Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болох гэж байна.
“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. ХИС-ийн 4-р курсийн оюутан Б.Нандинцэцэгийн “Хайр харгислал хоёр хамт оршдоггүй“ нийтлэлийг хүргэе.
Хардах нь хайр уу? Эсвэл... өвчин үү? Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж…. Монголчууд үнэхээр л үнэн хэлжээ. Энэ удаа би “харахад сайхан гүндүүгүй эр, олондоо нэртэй, халамжит сайн аав гэвч алгуурхнаар нөгөө их дурлаж хайрлаж авсан гэргийнхээ нүдний цогийг унтраан, амьдралын аз жаргалыг нь үгүй хийж байгаа эрийн тухай өгүүлэх юм. Хайртай, халамжилна, хамт сайхан амьдарна гэж амлаж эхнэрээ болгочхоод дөрвөн хананы дунд хорьж, нийгмээс тусгаарлаж, өөрийн гарын аясаар байлгах нөхрүүд... хэр их бол, ... яагаад ингэдэг бол... салах боломжгүй гэж үү,...насаараа ингэж амьдрах гэж үү?...
Заяа бүсгүй 10 жилээ мөдхөн төгсөх гэж байлаа. Ихэд хайртай гэх, бас халамжтай, сайхан сэтгэлтэй ах залууд үнэхээр их итгэсэн. Эхэндээ хамтын амьдрал сайхан байж, хөөрхөн охинтой болоод ээж, эхнэр хүн болчихлоо хэмээн дотроо баяртай байлаа. Төд удалгүй нөхөр маань намайг хардаж эхэлсэн. Хардахаас нь эмээж, гадуур дотуур зугаалах, найз нөхөдтэйгээ уулзах бүү хэл гоёж гангалахаа ч больсон. Би нүүрээ будахаа болиод зургаан жил болж байна. Тэгсэн ч бүр их хардана. “Ингэж байхаар салъя” гэхэд “чи өөр хүнтэй болчиж” гэж бүр их хардах, хянах болсон юм. Энэ болоогүй ээ... Надад бүх юм хориотой сүүлдээ гэрээс ч гаргахаа больсон. Гэрээс гарахаа больсон надад бас л итгэхгүй гэртээ камер тавьлаа. Мэдээж хэрэг хардаж уурлаж байгаа хүн гар хүрдэг ч болсон. Энэ мэт амьдралаар амьдраад би найман жил гаруй болж байна. Би нөхрөөсөө салах гэхээр энэ хүн гэрээс гаргахгүй хаашаа ч хөдөлгөхгүй, аятайхан амьдрах гэхээр хардаад надад үнэхээр хэцүү байна. Манипуляци буюу санаатайгаар зальжин аргаар мэхлэх, хүнийг уран аргаар эрхэндээ оруулах, хүссэнээ хийлгэх гэсэн утгатай үйлдэл хүний амьдралд өдөр тутамдаа тохиолдож байдаг. Амьд амьтан бүр ерөөсөө нөгөөгөө аргандаа оруулахын тулд хэрэглэж байдаг. Оюун ухааны дээд түвшний хүн бол ухамсартайгаар зорилготойгоор хэрэглэж байдаг. Бид алхам бүрдээ ямар нэгэн хүний заль мэхний хохирогч юмуу өөрсдөө мэхлэгчид болж байдаг аж. Яагаад гэвэл бидний амьдрал тэр чигээрээ харилцаа, харилцааны сүлжээ байдаг. Хүн хоорондын харилцаа бол бид нарын амьдрал гэсэн үг. Дотны харилцаа, зөв харилцаанд дараах гурван шинж тэмдэг байна.
1-рт, өөрийнхөө хил хязгаарыг тавьдаг, хамгаалдаг. Түүн шигээ нөгөө хүнийхээ хил хязгаарыг хардаг, мэддэг, хүндэтгэдэг давдаггүй, давуулдаггүй ийм шинж чанар цэвэр хүндэтгэл.
2-рт, өөрийн хүсэл зорилгыг зөв хэлбэрээр хэлдэг, сонсдог чадвар. Нөгөө хүнээ таах болов уу, таамаглах болов уу, хийчих болов уу гэдэг биш үнэн голоосоо чин сэтгэлээсээ нээлттэйгээр нөгөө хүндээ хүсэл зоригоо хэлдэг, нөгөө хүнийхээ хэлж байгааг сонсож чаддаг. Ийм амьд харилцаа, өгөө авааны солилцоотой.
3-рт, өөрийнхөө эмзэг асуудлыг сайн мэддэг, хүлээн зөвшөөрдөг, тэрнээсээ ичдэггүй. Яг үүнтэй адил нөгөө талынхаа эмзэг асуудлыг мэддэг. Тэр эмзэг асуудлыг өөрийнхтэйгээ адил хамгаалдаг. Тэрүүгээр нь далимдуулж жижигрүүлж ичээх зовоох үйлдэл огт гаргадаггүй. Харамсалтай нь дээрх гурван шинж бидний олонхид маань байхгүй, дотно харилцаа гэж юу чухал болохыг ихэнх нь ойлгодоггүй. Харин эсрэгээрээ нөгөө хүний эмзэг газарлуу дайрдаг, нөгөөхөөр нь барьцаалж өөрийнхөө хүсэл зорилгыг гүйцэлдүүлдэг. Тэр тал дээр нь тулгуурлаж тэр хүнийг дорой болгож өөрийнхөө давуу байдлыг мэдэрдэг үйлдэл түгээмэл.
