссөн байх нь элбэг. Монголчууд сайхан дээлтэй хос шалгаруулдаг шиг хамгийн дэгжин, гоёмсог хувцасласан хосыг шалгаруулж, 1000$ шагналд нь өгдөг ажээ.

Бичигдээгүй ч "Breeders' cup" энэ мэт дэг жаяг ихтэй, өв соёлоо хадгалсан наадам юм.
За тэгээд морин уралдааны салшгүй хэсэг нь бооцоо шүү дээ!
Маш олон хувилбартай, энгийн ойлгомжтой, хүссэн хэн бугай нь бооцоо тавьж болох (бүүр 0.50 центээс), бооцоо тавих орчин, хожсон мөнгөө авах арга зам нь хялбар. Тиймээс ч бүгд л их бага ямар нэг хэмжээгээр бооцоо тавих юм.

Бүүр сэтгүүлчдийн өрөөнд хүртэл бооцоо тавих автомат машин байрлуулчихсан. Сэтгүүлчид уралдаанаа харан, юмаа бичиж, уралдааны хооронд хоол, цайгаа ууж идэнгээ хэдэн "ногоон" юмаа бооцоонд тавих жишээний.

Жишгийг даган би ч бас хэд хэдэн хувилбараар бооцоо тавьж, хийморио үзлээ. Хамгийн өндөр буюу 7 сая долларын шагналтай Классик уралдаанд бооцоо тавив. Win, Show, Place гээд энгийн хувилбараар болон Exacta, Exacta key, Trifecta, Superfecta хувилбаруудаар цөөн хэдэн ногоон тавилаа.
Win гэдэг нь зөвхөн түрүүлэх морийг таах, Show нь сонгосон морь чинь эхний гуравт орох, Place нь морь чинь түрүүлэх юм уу, аман хүзүүдэх, Exacta нь морьд чинь эхний хоёрт дарааллаараа орох, Exacta key гэдэг нь гол түлхүүр морь чинь түрүүлж, бусад сонгосон морьдоос аль нэг нь аман хүзүүдэх, Trifecta морьд чинь эхний гуравт яг дарааллаараа орох, Superfecta нь морьд чинь эхний дөрөвт дарааллаараа орохыг тааж байгаа ухаантай. Та нар шиг морь "мэддэг" хүмүүст хэлэхэд "ичмээр дамшиг даа".

Миний анхаарлыг 4 настай "Forever young" нэртэй, сартай хээр соёолон ихэд татлаа. Нэр нь ч гоё (Forever young буюу Мөнхийн залуу), бас тэгээд классикт орж буюу гадны ганц, тэр тусмаа Ази тивийн маань төлөөлөл, Японы морь болохоор, бас энэ жил гэхэд л 5 уралдаанд ороод 4-т түрүүлсэн гэсэн мэдээллийг нь уншаад уяа сойлго нь ид таарсан байгаа юм байна гэж бодоод бараг хувилбар болгондоо "Forever young"-ийг багтаасан.

Мөн "Journalism" (Сэтгүүл зүй) хэмээх содон нэртэй, Preakness-т түрүүлсэн шүдлэн үрээг хэд хэд сонгосон. Сэтгүүлч мэргэжилтэй байж "Сэтгүүл зүй"-г сонгохгүй бол болохгүй биз дээ. Мэдээж өнгөрсөн жилийн түрүү, аман хүзүү "Sierra Leone", "Fierceness" хоёрыг огт сонгохгүй байж чадаагүй дээ.
Моринд дуртай монгол хүн байна даа, адууны хийморь түшиж, бооцооны мөнгөө 6 дахин нугалаад авсаан. Итгэлийг минь алдалгүй түрүүлсэн "Мөнхийн залуу"-даа баярлалаа.

Энэ жилийн классикт уралдахаар шалгарч, сонгогдсон 10 ажнайгаас түрүүлэх магадлал хамгийн өндөртэй гэгдэж байсан "Sovereignty" хэмээх шүдлэн үрээ уралдсангүй. Уг нь "Тусгаар тогтнол" үрээ энэ жил Кентакки дерби, Бельмонт стэйкс гээд "Triple Crown" цувралын хоёрт нь түрүүлсэн, мөн гурван ч "наадамд" түрүүлсэн, торгон ирэн дээрээ байсан адуу л даа. Ингээд тааварт ноднингийн классикийн түрүү "Sierra Leone", аман хүзүү "Fierceness", гурвалсан "Forever young" нар дээгүүр бичигдэж байсан.
Бүрээ бишгүүр хангинан ээлжит уралдаан эхлэхийн сацуу уралдах морьд, "унаач хүн"( жокэй), уяачид олны өмнүүр явж өнгө, зүсээ харуулна. "Миний" , миний гэнэ шүү Японы "Forever young" хэмээх сартай хээр соёолон бол янзаган нүдтэй, чонон чихтэй үнэхээр сайхан амьтан ажээ.
Үзэгчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг нь хөдөлгөсний дараа морьд гарааны зурхай руу цогилоо. Классик бол dirt буюу шороон замаар 1 1/4 майль буюу 2 км зайд уралддаг.

Энэ зайг "Мөнхийн залуу" маань 2:00.19 хугацаанд туулж, торгон жолоо өргүүлэв. Гэхдээ яг барианы зурхайд "Sierra Leone" буруу талаар нь дайраад тун сандаргав. Дахиад жаахан зай байсан бол "Сьерра Леон" аварга цолоо хамгаалахаар байлаа. Үнэхээр бяртай чадалтай, хүчтэй адуу аж. Унаач "Хүүхэд" нь арай л орой амыг тавив уу даа. "Fierceness" гурвалж, "Journalism" дөрвөлж, "Mindframe" хүлэг айрагдлаа.
Харин уралдааныг замын ихэнх хэсэг өнгөлж явсан "Contrary Thinking" суусаар бүүр "баян ходоод" боллоо.

Forever young үрээ "Breeders cup"-ийн классик уралдаанд түрүүлсэн анхны Японы морь болж түүхэнд бичигдлээ.
Мөн 3,64 сая ам. доллараар эзэн Сүсүми Фүжитагийн хэтэвчийг зузаатгав. "Мөнхийн залуу" үрээ нийтдээ эзэндээ 19,3 сая ам.долларыг уралдаанаас олж өгчээ.

Наран Улсын Хоккайдо арлаас угшилтай Nortern racing үүлдрийн "Forever Young" хэмээх сартай хээр соёолон (уяач нь Ёшито Яахаги, унаач нь Рюсэй Сакай) 13 наадамд уралдаж, 10 түрүү, гурван айраг (3-уулаа гуравт) авсан, Saudi Derby, UAE Derby (Dubai), Saudi Cup, Breeders' cup classic гээд дэлхийн томоохон "Их хурд" уралдаанд түрүүлээд байна.

Морин уралдааны ертөнцөд домог болсон "Secretariat", "Man O War", "Seabiscuit", "American faraon", "Galileo" хүлгүүд шиг нэр алдраа үүрд дуурсгасан домогт хүлэг болох ч юм билүү, "Fоrever young". Хийморь нь өөдөө байгдээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
