UBLife Logo
Спорт
Physical Asia | Солонгосын багийн гишүүн Амотти гэж хэн бэ?

Physical Asia | Солонгосын багийн гишүүн Амотти гэж хэн бэ?

Netflix-ийн “Physical: Asia” шоуны ялагчаар БНСУ-ын баг тодорч, нэг тэрбум воны эзэд билээ. Ялагч болсон БНСУ-ын багт өмнө нь хоёр улирал зохиогдсон “Physical: 100” шоуны шилдэг оролцогчид багтсан нь олны анхаарлыг татсан. Тэгвэл тус багийн лидер гэгдэж байсан Амотти буюу Ким Жэ Хуны талаар баримтуудыг хүргэе. 

Кроссфитийн од

Амотти өдгөө 33 настай бөгөөд кроссфитийн тамирчин. Тэрээр дасгал хөдөлгөөний бичлэгүүдээр YouTube суваг хөтөлж олонд танигдаж байв. Цэргийн албаа хаасны дараа кроссфитийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд олон улсын “CrossFit Leaderboard” тэмцээнд дэд байр, 2018 онд Ази тивийн эрэгтэйчүүдийн ангилалд 24-р байр эзэлсэн туршлагатай тамирчин. Зөвхөн кроссфитийн спортоор хичээллээд зогсохгүй, бодибилдингээр хичээллэж, 2023 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Show Me Your Body” тэмцээнд оролцож байжээ. 

‘’Physical:100’’ тэмцээний ялагч

“Physical:100” шоунд оролцохоос өмнө ч Амотти кроссфитийн ертөнцөд хэдийн байр сууриа олсон нэгэн байсан. Шоуны хоёрдугаар улиралын оролцогчдын ихэнх нь түүнийг таньж байсан бөгөөд шоуны дараa түүний YouTube суваг 190 мянгаас 300 мянган дагагчтай болж өсчээ. Шоуны финалын шатанд тэсвэр тэвчээрийн дээд цэгийг сорьсон гурван даалгаврыг амжилттай биелүүлэн ялалт байгуулж, 300 сая воны эзэн болж байв. Финалын шатны дараа Амотти шоунд хамт оролцсон 99 тамирчиндаа талархал илэрхийлж, мөн “Энэ тэмцээнд оролцохоор шийдсэн мөчөөс эхлэн би өдөр бүр бүх чадлаараа хичээж, харамсах зүйлгүй байхаар зорьсон. Бууж өгөхгүй шаргуу хөдөлмөрлөх итгэл үнэмшил минь намайг ялалтад хүргэлээ” гэжээ. 

Хүнд гэмтлийн дараа спортдоо эргэн ирсэн

Амоттигийн амжилтын зам дардан байсангүй. ‘’Physical:100’’ тэмцээний финалын шатанд шалгарсан оролцогчидтой хийсэн ярилцлагад хүнд гэмтэл авсан талаараа дэлгэж байв. 2021 оны нэгдүгээр сард спорт заал руугаа скүтертэй явж байхдаа автомашины осолд орж, шагайгаа хүнд гэмтээж байжээ. 10 цаг үргэлжилсэн хүнд мэс заслын дараа эмч нар түүнийг буцаад спортоор хичээллэх хэмжээний бүрэн эдгэрэхгүй гэж байсан ч хоёр жилийн хугацаанд гам барьж, чадахаараа бэлтгэл сургуулилт хийсний ачаар их спортдоо эргэн иржээ. 

“Эмч нар намайг дахиж дасгал хөдөлгөөн хийх бүү хэл алхаж ч чадахгүй байж магадгүй гэж хэлэхэд бүх амьдрал минь нурж байгаа мэт санагдсан. Ээж маань намайг бүтэн сарын турш асарч байсан тул ээжийнхээ өмнө сэтгэлээр унаж болохгүй юм байна гэж бодсон. Өнөөдрийн намайг бий болгосон тэр хүнд хэцүү цаг үеийг туулж чадсан өөртөө бас ээждээ талархдаг” 

-Aмотти

Тамирчидтай найз нөхдийн хүрээ өргөн

Амотти найрсаг, нөхөрсөг зан чанараараа алдартай. ‘’Physical:100’’ шоуны эхний улирлын оролцогч, мөн ‘’Physical: Asia’’ БНСУ-ын багийн гишүүн Юн Сон Бинтай хамт олон жилийн турш бэлтгэл хийжээ. Амоттиг ‘’Physical:100’’ шоунд оролцохоос өмнө Сон Бин түүнд шоуны бичлэгийн урт хугацаанд амрах боломжоо ашиглах, биеэ хайрлахыг зөвлөж байсан гэдэг. Мөн түүний YouTube бичлэгүүдэд “Singles’ Inferno” S2-ийн И Жүн Сог зэрэг алдартай хүмүүс ч орж байсан. Өчигдөр YouTube хуудсандаа Австралийн багийн Эдди Уиллиамс болон Монголын багийн ахлагч Б.Орхонбаяртай хийсэн влогоо нийтлэсэн нь олны хайрыг татаж байна. 

2023 онд гэрлэсэн

Амотти 2023 оны наймдугаар сард гэрлэсэн бөгөөд хувийн амьдралаа олонд дэлгэхгүй даруухан байхыг илүүд үздэг нэгэн. Гэхдээ эхнэрийнхээ сошиал хаяг дээрх зураг бичлэгүүд дээр үргэлж дэмжсэн, романтик сэтгэгдлүүд үлдээдэг байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.