БНСУ-д АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Тус уулзалтын үндсэн илтгэлийг BTS хамтлагийн дуучин RM тавьж, хаалтыг нь АПЕК-ийн элч төлөөлөгч G-Dragon хийлээ. Солонгос дуучдын тоглолтыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин тун сонирхон үзэж суусан гэнэ.

Энэ сарын 1-нд К Кёнжү хотын “Сонокам” зочид буудалд Төрийн хүлээн авалт болсон байна.

Хүлээн авалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёлын солилцооны хорооны тэргүүн Пак Жин Ён нар Хятадын дарга Ши Жиньпинтэй үг солилцож байсан билээ. Пак бол “JYP Entertainment” агентлагийн ерөнхий продюсер, захирал хүн. Энэ боломжийг ашиглаад тэрээр Хятадын даргад “Бээжинд солонгос уран бүтээлчдийн том хэмжээний концерт зохион байгуулах хүсэлт” тавьсан гэнэ.

Эрх баригч Ардчилсан намын депутат Ким Ён Бэ олон нийтийн сүлжээнд “Ши Жиньпин энэ санаачилгыг зөвшөөрч, Гадаад хэргийн сайд Ван И-д тоглолт зохион байгуулах үүрэг өгсөн” гэж бичсэн нь солонгос уран бүтээлчдэд тун таатай мэдээ байлаа. Учир нь 2016 оноос хойш Хятад улс Өмнөд Солонгосын эсрэг “Ханхаллён” гэдэг хориг арга хэмжээ авч байгаа. Тэр үед өмнөдүүд АНУ-тай хэт ойртож, байн байн цэргийн сургууль хийж байснаас уран бүтээлчид нь хоригт орсон юм.
Ханхаллён (限韓令 — үгчлэн орчуулбал Солонгосыг хязгаарласан тушаал) нь Халлю буюу солонгос соёлын давлагааг хаасан, албан бус ч маш хатуу хориг. Энэ хоригоор солонгос киног хааж, к-поп одод Хятадад тоглолт хийж чадахгүй болсон. Тэрбум хол давсан хүн амтай Хятад орон солонгос дуучид, жүжигчдийн хувьд орлогын маш чухал эх үүсвэр байсан юм.

Харин Ким Ён Бэгийн мэдээллийн дараа Ерөнхийлөгчийн Соёлын солилцооны хорооноос албан ёсны мэдэгдэл гаргаж, “Хоёр улсын тэргүүд, төлөөлөгч нар дипломат ёсны хүрээнд уузлаж, ярилцсан. Албан ёсоор ямар ч уулзалт болоогүй тул урьдчилан дүгнэлт хийхгүй байхыг хүсье” гэжээ.
Хятадад 2016 онд KBS телевизийн “Descendants of the Sun” дарам гарснаас хойш солонгос кино гараагүй байгаа юм.
