UBLife Logo
Нийгэм

Зориг сангийн "Байгаль орчны манлайлал хөтөлбөр"-өөс санаачилсан БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ 4 төсөл

Ub.life
Ub.life
Зориг сангийн "Байгаль орчны манлайлал хөтөлбөр"-өөс санаачилсан БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ 4 төсөл

Зориг сан Монгол Улсын байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой  "Байгаль орчны манлайлал хөтөлбөр"-ийг 11 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хүрээлэн буй орчин, ногоон эрчим хүчний салбарынханд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг IG Partners компани санхүүжүүлж байгаа аж. 

Бид хөтөлбөрт хамрагдаж буй оролцогчдын санаачлан хэрэгжүүлж байгаа хүрээлэн буй орчинд ээлтэй, бүтээлч төслүүдийг танилцуулж байна. 

RECO төсөл

Хог хаягдлын менежментийн тухай цэгцтэй мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээж, хог ангилж хаяхын ач холбогдлыг нийгэмд далайцтайгаар таниулах зорилготой сошиал төсөл юм. 

Төслийн зорилт: 

  • Хог хаягдлын менежментийн тухай цогц цэгцтэй мэдлэг, мэдээллийг 5R /Refuse, Reduce, Reuse, Repurpose,Recycle/ системийн хүрээнд олон нийтэд хүргэх;

  • Түүнийг амьдралдаа хэвшүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор хог ангилж хаях зориулалттай хогийн савыг зах зээлд хамгийн хямд үнээр борлуулж, хог ангилж хаях орчин нөхцлийг бүрдүүлэх; 

  • Мөн хог дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн мэдээллийг өөрсдийн сошиал хаягуудаар болон борлуулж буй хогийн савтайгаа дагалдуулж өгөх замаар үйл ажиллагааг нь дэмжиж, түүхий эдийн тасалдалтыг багасгахтай холбогдуулан хог бол хөрөнгө гэдэг ойлголтыг нийгэмд түгээх.

Хэрэгжүүлж буй ажлууд: 

  • RECO фэйсбүүк хуудас болон инстаграм хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой хог хаягдлын менежментийн 5R /Refuse, Reduce, Repurpose, Reuse, Recycle/ системийн тухай цогц ойлголт түгээхийн зэрэгцээ, Монгол Улсын “Хог хаягдлын тухай хууль”-д заасан иргэн, ААН-ийн зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай эрх, үүргүүдийн талаар, хогоо хэрхэн зөв хаях, хэрхэн зөв ангилах тухай ойлголтуудыг багтаасан постер, видео мэдээллүүдийг идэвхтэй хүргэж байна. Түүнчлэн олон улсад хог хаягдлын менежментийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй туршлагууд болон Монгол Улс дахь хог дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн мэдээллүүдийг олон нийтэд түгээж, #ХойчҮедээ ХогҮлдээхгүй уриалга гарган ажиллах; 

  • Төслийн хугацаанд Улаанбаатар хотод байршилтай нэг хотхоныг сонгон Монголын анхны хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдсэн хотхон болгох;

  • Иргэдийг хогоо ангилж хаяхад нь бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс хог ангилж хаях зориулалттай хогийн савыг зах зээл дэх үнээс хямдаар борлуулах; 

  • “Өнгө нэм” ТББ, “Лантуун дохио” ТББ-Ид шидийн орон төсөл, “Пластик Центр” ХХК-ын хамтран хэрэгжүүлж буй “Зүгээр битгий хая” төслийн дэмжигч байгууллагаар ажиллах;

  • Шамбала 2056” төслийн Урлаг ба Технологий нүүдэлчдийн форумын дэмжигчээр тус тус ажиллан төслийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

Фэйсбүүк хуудас: Reco

Тогтвортой ногоон бизнес төсөл

Хог хаягдал дахин боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын бизнесийн ур чадварыг сайжруулах замаар тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилготой хөтөлбөрийг анх удаа санаачлан зохион байгуулж байна. Мөн хөтөлбөрийн төгсгөлд цаашдын үйл ажиллагааг нь бодитоор дэмжих зорилгоор оролцогч компаниудаас 3 компани шалгаруулан бизнес анализ хийж, үр дүнд нь тулгуурлан менежментийн мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр CFA болон PBA зэрэгтэй экспертүүдтэй хамтран ажиллаж байна. 

“Тогтвортой ногоон бизнес” хөтөлбөр 4 долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах 4 багц агуулгаас бүрдэнэ. 

