Японы эрх баригч Либерал Ардчилсан намын тэргүүн Санаэ Такаичи тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогдсон билээ. Гэвч Наран орон нь Үндэсний спорт сүмо бөхийнхөө дохён дээр эмэгтэй хүн гишгэхийг хориглосон улс. Жилд 6 удаа явагддаг сүмо бөхийн башёд түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулдаг билээ. Абэ Шинзо, Жүничиро Койзүми нар Хакүхо, Асашёорюү нарт цом гардуулж байхыг бид олон удаа харсан. Тэгвэл эмэгтэй Ерөнхий сайдтай болсноор энэ хориг цуцлагдах уу? Санаэ Такаичи энэ уламжлалтай тэмцэх болов уу? Хүндэлж үзэх болов уу? Энэ асуултын хариуг авахаар Японы “Асахи шимбүн” сонины газраас Сүмо бөхийн холбоонд хоёр асуулт илгээжээ.

“Асахи Шинбүн”
Санаэ Такаичи хэмээх эмэгтэй Ерөнхий сайдтай болсноор Сүмо бөхийн холбооны эмэгтэй хүн дохён дээр гарахад тавьсан хориг цуцлагдах уу, үгүй юу гэдэг олон хүний анхаарлын төвд байна.
Ингээд “Асахи” Шимбүн” сонины газраас хоёр асуулт бэлтгэж, Сүмо бөхийн холбооноос хариулт авлаа.
1, 2019 онд Сүмо бөхийн холбоонд шинээр байгуулагдсан “Эмэгтэй хүн ба дохё” судалгааны албанаас ямар нэг дүгнэлт гарсан уу? Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
2, Ерөнхий сайд Такаичи Санаэ өөрийн биеэр түрүү бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цом гардуулна гэвэл холбооноос ямар арга хэмжээ авах вэ?

Сүмо бөхийн холбооноос ирсэн хариуг танилцуулъя.
1, Одоогийн байдлаар ямар нэг дүгнэлт, шийдвэр гараагүй байгаа тул төлөвлөгөө байхгүй байгаа.
2, Сүмо бөхийн уламжлал, ёс заншлыг хадгалан авч явах нь манай холбооны үүрэг, даалгавар гэж бодож байна. Ерөнхий сайд ч ойлгон хүлээж авах биз ээ.
Башё бүрийн сүүлийн өдөр түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулдаг билээ. Ихэнх тохиолдолд Ерөнхий сайдын нэрийн өмнөөс Тамгын газрын дарга, Хэвлэлийн төлөөлөгч нь гардуулдаг. Гэхдээ сүмод дуртай Коизүми Жүничиро, Абэ Шинзо нар өөрсдөө гардуулж байхыг бид олон удаа харж байсан билээ.