Энэ гэрт би аз жаргал гээчийг эдэлж үзээгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Ямар нэгэн баяр ёслол болоход би охинтойгоо л хамт өнгөрөөдөг. Ойрын хэдэн жил би нөхрийн хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гээчийг мэдрээгүй. Би бусад эмэгтэйчүүдийн адил хүссэнээ хийж, найз нөхөд, хамаатан садныдаа зочилж, хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсдэг ч нөхөр маань хэзээ ч намайг гэрээс гаргадаггүй. Намайг хэнтэй ч харьцахгүй гэртээ л бай гэж хэлдэг. Тэр байтугай аав ээжийнд минь ч очуулахыг хүсдэггүй. Манипулятор хүн илт хүчийг хэзээ ч хэрэглэдэггүй. Зөвхөн сэтгэл зүйн далд, зөөлөн аргуудыг хэрэглэж золиосоо атгандаа базаж байдаг. Сэтгэл хөдлөлийн амьдрал маш дутмаг, сэтгэл нь хөгжөөгүй байдаг хэмээдэг. Сэтгэл зүйн хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлж болно. Ийм хүмүүст ёс зүй, үнэн, болно, болохгүй гэсэн хэм хэмжээ, нөгөө хүнээ хүндлэх, нөгөө хүнээ мэдрэх гэдэг зүй огт байхгүй. Харилцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйг аажмаар удаанаар сөнөөж үгүй хийж байдаг хүчирхийлэгч. Дандаа дүр исгэж хуурч байдаг учраас бусад хүмүүс сайн мэддэггүй. Хүмүүс түүний хувьд зүрх сэтгэлтэй, өвддөг зовдог гэдгийг хэзээ ч бодож үздэггүй хэмээдэг. Ийм хүнийг танихад амаргүй. Бүх чанаруудаа хумсаа нуусан муур шиг далд агуулж байдаг.
Нөхөр маань анх хамгийн сайн л хүн байлаа. Гэвч өдрөөс өдөрт дошгирч, үе үехэн хараадаг байсан ч тэр нь ихсэж хайр найргүйгүйгээр аймшигтай үгсээр харааж, сүүлдээ гар хүрдэг болсон. Тодорхойгүй байдал манипуляторуудын гол арга байдаг. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдал хүнийг их туйлдуулдаг. Гэхдээ эмэгтэйчүүд бид насанд хүрсэн хүний хувьд хүнийг таньдаг, мэдэрдэг байх ёстой. Би гэнэн цайлган, би хүн таньдаггүй хэмээн өөрийгөө зөвтгөх нь би энэ амьдралаа хэний ч гараар үрүүлэхэд бэлэн байна гэдэгтээ утга нэг шүү.
Манипулятор хүн жижиг зүйл дээр ялахыг хичээдэг, муу талуудаа маш их нуудаг. Хоёулахнаа байхдаа нэг өөр бусдын хажууд тэс өөр байх нь элбэг. Хүн эрүүл байх тусам муу талаа нуух нь багасдаг. Өөрийнхөө сул талыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. “Тийм ээ би ийм, энүүгээрээ дутуу, түүгээрээ муу” хэмээн хүлээн зөвшөөрдөг байх нь сэтгэл зүйн эрүүл хүний шинж. Хоёр жилийн өмнөөс миний сарын тэмдэг ирэхээ больчихсон. “Би эмнэлэг орж үзүүлмээр байна” гээд нөхөртөө байнга хэлдэг байсан ч тэр хэзээ ч зөвшөөрдөггүй. “Чи гарч яах гээд байгаа юм, хэнтэй уулзах гээд байгаа юм, би чамайг ална шүү” гэж байнга сүрдүүлдэг. Энэ их зовлонг би хэнд ч хэлдэггүй. Миний л үүрэх ёстой амьдрал гэж бодож явсаар цөхрөлд хүрлээ. Заримдаа зүгээр л үхчихмээр санагдах юм.
