Украины анхны озэки Аонишики тойргийн барилдааны үеэр Исахай хотод 18 настай украин сүмоч Егор Чугунтай уулзлаа. Егор Нагасаки хотын ахлах сургуульд суралцаж, сонирхогчдын сүмо бөх барилддаг. Украины Николаевск мужийн Южноукраинск хотын уугуул.

Чугун “Аонишики башёд түрүүлэхийг хараад маш их урам зориг авлаа. Машин доторх телевизээр үзэж байгаад хэт их баярлаад машины цонхоор унах шахсан. Түүнээс үнэтэй зөвлөгөө их авдаг. Хэзээ нэгэн цагт мэргэжлийн сүмод орж, Аонишики озэкиг ялах мөрөөдөлтэй. 13 настайдаа сүмо бөхийн тэмцээн дээр анх Аонишикитэй танилцаж байсан. Энэ зун Украинд очиход найзууд маань намайг хэзээ Аонишики шиг болох гэж байна гэж асууж байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Чугун 2023 онд Японд ирсэн. Энэ жил Японы ахлах ангийнхны тэмцээнд тавдугаар байр эзэлсэн. Ирэх жил их сургуульд элсэх төлөвлөгөөтэй байгаа ч мэргэжилд орох хүсэлтэй.


