UBLife Logo
Хөгжим

Япон “Нансалмаа” Окүяма Юмид ГХЯ-ны сайдын өргөмжлөл гардууллаа

Япон “Нансалмаа” Окүяма Юмид ГХЯ-ны сайдын өргөмжлөл гардууллаа

Энэ сарын 29-нд Улаанбаатар дахь Японы ЭСЯ-нд дуурийн дуучин Окүяма Юмид 2025 оны Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Элчин сайд М.Игавахара

Окүяма Юмиг монголчууд сайн мэднэ. Юми сопрано дуучны хувиар Монголын тайзнаа маш олон удаа тоглохын зэрэгцээ Японы дуу хөгжмийг Монголд, Монголын дуу хөгжмийг Японд таниулах гүүр болон амжилттай ажиллаж ирсэн юм. 2011 оноос хойш дуулах ур зүйн багшаар ажиллахдаа Монголын оюутан залууст япон дуу зохиол заан сургаж, япон соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн Монголд амьдарч буй япон иргэдийн найрал дууг удирдах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойн баярын арга хэмжээнүүдэд тоглох, Японы ЭСЯ-наас зохион байгуулдаг Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад ая дуугаа өргөх зэргээр хөгжмийн урлагаар дамжуулан Япон, Монголын харилцан ойлголцол, найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Монгол-Японы соёлын харилцааг дэмжих “Альянс” нийгэмлэгийн тэргүүн Ж.Баатарцогт

Окүяма Юми “Чингис хаан”, “Учиртай гурван толгой” зэрэг дуурьд тоглож, Нансалмаагийн дүрийг бүтээж байсан авьяаслаг уран бүтээлч билээ.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Жанцанноров

Тэрээр Ямагата мужийн уугуул. Токиогийн хөгжмийн их сургуулийг төгсөөд Ямагата хотын телевиз, радиогийн төвд хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ. Гэхдээ угаасаа зүрх сэтгэл нь дуу хөгжим болохоор удалгүй гарсан байна.

Франц, Хятад зэрэг олон орноор аялж, шинэ зүйл сурч явсаар 1997 онд анх Монголд хөл тавьж байжээ. Монгол үндэсний дуурийг үзээд дэлхий тойрон хайж явсан зүйл нь энэ юм байна гэдгийг ойлгосон гэдэг. Тэр цагаас хойш Монгол түүний хоёр дахь эх орон нь болж, хоёр орныхоо харилцааны гүүр болон ажиллаж явна.

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.