UBLife Logo
Спорт

Спортын гимнастикийн ДАШТ-ий "Базаа"

Спортын гимнастикийн ДАШТ-ий "Базаа"

Спортын гимнастикийн (Artistic gymnastics) 53 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн өнгөрсөн аравдугаар сарын 19-25-нд Индонезийн нийслэл Жакартад болсон. Тэмцээний мэдээ, мэдээлэл Монголд нэг их гарсангүй юу, эсвэл би олж чадсангүй юу,  зарим уншигчид маань "бичихгүй юм уу?" гэсэн тул хожимдсон ч гэсэн бяцхан "базаа" хүргэхээр шийдлээ.

Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь  гимнастикийн ертөнцөд (спортын  болон уран сайхны гимнастик аль алинд нь) томоохон байр суурь эзэлдэг ОХУ-ын гимнастикчид хэдэн жил "хорионд" байсны эцэст төвийг сахьсан хувь тамирчны статустай эргэн ирсэн явдал. Угаасаа спортыг улс төржүүлснээр тамирчид, спортын хорхойтнууд хохирдог, спорт өөрөө ч хамгийн их хохирдог гэдгийг бид зөндөө л харлаа даа.

Мэдээж гимнастикийн ямар ч тэмцээнд үнэмлэхүй аварга буюу олон төрөлтөд түрүүлсэн тамирчин хамгийн их нэр алдар хүртдэг нь зүй ёсных. Тиймээс олон төрөлтөөс эхлэе.

Эрэгтэйчүүдийн үнэмлэхүй аваргаар Олимпийн 3 алт, нэг мөнгө, ДАШТ-ий 5 алт, 6 мөнгө, нэг хүрэл медальт, Японы Дайки Хашимото 85.131 нийлбэр оноогоор түрүүлж, үнэмлэхүй аварга болсон. 24 настай Хашимото ДАШТ-ий үнэмлэхүй аварга цолыг гурав дахиа хүртсэн нь энэ.

Түүний "мөнхийн өрсөлдөгч", мөн үе тэнгийн "үхэр хонь жилтэй”  буюу 25 настай БНХАУ-ын гимнастикч, Олимпийн хошой мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгөн медальт Жан Бо Хэн 84.333 оноогоор мөнгөн медаль хүртэж, Швейцарийн Ноэ Зайферт дэлхийн АШТ-ээс анхны медалиа зүүлээ.

Сонирхолтой нь олон төрөлтөд медаль авсан гурав маань бусад  аль ч дасгалд аваргалж чадсангүй. Энэ нь тамирчид олон төрөлтөөс илүү аль нэг дасгалд илүү мэргэжиж буйг харууллаа.

Тухайлбал харайлтад гэхэд л Филиппиний Карлос Юло сүүлийн хэдэн жил ноёрхож байгаа. Тэрбээр олимпийн хошой алтын нэг, дэлхийн АШТ-ий 2 алтынхаа нэгийг харайлтаар авсан бөгөөд энэ удаа бас л харайлтад түрүүлснээр ДАШТ-ий гурван алттай боллоо.

Чөлөөт дасгалд"Парис-2024" олимпийн чөлөөт дасгалд хүрэл хүртэж байсан  Их Британий Жэк Жэрмен алтан медаль хүртэж, дэлхийн АШТ-ий хоёр дахь алтан медалиа зүүлээ. Жэк 2023 оны ДАШТ-ээр харайлтаар алт авч байсан юм.

Модон морины дасгалд БНХАУ-ын Хон Ян Мин , Армений 18 настай хүү Мамикон Хачатарян нар ширүүн өрсөлдөж, адилхан 14.600 авсан ч Хон Ян Мин e score  буюу  (Е оноо нь дасгалын гүйцэтгэл, техник, урлагийн чадварыг төгс 10.0 онооноос эхлэн алдааны тоогоор хасаад явдаг) гүйцэтгэлийн оноогоор илүү байсан тул дэлхийн аварга болов.

Суга савлуурт энэ дасгалын 2020,2024 оны олимпийн аварга , 2017, 2018, 2023 оны дэлхийн аварга БНХАУ-ын Зоү Жин Юань торолгүй түрүүллээ.

Дүүжин цагаригт 31 настай АНУ-ын Доннелл Уайттенбург алт зүүж, багагүй дуулиан тарив. 10 жилийн өмнө америк гимнастикч ДАШТ-ий анхны ганцаарчилсан төрлийн медалиа (хүрэл) харайлтаар авч байсан бол энэ удаа цагаригт дэлхийн аварга болж буй нь энэ.

Эмэгтэйчүүдийн олон төрөлтөд ОХУ-ын гимнастикч, Олимпийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий үнэмлэхүй аварга Ангелина Мельникова түрүүлж, Дэлхийн АШТ-ий хошой үнэмлэхүй аварга боллоо.

А.Мельникова мөн харайлтад түрүүлж, өндөр нам савлуурт мөнгөн медаль авч, Жакартагаас хошой алт, нэг мөнгөтэй нутаг буцлаа.

Өндөр нам савлуурт Алжирын Кайлиа Немур алт авсан. Францад төрсөн алжир аавтай бүсгүй "Парис-2024" олимпийн өмнөхөн Францын шигшээгээс хасагдсан ч Алжирын нэрийн өмнөөс олимпод оролцож өндөр нам савлуурт алтан медаль авч Алжирын төдийгүй Африкийн анхны олимпийн аварга болж, шуугиан тарьж байсан билээ.

Дамнуургад БНХАУ-ын Жан Шин  Ин чөлөөт дасгалд Японы Айко Сугахара нар ДАШТ-ий анхны алтан медалиа хүртлээ.

Багийн дүнгээр БНХАУ (3 алт, 1 мөнгө,3 хүрэл), Япон (2 алт, 2 мөнгө, 1 хүрэл), АНУ (2 алт, 1 мөнгө, 2 хүрэл), Төвийн сахьсан тамирчид буюу ОХУ-ын тамирчид (2 алт, 1 мөнгө, 1 хүрэл) , Их Британи (1 алт, 2 мөнгө, 2 хүрэл) "айргийн тавд" шалгарлаа.

75 орны 427 (254 эрэгтэй, 173 эмэгтэй) тамирчин энэ удаагийн ДАШТ-д оролцсоны дотор манай Монголын гурван гимнастикч байлаа.

Эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон Г.Анужин нийлбэр дүнгээр 40.466 оноогоор 81-д бичигдсэн бөгөөд 16 настай манай охин өндөр нам савлуурт 9.933 оноогоор 100-д, дамнуургад 10.200 оноогоор 109-д, чөлөөт дасгалд 10.033 оноогоор 107-д тус тус жагссан.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд оролцсон Э.Өсөхбаяр чөлөөт дасгалд 12.333 оноогоор 65 дугаар байрт орсон бол Д.Энхтүвшин чөлөөт дасгалд 13.133 оноогоор 30-д, модон морины дасгалд 12.933 оноогоор 44-д , харайлтад 13.349 оноогоор 27-д бичигдлээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.