UBLife Logo
Спорт

Нэг ч оноо алдалгүй 189 ялсан алдарт бөх Осамү Ватанабэ

Нэг ч оноо алдалгүй 189 ялсан алдарт бөх Осамү Ватанабэ

Чөлөөт бөхийн олимпын аварга, дэлхийн хошой аварга, Японы бөх Осамү Ватанабэ 189 барилдаж, 189 ялсан, өрсөлдөгчиддөө нэг ч оноо алдаагүй гэсэн амжилтаар Гиннесийн номд бүртгэгдсэн байдаг. Ид 24 настайдаа зодог тайлаагүй бол хэд ялах байсныг хэн ч таашгүй.

Ватанабэ Японы Вассамү хэмээх жижигхэн тосгонд төржээ. Аав нь чулуу бэлтгэх газартай. Ватанабэ багаасаа аавдаа туслаж, чулууны ажил хийдэг байв. Бяцхан хөвгүүн байхдаа л тэр 50 кг чулуу зөөдөг байжээ. Тун хэцүү, хортой ажил тул аав нь өвчин тусаж, хэвтэрт оржээ. Аав нь нас барахаасаа өмнө хүүдээ “Осамү хүү минь, чи юу ч хийж болно. Гол нь тэр хийж байгаа ажилдаа хамгийн шилдэг нь байгаарай” гэж захисан гэдэг. Энэ үгийг Осамү хэзээ ч мартаж байсангүй. Ямар ажил, юу ч хийж байсан тэр шилдэг нь байхын төлөө хичээдэг байв. Жишээ нь, Осамү өглөө 5 цагт босоод хичээлдээ хамгийн түрүүнд ирнэ. Ийм жижиг зүйл дээр ч тэр хамгийн эхэнд байхыг эрмэлздэг болжээ.

Тэр чөлөөт бөхөөр харьцангуй орой хичээллэж эхэлсэн. Эхлээд сүмо барилдсан ч 160 см өндөр, 63 кг жинтэй тул хол явсангүй. Тиймээс жингийн ялгаатай спортын төрөлд шилжжээ.

Ватанабэ “Би сүмоч болохыг мөрөөддөг байлаа. Харамсалтай нь хэт жижигхэн байсан тул чадаагүй. Харин жингийн ялгаатай спортод бусадтай эн тэнцүү өрсөлдөж чадна”

Вассамү тосгон маш хүйтэн. Өвөл нь -30 хэм хүртэл хүйтэрдэг байв. Тийм үед сургууль амардаг ч бэлтгэлээ хийсээр байна. Бэлтгэлийн танхимдаа очих гэж хэдэн метр өндөр цасан нуранги дундуур явна. Хуучин танхимд цонх байхгүй, дээвэр нь цоорхой тул дээрээс цас унаад л. Гэвч хөвгүүд хэзээ ч гомдол гаргаж байсангүй.

20 настайдаа Ватанабэ улсдаа шилдэг нь болсон байсан ч япон заншлаар сэнпай хэмээх дээд ах нар шигшээ багт барилдах ёстой. Энэ шалтгаанаар Осамү 1960 оны олимпод оролцож чадаагүй юм. Түүний оронд олимпод явсан Сато Тамижи дөрөвдүгээр байрт орж, олимпоо дуусгажээ.

Ватанабэ “Ах нар биднийг бүр мөсөн захирагдахыг шаарддаг байлаа. Би тэднийг бүгдийг нь ялж чадах ч систем тийм шударга бус байсан. Тамижид би нэг ч ялагдаж байгаагүй”

Жил өнгөрч, Асамү өөрөө “том ах” боллоо. 1962, 1963 онд дэлхийд түрүүлэв. Ийм харгис, ширүүн барилдаан үзээгүй америк сэтгүүлчид түүнийг “Зэрлэг араатан” гэж нэрлэсэн нь насан туршийнх нь хоч болон үлджээ. Гадаадад түүнийг “Animal” Ватанабэ гэж дууддаг болов.

Токиод болсон 1964 оны олимпод Осамү 6 барилдаж, 6 ялан, олимпын аварга боллоо. Үүнээс гурвыг нь цэвэр даржээ. Нэг ч оноо алдсангүй. Гурван жил дэлхийн чөлөөт бөхийн оргилд байсан Ватанабэ гэнэт 24 настайдаа зодог тайлав. Тэр энэ шийдвэрээ тун сайн бодож байж, гаргасан. Ватанабэ том компанид ажилд орж, 20 жилийн турш компанийхаа хамгийн шилдэг ажилтан нь байжээ.

