Өмнөд Солонгосын “Mamamoo” охидын хамтлагийн гишүүн, дуучин Хвасагийн ‘’Good Goodbye’’ дуу чартуудыг тэргүүлж, сүүлийн долоо хоногийн турш хүн бүрийн аманд аялагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Өчигдөр тус дуу Өмнөд Солонгосын бүх чартуудад нэгт бичигдсэн байна. Бид дуучин Хвасагийн талаар баримтуудыг уншигчдадаа зориулан бэлтгэлээ
Түүний жинхэнэ нэрийг Ан Хе Жин гэдэг. 1995 оны 7-р сарын 23-нд Өмнөд Солонгосын Жонжу хотод төрсөн бөгөөд дунд ангийн сурагч байхаасаа дуу хөгжимд сонирхолтой, уран бүтээлч болох мөрөөдөлтэй хүүхэд байжээ. Багаасаа олон агентлагуудын сонгон шалгаруулалтад тасралтгүй оролцсоор ирсэн ч дуучин болоход хангалттай хөөрхөн биш, к-поп айдолуудад байх ёстой нарийн эмэгтэйлэг хоолойтой биш гэх шалтгаануудаар олон удаа татгалзсан хариу сонсож байсан гэдгээ “Dazed” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий. 2014 оны зургаадугаар сард ‘’Mamamoo’’ хамтлагт албан ёсоор дебютээ хийж, түүний уран бүтээлчийн замнал эхэлжээ. Тэдний анхны уран бүтээл “Mr. Ambiguous’’ чамгүй өндөр амжилт гаргаж, шүтэн бишрэгчид нь Хвасаг тухайн үеэс хамтлагийн гол хоолой гэж тодорхойлж иржээ.

“Би дөнгөж 18 настай жаахан охин байхдаа тайзан дээр анх гарсан. Хүмүүсийн хардаг тайзан дээрх өөртөө итгэлтэй, энерги дүүрэн Хваса бол миний шаргуу хөдөлмөрийн үр дүн. Үргэлж тайзан дээр байдаг шигээ хүчтэй байж чаддаггүй. Өөрийгөө хайрлаж чадахгүй, шантарч цуцмаар үеүд олон байдаг ч зүгээр л хайртай, хийх дуртай зүйлсээ хийсээр ирэхдээ би бага багаар хүчтэй болсон”

2019 онд бие даасан уран бүтээлчийн карьераа эхлүүлсэн. Соло уран бүтээлүүдээрээ дамжуулан тэрбээр өөрийгөө байгаагаар нь хайрлах, өөртөө сэтгэл хангалуун байх, эмэгтэйчүүдийг бие даасан байхад уриалах зэрэг тэр бүр к-поп айдолуудын хөнддөггүй сэдвүүдийг илэрхийлэхийн дээр түүнийг гадаад төрхөөр нь шүүмжилдэг үзэн ядагчиддаа хариу өгөөд амжсан нь ч бий. Одоогийн байдлаар дуучин PSY-ийн PNation агентлагт харъяалагддаг. 2020 онд гаргасан ‘’Maria’’ дуу нь маш алдартай. Дебютээ хийсэн цагаасаа хойш Хваса биеийн галбир, дүр төрх, хэв маягаасаа болж олон нийтийн шүүмжлэл, доромжлолтой удаан хугацаанд нүүр тулсан. Харин ‘’Maria’’ дуугаар дамжуулж олон нийтийн шүүмжлэлд хариу өгөх гэхээсээ илүү к-поп ертөнцийн хэтэрхий өндөр гоо сайхны шалгуурт нийцэх гэж өөрийгөө шархлуулж, шаналж байснаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө байгаагаар нь хайрлах аялалаа эхлүүлж буйгаа илэрхийлсэн юм. Мөн нэгэн арга хэмжээн дээр “Хэрвээ би энэ цаг үеийн гоо сайхны стандартад нийцэхгүй юм бол би өөрөө шинэ стандартыг тогтооно” гэж хэлж байсан удаатай.

“Мариа, байгаагаараа үзэсгэлэнтэй атлаа бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж юунд ингэтлээ хичээнэ вэ?
Хэдий бүх дэлхий чамаас нүүр буруулсан ч Мариа, би чамд байгаа
Тэд харахыг хүссэнээ л харж, ярихыг хүссэнээ л ярина Мариа, өөрийгөө бүү зовоо”
Харин 10-р сард цацагдсан “Good Goodbye” дуу нь Өмнөд Солонгосын кино урлагийн хамгийн том шагнал гардуулах “Blue Dragon Awards’’ ёслол дээр үзүүлсэн үзүүлбэрээс хойш тренд болж, Солонгосын бүх чартуудад нэгдүгээр байрт бичигдсэн юм.

“Энэ дууг зөвхөн хайраасаа хагацах тухай гэж бүү ойлгоосой. Харин өөрсдийн туулсан хүндхэн өдрүүд, сэтгэлээсээ тавьж явуулж чадаагүй гашуун дурсамжууд, амьдралаасаа явуулж чадаагүй зүйлс, харамсаж явдаг мөчүүддээ бид “сайн яваарай” гэж хэлээд үдэж болох юм шүү гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна. Би хайртай хүнээсээ салахдаа “баяртай” ч гэж хэлж чадаагүй. Түүнээс хагацахдаа хэлж чадах үг “баярлалаа” биш, цаашаа ганцаараа сэтгэл дүүрэн явахад нь туслах “сайн яваарай” гэх үг л байсан.”
