Өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээний найм дахь өдөр шалгалтдаа тэнцээд, банцүкэ тогтоох маэзүмо барилдсан шинэ бөхчүүдийг дохён дээр танилцууллаа. Шинэ бөхчүүд энэ ёслолд дэвжээнийхээ жюүрёо, дээд зиндааны ах нарынхаа кэшёо маваши буюу ёслолын мавашитай гарч ирдэг ёстой.

Японы 63 дахь ёкозүна Асахифүжигийн нэрийг өвлөн авсан Исэгахама дэвжээний Б.Очирсайхан мэдээж ёкозүна багшийнхаа мавашиг хэрэглэсэн байлаа. 63 дахь ёкозүна Асахифүжи бол дээд зиндаанд 4 удаа түрүүлсэн, дараа нь ояката болоод Харүмафүжи, Тэрүнофүжи гэсэн хоёр монгол ёкозүна төрүүлсэн хүн билээ. Маэзүмод 3 барилдаж, 3 давсан Б.Очирсайхан ирэх башёд бусдаасаа банцүкэ дээгүүр жагсах юм. Шинэ бөх ёкозүнагийн нэртэй маэзүмо барилдсан нь түүхэнд тохиолдож байсангүй, танилцуулга дээр Ёкозүнагийн кэшёо мавашитай гарч байсан удаа ч байсангүй.

Шёовагийн сүүл үеэс Хэйсэй эрин хүртэл барилдсан 63 дахь ёкозүнагийн ёслолын мавашиг 35 жилийн өмнө хийсэн эд. Pegasus гэсэн бичиг, далавчтой морь, од гаригийн зурагтай, доод талд нь “Асахифүжиг дэмжигчдийн Япон дахь нийгэмлэг” гэсэн бичигтэй. Б.Очирсайханыг дохён дээр гарахад бүгд алга ташин, алдарт аваргын ёслолын мавашиг дахин нэг шимтэн харч байлаа.

Тэгвэл манай бас нэг шинэ бөх болох Таманой дэвжээний 197 см өндөр Тэншёояма Г.Отгонбат өөрийн багш озэки Точиазүмагийн ёслолын мавашиг авчээ. Точиазүмагийн маваши нь уулны зурагтай бөгөөд Г.Отгонбат “Миний нэр “Тэнгэрт тэмүүлэх оргил” гэсэн утгатай. Багш надад энэ мавашиг хэрэглэ, яг тохирно гэж хэлсэн. Их хүнд кэшёо маваши байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Танхимд байсан үзэгчид ч бүгдээрээ алдарт арслангийн мавашиг харан, арга ташин, хүлээж авлаа.
Ийнхүү өчигдөр алдарт аварга, арслан хоёрын шавь нар багш нарынхаа кэшё мавашиг дахин дохёнд гаргаж, хийморийг нь сэргээлээ.
