Японы алдарт жүдоч, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга жүдоч Хашимото Соичи өнөөдөр зодог тайлснаа зарлалаа. Жүдо сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд тэрээр “Physical: Asia” шоуны Японы багийн гишүүн гэдгээрээ алдартай.

Хашимото Парисын олимпод түрүүлэх зорилготой очоод хүрэл медальтай буцсан. Зодог тайлах гэж бодсон ч үргэлжлүүлэн барилдсан юм. Энэ жил дөрөвдүгээр сард Бүх Японы үнэмлэхүй жингийн АШТ-д оролцож, гуравдугаар тойрогт ялагдсан. Дараа нь Бразилд 21 хоног цугларалтад хамрагдсан билээ.

Энэ зун “Би хаана, хэзээ зодог тайлахаа шийдсэн байгаа. Харамсахгүйгээр их спортоо орхино” гэж ярьж байлаа.
Их Дуулга, Гран При тэмцээний 17 медальтай. Үүнээс арав нь алтан медаль. 73 кг жинд барилддаг. 170 см өндөр. Алдарт Ооно Шёохэй аваргатай 4 барилдаж, 2 ялсан. 34 настай. Өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль авч, япон жүдочдоос дэлхийн медаль авсан хамгийн ахмад тамирчны (32 нас 11 сар) амжилт тогтоосон. 2020 онд дэлхийн чансааг тэргүүлж байсан ч Японы жүдо бөхийн холбоо түүнийг Токио олимпын шигшээ багт сонгоогүйд одоо болтол харамсаж явдаг. Үүрэх, тонгорох дархан мэхтэй. Одоо дэлхийн чансааны 5-д жагсаж байгаа ч ийнхүү дэвжээгээ орхилоо.

