UBLife Logo
Нийгэм

Хүслийн талон

Хүслийн талон

Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, дэмжих зорилготой шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүдийг жил бүрийн 12-р сард тодруулдаг билээ. Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, МУБИС, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим хамтран зохион байгуулдаг тус наадам энэ жил 15 дахь удаагаа болох гэж байна.

“Алтан үзэг” наадамд оюутнууд нийтлэл, теле нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, мултьмедиа нийтлэл, нийгмийн реклам гэсэн таван төрөлд өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой байдаг. Өнгөрсөн жилийн нийтлэлийн төрөлд шилдэгт багтсан 10 бүтээлийг цувралаар хүргэж байна. МУБИС-ийн 4-р курсийн оюутан У.Цогжавхлангийн “Хүслийн талон” нийтлэлийг хүргэе.


Хүслийн талон

Хүмүүс хүнс авах мөнгөгүй, амьжиргаа доогуур айлууд хүнсний талон ашиглаж хүнс авдаг даа. Тэрийг бодохоор найз минь надад санаанд ордог юм. Хүлээн зөвшөөрөгдөх, байгаагаараа хайрлагдах, өөрөөрөө амьдрах гэдэг магадгүй хамгийн хэцүү зам биз. Түүнийг анх харахад тэр цайвар шар арьстай, үсээ хоёр сүлжсэн, 160 орчим өндөртэй нүдээрээ инээсэн охин байсан. Магадгүй тэр өдрүүд түүний үргэлжид жаргалтай байсан сүүлийн мөчүүд байсан гэж би боддог. Найз минь есдүгээр ангид ордог жилээ нэг охинтой найзалсан юм. Тэдний нөхөрлөл нандин, хэн ч харсан атаархам байсан. Угтаа тэр нөхөрлөл жинхэнэ хайр байсан юм билээ. Тэр үед хүүхдүүд одоогийнх шиг ижил хүйстэн, ЛГБТИ-г мэддэггүй ойлгодоггүй үе байлаа. Тэд хаана ч хамтдаа нэгнийхээ зургийг утасныхаа дэлгэцэн дээр тавьчхаад, тэмцээн уралдаан бүхэнд нь дэмжихээр ирж, цамцныхан захыг мушгин суухыг хардаг байв. Бүгд л энэ хоёр шиг найзлах юмсан гэж хүснэ. Гэвч үүрдийн мөнхийн нууц гэж бидний амьдралд байхгүй. Хэл ам, хов жив агаарт утаа шиг тарна. Жижиг хотод бол бүр ч хурдан. Нэгнийхээ тэмцээнийг үзэхээр ирсэн тэднийг нэгнээ үнсэж байхыг харсан нэг хөвгүүн тэдний тухай чихтэй болгонд ярьсныг нэг мэдэхэд үеийн хүүхдүүд бүгд л сонссон байв. Гэсэн ч найзад минь нууж явснаас ингээд ч болов нүүр тулах нь амар гэж надад хэлж билээ. Ад үзэгдэх зориг гэдэг хүссэн бүхэнд нь байдаггүй гэдгийг, энгийн байх өөр байхаас хэцүү гэдгийг, өөрөөрөө амьдрах гэдэг, хүлээн зөвшөөрөгдөх гэдэг байж боломгүй хэцүү гэдгийг хөндлөнгийн би ч сэтгэлээ шархалтал мэдэрсэн дээ. 

