Хөлбөмбөгийн түүхэнд Курасао хэмээх арал улс алтан үсгээр бичигдэх хуудсыг нээлээ. 2026 онд АНУ, Мексик, Канадад болох хөлбөмбөгийн ДАШТ-д эрхээ Конкакаф буюу Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын бүсээс Ямайка, Тринидад ба Тобаго, Бермудтай хэсгээс Курасаогийн хөлбөмбөгчид эрхээ авсан. Мэдээж 2026 оны ДАШТ-д 48 баг оролцох болж, квот нэмэгдсэн, мөн АНУ, Мексик, Канад гээд ДАШТ-ийг зохион байгуулагч гурван орон эрхээ шууд авсан нь зарим оронд боломж болсон нь үнэн хэдий ч урьдчилан шалгаруулах тэмцээний гурван шатыг давж, Ямайка, Тринидад ба Тобаго гээд ДАШТ-д оролцож байсан багуудын өмнүүр хөндөлсөж дэлхийн аваргын эрхээ авна гэдэг чинь Курасао арлын хувьд хүршгүй мөрөөдөл нь биелэж байгаа хэрэг л дээ. Зөвхөн энэ бүсээс Сальвадор, Хондурас, Коста Рика гээд бас л дэлхийн АШТ-ий ногоон талбайд мөрөө гаргаад үзсэн багууд ДАШТ-ий эрхээ авч чадсангүй. Коста Рика л гэхэд 2014 онд Англи, Итали, Уругвай гээд гурван дэлхийн аварга нэг хэсэгт орчихоод хэсгээсээ нэгээр гарч , 16-д Грекийг хожоод, шөвгийн наймд Нидерланд буюу "Улбар шар" гэгддэг түүхтэй, амжилттай дэлхийн том багийн нэгт "пеналти"-аар "арай" гэж хожигдож байсан баг шүү дээ.
Тэгэхээр Курасао гэнэтхэн л "газар доороос" гараад ирсэн, хэдхэн жижиг арлын бүсээс шалгарсан баг биш ээ гэж энэ хүртэл нуршив, өршөөнө биз!

Курасаогийн хөлбөмбөгийн шигшээ багийг анх 2017 онд Конкакафын "Gold cup" тэмцээний үеэр тоглолтыг нь "амьдаар" нь харж байсан билээ. Үзүүштэй, задгай довтолж тоглодог ч хамгаалалт жаахаэ сул баг байсан. Дараагийн "Алтан цом"-д хэсгээсээ шалгарч плей-оффт АНУ-д хожигдсон санагдана.
Хамгийн сүүлд өнгөрсөн зун "Алтан цом-2025"-д Нидерландын нэрт мэргэжилтэн Дик Адвокатын удирдсан Курасаогийн шигшээ манайхаас холгүй Сан Хосе хотноо хоёр ч тоглолт хийснийг үзсэн. Бас нөгөө довтлох чиглэлийн үзүүштэй хөлбөмбөг үзүүлдэг "стиль" нь хэвээрээ, Сальвадор, Канадтай тэнцээд Хондураст нэмэлт цагт гоол алдаад мултарч байхад нь бас л дажгүй баг болжээ гэж бодож байв. Тэгтэл одоо Дэлхийн аваргад орох эрхээ авчихлаа, "Цэнхэр давалгаанууд". Курасаогийн хөлбөмбөгийн шигшээ багийг "The Blue Wave" ( цэнхэр давалгаа) ийн нэрлэдэг юм.
Курасао гэдэг нэрийг, энэ арал улсыг мэдэхгүй, сонсоогүй хүмүүс олон байдаг, аргагүй.