  1. Ногоон бизнес ба тогтвортой хөгжил

  2. Ногоон бизнес ба менежмент 

  3. Ногоон бизнес ба маркетинг

  4. Ногоон бизнес ба боломжууд 

Хийгдэж буй ажлууд:

  • Хөтөлбөрт хуванцар, мод, хүнсний хаягдалаас эхлээд аюултай хог хаягдлыг хүртэл дахин боловсруулдаг нийт 20 компани оролцож байна.

  • Дээрх 4 багц 11 хичээлийг салбар бүрийн манлайлагчид зочин илтгэгчээр уригдан зааж байна. Мөн хичээл бүрийн өмнө оролцогчдын тухайн сургалтын агуулгаас хүлээж буй хүлээлтийг тодорхойлон зочин илтгэгчдийнхээ хичээлийн агуулгыг тухайн хүлээлттэй нийцүүлж, интерактив байдлаар зохион байгуулах тал дээр төслийн баг анхааран ажиллаж байна.

  • Залуусын санаачлагыг зөвхөн хувь хүмүүсээр зогсохгүй албан байгууллагууд дэмжиж байгаа бөгөөд түүний тод жишээ нь Каритес Чех Репаблик байгууллага юм. Мөн BZP digital inbound ХХК, MMCG ХХК болон “Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо” хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд тал бүрээр дэмжиж байна.

  • Хөтөлбөрт оролцогч компаниуд салбарын нийтлэг тулгамдаж буй асуудлуудад хамтдаа гарц хайж, олон нийтэд чиглэсэн давалгааг эхлүүлэх бүлэг болон бэхжих боломжийг бүрдүүлж байна.

  • “Хог хаягдал дахин боловсруулах салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлгийг салбарын төрийн болон иргэний нийгмийн төлөөллийн хамт өрнүүлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

Фэйсбүүк хуудас: Green GAP

Төслийн тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж танилцаарай. 

 Eco Seed WEMP 2021 төсөл

Eco Seed WEMP 2021 менторшип төсөл нь байгаль орчны салбарт жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо ба нөлөөллийг нэмэгдүүлэх үүднээс тус чиглэлээр суралцаж буй их, дээд сургууль болон коллежийн 3 болон 4 дүгээр ангийн эмэгтэй оюутнуудыг чадавхижуулах, гадаад хэлний түвшинг дээшлүүлэх, мэргэжлээр нь дадлагажуулах, карьерээ хөгжүүлэх боломжийг олгох зорилготой юм.

Хэрэгжүүлж буй ажил: 

  • Төслийн хүрээнд байгаль орчны чиглэлээр суралцаж буй 11 эмэгтэй оюутныг шалгаруулан авч, хоёр сарын хугацаанд 7 хоногт 2-3 удаа онлайнаар мэргэжлийн ур чадвар болон гадаад хэлний чадвараа дээшлүүлэх хичээлүүдэд суухаас гадна байгаль орчны чиглэлээр мэргэшсэн багш, ментор нартай тусгайлан уулзалт хийж байна. 

Хичээлийн хөтөлбөр:

  • Салбар бүрийн манлайлагч багш нарын “Ажлын байранд шаардагдах ур чадварууд”-ыг олгох онлайн хичээлүүд

  • Байгаль орчны чиглэлээр ажиллаж буй туршлагатай ментор багш нарын оюутнуудтай тусгайлан уулзалт хийх уулзалтууд

  • Туршлагатай англи хэлний багшийн оюутнуудын англи хэлний түвшинг дээшлүүлэх практик хичээлүүд багтаж байгаа аж. 

Фэйсбүүк хуудас: Eco Seed WEMP 2021

Green Team төсөл

Энэ төсөл нь ахуйн хогоо ангилах, дахин боловсруулах болон эко амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой. 

Хэрэгжүүлж буй ажлууд: 

  • Green Team фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд байгаль орчны дортойтол болон хог хаягдлын талаарх мэдээллийг идэвхитэй хүргэж байна. 

  • Эко амьдралыг дэмжиж, эко бүтээгдэхүүнийг борлуулдаг дэлгүүр болон бүтээгдэхүүнүүдийг таниулж байна. 

  • Бокаши буюу бордоожуулагч савыг “Цомхон” эко дэлгүүртэй хамтран хөнгөлттэй үнээр худалдаалж байна. Энэ нь айл өрхөөс тутам ялгарах хүнсний хог хаягдлыг дахин боловсруулан бордоо болгодог сав юм.

  • “Энэ хогийн сав биш” ажлыг эхлүүлж зориулалтын бус газар хаясан хогийг цэвэрлэж, олон нийтийг хогоо хогийн саванд хаяхыг, мөн амьсгалсан агаараа байгалдаа буцаан бэлэглэх ажил буюу мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж, уриалахаар ажиллаж байна.

Фэйсбүүк хуудас: GREEN TEAM

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.