UBLife Logo
Дэлхий

Перито Мореногийн гайхамшиг

Перито Мореногийн гайхамшиг

Өмнөд Америк тив, Аргентиний баруун өмнөд хязгаарын Санта Крус мужид орших Лос Гласьярес үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Перито Морено хэмээх мөсөн гол бий. Патагони нутагт очсон хэн бүхний үзэхийг хүсдэг үзэсгэлэнт газрын нэг.

250 км.кв талбайг эзлэх Перито Морено мөсөн гол нь Андын нуруун дахь Аргентин, Чилийн нутгийг дамнан орших Патагонийн мөсөн талбайн (16,800 км .кв талбай бүхий энэ мөсөн талбай дэлхийн цэнгэг  усны гурав дахь том нөөц ажээ) 48 мөсөн голын нэг юм.

Энэ мөсөн голыг 1879 онд Чилийн усан цэргийн ахмад ,британи гаралтай Хаун Томас Рожерс анх харсан уугуул нутгийн хүн болсон бол  XIX  зууны сүүлчээр Аргентиний эрдэмтэн, аялагч Франциско "Перито" (испаниар эрдэмтэн гэсэн утгатай) Морено өргөн хүрээтэй судалсан тул түүний нэрээр нэрлэгдсэн ажээ.

Мөсөн голын дундаж өндөр далайн түвшнээс  дээш 60 метр , харин гүн нь 170-700 м хүртэл байдаг гэнэ. Сонирхолтой нь энэ мөсөн гол нь өдөрт хоёр метр, жилд дунджаар 700 метр орчим "урсдаг" боловч мөсөн хагарч усанд уусах, хайлах гэх мэтээр их биеэсээ, эх голоосоо “хорогддог" тул зуун жилийн туршид нэг хэвэндээ байсаар иржээ.

Олон улсын нисэх онгоцны буудалтай Эль Калафате хотоос 78 км  зайд Перито Морено мөсөн гол орших авай.

Эль Калафатегаас харин Перито Морено руу автобусаар (30-50$ хоёр талдаа), таксигаар (130-140$) хүрч болох бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх төлбөр 35$ орчим байна.

За тэгээд явган алхах, завиар аялах, мөн мөсөн дээгүүр алхах урт, богино (mini-trekking, big ice) хугацааны гээд төрөл бүрийн хөтөчтэй, тур аялалууд байх бөгөөд 120-350$ орчим төлбөртэй, дунджаар.

Байгаль эхийн гайхамшигт нэгэн бүтээл, нүд баясгаж, сэтгэл сэргээх үзэсгэлэнт мөсөн голыг хэдхэн метрийн зайнаас харж, эсвэл мөсөн гол дээгүүр алхаж, авирч, мөс хагарах, цуурах ер бусын чимээг сонсож, аз таарвал мөсөн голын нүүрэн хэсгээс асар том мөс тасран усанд унах үзэхийг хүсч буй бол Аргентинийг зориорой!

Мартах шахлаа, Марадона, Мессигийн эх орноор аялахдаа Патагони нутгаар зочилж, Перито Мореногийн мөстэй виски ууж ч болно шүү!!!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.