Өмнө нь Нидерландын эрхшээлд Нидерландын Антилын арлуудын бүлэгт багтдаг байгаад дөнгөж 2010 онд л тусгаар тогтнолоо олж, Курасао хэмээх нэртэй болсон арал улс л даа. Газар зүйн байрлалын хувьд Карибын тэнгисийн өмнө хэсэгт, Венесуэлээс хойд зүгт 80 км зайд оршдог улс юм.
Хөлбөмбөгийн холбоо нь манайд Ардын хувьсгал ялсан 1921 онд байгуулагдсан, 1932 онд ФИФА-ийн гишүүн болж, 2011 онд ФИФА-д Курасао нэрээр дахин бүртгэгдсэн. Хүн ам нь манайхаас 23 дахин бага(!!!) буюу 150 000 орчим.
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон хамгийн бага хүн амтай орон Курасао болж буй. Курасао буюу Curacao гэдэг нь нидерланд хэлээр нэрлэж буй бөгөөд өөрсдөө папьяменто ( португал суурьтай креол хэл) хэлээрээ Korsou гэж улсынхаа нэрийг бичдэг.
Хэдийгээр хөлбөмбөгийн холбоо нь 100 гаран жилийн түүхтэй ч Курасаод хөлбөмбөг арлын гол спортод тооцогддогүй байж. Курасаод бэйсбол номер нэг спортоор олон жилийн турш нэрлэгдсээр иржээ.
Харин 2015 оноос л Курасао арлынхан хөлбөмбөг рүү "харж" эхэлсэн байна. Шигшээ багийн дасгалжуулагчаар Нидерландын нэрт хөлбөмбөгч Патрик Клюйверт (ээж нь Курасаод төрсөн) томилогдсоноор олон зүйл өөрчлөгдөв. Патрик "Цэнхэр давалгааг" 2018 оны ДАШТ-д оролцохын төлөө өрсөлдөнө гэж том амлалт өгч, шигшээ багийн тогтолцоо, стратегийг шинэчлэв.
Өмнө нь Курасаогийн шигшээд арлын сонирхогчдын лигийн тоглогчдоор бүрдүүлдэг байсан бол Патрик шигшээд Европт тоглодог, Нидерланд пасспорттой ч кариб, курасао цустай мэргэжлийн тоглогчдыг тогтмол дуудаж тоглуулах болов.
Премьер лигийн "Астон вилла"-д 130 гаруй тоглосон Леандро Бакуна, Нидерландын "Эйндховено "Витесс"-д байсан хаалгач Элой Ром нарын шигшээ багийн гол цөмийг Клюйверт л Курасаогийн өмсгөлтэй тоглуулсан байна.

Өдгөө "Цэнхэр давалгаан" дунд, гарааны тоглогчдын дунд Курасаод төрсөн тоглогч байгаа нь цагтаа "Манчестер Юнайтед"-ийн академийн хамгийн авьяаслаг тоглогчдын нэгт тооцогдож, Нидерландын U15 -U21 хүртэлх бүх насны шигшээд тоглож явсан, өдгөө чемпионшип буюу Английн I дивизионий "Шеффилд юнайтед" -ийн Таит Чонг юм.
Бусад шигшээгийн бүх тоглогчид нь Европын Герман, Англи, Нидерланд ,Грек, Турк, Швейцарь, Бельги зэрэг орны лигт тоглож байна даа.
Патрик Клюйвертийн бэлдсэн "хөрсөн дээр" 2024 онд нутаг нэгт мэргэжилтэн, дасгалжуулалтын арга барил, туршлагаар Патрикаас илүү , Нидерланд,АНЭУ, Бельги, БНСУ, ОХУ,Серб, Иракийн шигшээг "базаж явсан", одоо 78 настай Дик Адвокат ирж, " зүлэг ногоог" нь ургуулжээ.
Одоо 2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Курасао улсын түүхэнд тодоос тод бичигдэж үлдэх нь тодорхой. Тиймээ энэ өдөр хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон хамгийн бага хүн амтой орон нь Курасао болсон юм. Ердөө 150 000 хүн амтай, жижигхээн арал улс Курасао шүү!!!
PABIEN CORSOU !
DANKI CORSOU!
БАЯР ХҮРГЭЕ, КУРАСАО!
БАЯРЛАЛАА! CORSOU!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
