UBLife Logo
Дэлхий

“Исламын шашинтан, цагаач” Нью-Йорк хотын шинэ дарга боллоо

“Исламын шашинтан, цагаач” Нью-Йорк хотын шинэ дарга боллоо

Нью-Йорк хотын даргаар 34 настай Зохран Мамдани сонгогдлоо. Тэрээр сүүлийн 100 жилийн хамгийн залуу хотын дарга болсон бөгөөд энэ албан тушаалд очсон анхны исламын шашинтан болж байгаа юм.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр Ардчилсан намын төлөөлөгч Зохран Мамдани 50 хувиас илүү санал авч, ялалт байгуулж чадсан байна. Сонгуульд нийт 2 сая гаруй сонгогч оролцсон нь 1969 оноос хойш гарсан хамгийн өндөр амжилт болжээ. Зохраны гол өрсөлдөгч нь Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжсэн, Нью-Йорк мужийн амбан захирагч асан Эндрю Куомо байлаа. Гэхдээ тэрээр дөнгөж 40 хувийн санал авчээ.

Зохран Мамдани сонгуулийн сурталчилгааныхаа үеэр дүүрэг болгонд улсын дэлгүүр нээнэ, автобусыг үнэгүй, сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй болгоно, баячуудад өндөр татвар оноож, цалингийн доод хэмжээг цагт 30 ам.доллар болгож нэмнэ зэрэг олон амлалт өгсөн. Тэрээр Ерөнхийлөгч Трамптой тун тааруу харилцаатай. Дональд Трамп Мамданиг “хэнхэг коммунист” хэмээн нэрлэж, Truth Social-д муулсан постууд оруулж байсан. “Хэрэв Мамдани Нью-Йоркт ялалт байгуулбал холбооны сангаас нэг ч цент өгөхгүй, Нью-Йорк хотыг хяналтдаа авна” гэж мэдэгдэж байсан. Үүний хариуд Зохран ялалт байгуулсныхаа дараа Трампад хандан, “Хэрэв та бидний хэн нэгэнд гар хүрэх гэж санаархаж байгаа бол биднийг бүгдийг нь давж гарах хэрэгтэй болно” гэж хэлж байлаа.

Зохран Мамдани Угандад төрж, Кейптаунд өссөн. Долоон настайд нь тэдний гэр бүл Нью-Йоркт иржээ. Энэтхэг гаралтай. Зохран Бронксийн элит шинжлэх ухааны сургуулийг дүүргээд Боудин коллежийн урлагийн бакалавр болсон. Улс төрийн замналаа эхлүүлэхээс өмнө тэрээр бага орлогтой хүмүүст тусалдаг ажилтай байлаа. 2015 оноос улс төрд орж, олны анхаарлыг шууд татсан. Таван жилийн дараа депутат болсон байв. Мамдани сонгогчидтой уулзан ярилцаж, байрны үнэ, амьдралын талаар олон хэл дээр нэвтрүүлэг гаргаж байв. Энэ оны эхээр тэр сири уран зураач Рама Дуважитай гэрлэсэн. Рама блог хөтөлдөг, урлагийн хүн. Тэд Нью-Йорк, Дубай хотод хоёр удаа хуримын ёслол хийсэн байна.

Түүний ээж Мира Наир алдартай кино найруулагч, аав нь Колумбийн их сургуулийн профессор Махмуд Мамдани. Тэд хоёулаа Харвардын их сургуулийн төгсөгчид.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.