Хүмүүс ойлгохгүй, мэдэхгүй, мэдрээгүй зүйлээ хүлээн зөвшөөрөхөд хүнд байдаг. Гэхдээ угтаа тэд хүлээн зөвшөөрөх албагүй шүү дээ. Үүнийг л ойлгох гэж бид урт бас удаан хугацааг зарцуулдаг байх. Найзыг минь бас түүний хайртай охиныг харсан бүхэн тэдний тухай ярьж, нойл ороход нь хүртэл ардаас нь орж ярьдаг байлаа. Нэг удаа түүнийг ангид чимээгүй нулимсаа арчиж байхыг харчхаад юу болсныг лавлахад нойлд ардаас нь орж ирсэн охид түүний талаар, хүсэл сонирхол, хүйсийн чиг баримжааных нь талаар хоорондоо инээлдэн ярилцаж, заваан бохир, шижгийн гэхээр зогсохгүй ийм хүмүүс үхсэн дээр гэж хэлсэн байв. Үүнийг нь түүний хайртай охин ч сонссон байсан. Сургуулиар тарсан тэр яриа ангийн багш, сургалтын менежерийн ч чихэнд хүрч. Найзыг минь дуудан хүйсийн чиг баримжааг нь буруушааж, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүллээ гэж баахан өндөр дуугаар буруутгасан байж билээ. Тухайн үеийн эрүүл мэндийн ном, сурах бичиг дээр ч ижил хүйстэн, ЛГБТИ хүмүүсийг буруушаасан, тэднийг муу муухайгаар харлуулсан зүйлс байдаг байсан. Тэр хичээл орох болгонд ангийнхан найз руу минь эргэж харчихаад шоолон инээж, ам уралдаж шивэр авир хийнэ. Бидний үеийн өсвөр насныхан нэгэндээ дургүй их хатуу ханддаг ч байсан үе. Гэтэл ЛГБТИ хүмүүсийн тоо тухайн улсын хүн амын 10 хувь гэж олон улсын дундаж тоо судалгаа хүртэл байдаг шүү дээ. 

Ийм байдлаар бүтэн хоёр жил өнгөрсөн. Найз минь гэрийнхэн хамаатнууд, сургуулийн хүүхдүүд, нүдтэй бүхэнд ад үзэгдэж, гэрээсээ өвлийн хүйтнээр хөл нүцгэн хөөгдөж, хорвоогийн хамгийн заваан хүн болчихсон юм шиг тэр харцыг өдөр бүр, цаг мөч бүхэнд мэдэрсэн. Тэрний дараагийн үе л найзын минь амьдралын хамгийн том уналт бас эргэлт. Тэрний хайртай охин түүн дээр ирчхээд хэдэн цагаар уйлж, ахиж түүнтэй байж чадахгүй, энгийн хүн шиг амьдармаар байна гэж хэлэхийг сонссон найз минь чив чимээгүй үнэхээр гэж үү гэсэн харцаар удтал ширтсэнийг нээлттэй нэг давхрын ангийн цонхоор бүгд л харж суусан. Найз минь хоёр жилийн хугацаанд муу муухай хатуу бүхнийг туулан ганцхан тэр охинтой байхын төлөө, хүнд бүхнийг өнгөрөөч, үг бүхнийг хажуугаараа өнгөрүүлсэн шүү дээ гэж би бодон бодон суусан. 

Тэд удаан гэгч нь тэврэлдээд найз минь түүнийхээ духан дээр үнсээд явуулсан. Тэднийг тэр өдрөөс хойш ахиж хамт байгааг хараагүй ч найзыгаа өдөр бүр чимээгүй, дотогшоо нэгэн болж байгааг би анзаарч, тэр байтугай ангийн хүүхдүүд ч мэдэрч суусан. Эхний нэг жил тэр түүнийхээ тухай өөрийнхөө тухай ганц ч үг дугараагүй хэн рүү ч хараагүй, толгойгоо ч дээш өргөөгүй. Төгсөх жилдээ бид эргээд бага багаар өнгөрсөн бүхний талаар ярилцаж, аав ээж нь түүнийг энгийн хүн болсонд нь баярлаж байгаа гэж надад инээмсэглэн хэлчхээд төгсөөд ЛГБТИ төвд очиж ажиллах хүсэлтэй байгаагаа, ирээдүйд илүү нээлттэй хол оронд очиж амьдрах хүсэлтэйгээ хэлсэн. Гэхдээ миний мэдэх тэр нүдээрээ инээдэг охин аль хэдийнээ хаа нэгтээ алга болчихсон. Хүн бүхний хүссэн энгийн охин болсон байлаа. 

Би МУБИС-д оюутан болсон тэр минь хувийн сургуульд орсон. Энд сургуулийг нь дурдаад дэмий биз. Сургуулийн үүдэнд ирээд хичээл тарахаас өмнө намайг хүлээгээд хоёрдугаар байрны доор сандал дээр сууж байдаг сан. Төгөлдөр төвөөр оюутнуудын хөл тасрахгүй. Намрын нэгэн өдөр бид түүний хайртай охиныг томоо гэдэстэй ууртай залуутай алхаж байхыг харсан. Тэр энгийн амьдралаа олжээ гэж хэлчхээд жаргалтай байгаа болов уу гэсэн найзын асуулт намайг буланд шахах шиг. Энгийн байх энэ байх нь ээ тийм ээ гэж хэлчхээд. Нэг нэгэн рүүгээ харан өнгөрөх нь миний дотор найз минь юу мэдэрч байгаа бол, харамсаж байгаа болов уу, баярлаж байгаа болов уу гэсэн олон асуултад төөрүүлж орхисон. 