Ватанабэ “Би эгэл жирийн хүн шиг амьдрахыг хүссэн. Тийм болохоор хэзээ ч өөрийн алдар нэрийг ашиглаж байгаагүй. Ажил бол ажил, спорт бол спорт гэж яг таг заагладаг байлаа”

1971 онд тэр дэвжээндээ эргэн ирсэн. Долоон жил барилдаагүй ч Ватанабэд саад байсангүй. Шууд л улсын аварга боллоо. Ингээд дахиад зодог тайлав. 1988 онд 48 настайдаа бас эргэн ирэлт хийсэн юм. Хүзүүний архаг гэмтэлтэй байсан тул эмч нар тэмцээнд орохыг зөвшөөрсөнгүй. Харин Осамү бөхийн дэвжээн дээр үхэхэд ч бэлэн байв. Хоёр ялсныхаа дараа 48 настай Осамү гэмтлээр тэмцээнээс гарч, олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалтаас хасагджээ. Үүгээр түүний замнал өндөрлөсөнгүй. 2003 онд ахмадын дэлхийн аварга болсон байна.

Осамүгийн үед шигшээ багийн япон бөхчүүдийн хийдэг байсан бэлтгэл:

- Өглөө кросс, өдөр нь барилдаан, орой нь хүчний бэлтгэл. Бэлтгэлийн баазын дэргэд байх 100 гишгүүр шаттай өндөр толгодод унтахынхаа өмнө 10 удаа үсэрч гарна. Энэ бол тэдний хувьд жирийн зүйл байлаа.

-Мөсөн, хүйтэн усанд л орно. Өвөл ч байсан хамаагүй. Дасгалжуулагч шөнийн 3 цагт гэнэт сэрээгээд толгодод авируулах нь наад захын зүйл. Яагаад та нар ингэж өөрсдийгөө зовоодог юм бэ гэж асуухад бөхчүүд “Ямар ч хүнд нөхцөлд биеэ үргэлж бэлэн байлгахын тулд” гэж хариулдаг байв.

- Дүрэм зөрчиж, сахилга батын асуудал гаргасан бөхийг хатуу шийтгэнэ. Чулуун шалан дээр шөнөжингөө өвдөг дээр нь суулгана. Олимпын аварга уу, шинэ цэрэг үү, ялгаагүй ижилхэн шийтгэнэ.

- Бөхчүүдийг асаалттай гэрэлд унтуулна. Яагаад гэвэл гадаадад очоод цагийн зөрүү, эсвэл ямар нэг ослоос болоод 30-40 цаг унтахгүй үе гарч мэднэ. Тэгэхээр хаана ч, ямар ч нөхцөлд унтаж чаддаг байх хэрэгтэй.

- Их сургуулиа төгсөөд Осамү ажилд орох гэсэн ч дасгалжуулагч нь “Ажлыг хэзээ ч олж болно. Харин одоо бөхөд бүх биеэ зориул” гэж хэлсэн гэдэг.

- Ватанбэ зодог тайлахынхаа өмнө дэлхийн аварга Мохаммад Сейфпурыг 23:0 ялж байлаа. Түүнийг явснаас хойш удалгүй Сейфпур дэлхийн хошой аварга болсон. Ийм л ур чадварын зөрүүтэй байлаа.

- Ватанабэ орчин үеийн япон бөхчүүдийн бэлтгэлийг “хүүхдийн тоглоом” гэж нэрлэдэг байв. Тэрээр хүний боломжийн хязгаарт тулсан бэлтгэл хийхийг хүсдэг хэвээр.

- 72 настайдаа Осамү өдрийн турш 500 удаа суниадаг байжээ. 2022 онд 81 настайдаа амьсгал хураажээ.

Осамү Ватанабэ цол хэргэмээр бусдыгаа гүйцэхгүй ч түүнийг Японы чөлөөт бөхийн хамгийн шилдэг тамирчин гэж тооцдог. Аргагүй, тэр энэ спортын хөгжилд их хувь нэмэр оруулсан. Тэр бол домог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin \3.1.210.154
Yamartai ch egelgui buh bjee. Yag l animal
Zooyo\175.41.183.163
Гаргасан шийдвэр нь их сонин л юм, буцаад ороод, гараад их л савлагаатай байж дээ. Япон орон угаас тэсвэр тэвчээр, сахилга батын туйл улс л даа. Чигээрээ явсан сан бол ах дүү Сайтиев шиг л домог болох байж дээ.