Манипуляторын золиос болсон хүн эцэст нь өөрөө өөртэйгээ ярьсан нэлээд өөрчлөлтэй хүн шиг болсон байдаг. Зарим тохиолдолд амиа хорлох нь бий. Ийм хохирогч болсон тохиолдолд хоёр л арга байдаг. Эхнийх нь ингээд идүүлээд дуусах, дараагийнх тэмцэж, үзэж байж салах. Мэдээж хэрэг салах зам бол маш хүнд. Яагаад гэвэл манипулятор ба золиосын хооронд “сэтгэл зүйн гүн хамаарлын хам шинжтэй дааврын нөлөөний физиологийн донтолт” байдаг. Энэ нь юу гэвээс. Манипулятор хүнийг дандаа зовоогоод байдаггүй, золиос болсон хүндээ бага зэргийн шагнал өгөөд байдаг. Бэлэг өгөх юмуу, гоё үг хэлэх маягаар аз жаргалын даавар ялгаруулах үйлдэл хийж байдаг. Мэдээж хэрэг удалгүй буруутны мэдрэмж өгөх, алга болох гэх мэтээр зовоож эхэлнэ. Энэ үед кортизол даавар ялгардаг. Энэ дааваруудын савлагаа дунд байсан хүн “дааврын донтон” болчихдог. Би ингээд өөрийнхөө амьдрал, сэтгэл санаагаараа тоглуулаад дуусч болохгүй ээ, оюун санаагаараа ойлгоод салья гэсэн ч бие махбод нь дааврын донтон болсон байдаг. Аз жаргалынхаа ч зовлонгийнхоо дааврыг үгүйлээд байдаг. Тэрийг мэдрүүлээд байдаг хүн нөгөө хүн учраас салж чаддаггүй. Яагаад гэдгээ өөрсдөө мэддэггүй. Үүнийгээ “би хүүхдээ бодож байна, босгосон амьдралаа бодож байна, уул нь энэ хүн их сайн хүн” гэх мэтээр боддог.
Саяхан би ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмч намайг дэндүү их юм боддог юм уу, стресстэй байдаг юм уу? Саванд чинь цус хуралдсан байна. Хагалгаанд орох шаардлагатай, нэг өндгөвчтэй чинь хамт авна гэж хэлэхэд 27 настай надад тэнгэр ниргэх шиг болов. Хариуцсан эмч маань эрэгтэй хүн байсан тул нөхөр маань дахиад л намайг хардаж эхэлсэн. Би үнэхээр залхаж байна. Миний эмнэлэгт хэвтсэн 7 хоног өвдөлт, зовлон айдас, цөхрөл, гуниг болж мэдрэгдэн өнгөрсөн. Би үхэж байж л энэ бүхэн дуусах биз... гэж боддог боллоо... Яагаад ингэж боддог болсон гэвэл би салах гэж зөндөө үзсэн. Гэвч би нийгэмд гараад, хаашаа явах вэ, хэн намайг хайрлах вэ, өөрийн гэсэн орлогогүй, карьергүй намайг нийгэм хүлээж авах боломжгүй учраас би айж байна. Яг тэр хүний хэлсэн үг үнэн байх аа.
Хүчирхийлэл гэдэг эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Гэр бүлийн харилцаанд хүн бүр эрх мэдэлтэй орж ирдэг. Ихэнхдээ насанд хүрсэн хүн гэр бүлдээ илүү эрх мэдэлтэй байдаг. Эдийн засгийн хувьд бүрэн хараат байлгаж хүчирхийлдэг. Манипулятор хүн тусгаарлах аргыг хэрэглэж, “чиний найз чинь тийм, танай ээж ингэдэг” гэх мэтээр хэлсээр нэг мэдэхэд найз нөхөд, ах дүүсээсээ холдсон байдаг. Үүнийгээ их зөөлөөн аажим аргаар хийдэг. Ийм байдлаар нийгмээс тусгаарлаж, өөрийн эрхшээлдээ байлгадаг. Нөгөө хүнээ “хүн” гэж хардаггүй. Гэтэл ямар ч хүн өөрийн гэсэн оршихуйтай. Бүх юмыг хяналтдаа оруулахаас гадна нөгөө талаас хийж буй бүх зүйлийг нь шүүмжилдэг. Хоол давсгүй байна, гэр цэвэрхэн биш байна гэх мэтээр өөлдөг. Ийм хүнтэй амьдарч байгаа хүн өндөгний хальсан дээр явж байгаа мэт болдог. Яагаад гэвэл үйлдэл болгоныг шүүмжлээд байдаг.
Эмэгтэйчүүд харамсалтай он жилүүдийг өнгөрөөж, биеийн болон сэтгэлийн асар их хохирол амсах нь их. Сэтгэл зүйн хүчирхийлэл маш хүчтэй орж ирдэг. Үүнийг дийлэнхдээ үгээр хийдэг. Янз бүрийн муухай үгнүүдийг хэлж дарамт эрхшээлдээ оруулдаг. Ийм нөхцөлд амьдарч байгаа маш олон хүүхэд, эмэгтэйчүүд байна, тэд тэндээсээ гарч чадахгүй байна. Яагаад гэвэл очих газар байхгүй, мөнгө байхгүй, ажил байхгүй байх нь бий. Ийм хүмүүст хандаж хэлэхэд та ганцаараа биш, найз нөхөд, ах дүүстэйгээ байнга ойрхон байгаарай, цаг болоод өөрөө тэр нөхцөл байдлаасаа гарч ирэх хүч ойлголтыг аажим аажмаар өгөөрэй.