Тэр өдөр найз минь халамцуу залгаад надад Б.Лхагвасүрэнгийн “Хуримын зар” шүлгийн тухай удтал ярьчхаад надад хайртайгаа, бүх цаг үед өөрийг нь ойлгосонд баярлаж, удаан гэгч нь бид ярилцсан. Тэр өдөр миний түүнийг харсан бидний нүүр нүүрээ харан  ярилцсан сүүлийн өдөр байсан. Найз минь тэр явдлаас хойш надтай уулзалгүй холбоо барилгүй гадагшаа явсан. Энэ хотод энэ улсад хайртай бүхнээ үлдээгээд хэний ч мэдэхгүй, өөрийг нь танихгүй газар луу хэнд ч хэлэлгүй явсан. Аав ээжээсээ ч холбоогоо тасалсан. Тасарч болох бүхнээс тасарч, үлдээж чадах бүхнээ тэр үлдээсэн. Сүүлийн гурван жилд би түүнээс ямар ч сураг сонсоогүй ч сайн яваадаа гэдэгт нь итгэж найддаг. Чамайг явсны дараа би тэр үед яагаад судалгаа хийж чамд туслаагүй юм бол гэж их бодсон. Манай улсад 2015 ЛГБТИ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаад өсвөр үеийн залуучууд хүчирхийлэлд их өртөж байна гээд 24 цагийн турш тусламжийн утас ажилладаг байсан гэдгийг чамайг явсны дараа л мэдсэн үүнд ч их харамссан. Тухайн үед багш, сургалтын менежер ч чамд тэгж хандах эрхгүй байсан юм билээ. 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан гэмт хэргийн тухай хуулийн төслийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн улмаас ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт хүртэл орчихсон байсан гэдгийг даанч сүүлд олж мэдсэн. Чамайг зүгээр л бүхнийг даван туулсан гэж бодож явсандаа хэтэрхий харамссан. Судалгаа унших болгондоо чамайгаа яаж уйлж тэр хүнд өдрүүдийг даван туулсан байна даа гэж боддог юм. Судалгаагаар ижил хүйстнээ сонирхдог өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлолт гурав дахин илүү тохиолддог гэсэн судалгаа байсан. Чи ч бас тэдний нэг байж болох байсан гэж бодохоор, ганцаараа бас хамгийн үнэнээрээ байсан чамаар би сэтгэлдээ дандаа бахархаж явдаг. 

Дэлгүүрт хүнсний талоноор хүссэнээ авч байгаа хүмүүс удаан хугацаанд аваагүй хүнсээ авч  хүслээ биелүүлж байгаа шиг би ч бас хүслийн талонтой болоод чамд, чамайг ойлгодог ирээдүйг бэлэглэх юмсан гэж хүсдэг. Одоо энд хүмүүс илүү нээлттэйгээр өөрийн хүйсийн чиг баримжаа, хүсэл сонирхлыг нээлттэйгээр бусдад хэлдэг болсон шүү. Нээлттэйгээр дэмжлэг туслалцаа ч авдаг болсон байна лээ. Хүмүүсийн эрхийг хамгаалах талаар сургалт олон хийгддэг болсон. Сошиал илүү нээлттэй болж ЛГБТИ болон хүний эрхийн дэмжигчид гэсэн хаалттай  сошиал группд 16000 мянган дэмжигч байна гээд боддоо. Найз минь юмс ингэж өөрчлөгдсөн. Чамайг эх орондоо над дээр эргээд ирэхэд би илүү дээр нийгмийг бүтээхийн тулд, нийгэмд илүү зөвөөр ойлгуулахын тулд өдөр бүр бичиж, нийтэлж тэдний төлөө дугардаг сэтгүүлч болчхоод чамайг би хүлээж байя. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.