Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

4 сар, 3 долоо хоног, 2 өдөр


“Маш хувийн” гэгддэг асуудлыг “хувьсгалын” болгож ярих гэж буйгаа эхлээд сануулъя. Эмэгтэй хүн төлөвлөсөн төлөвлөөгүй ч, хүссэн хүсээгүй ч тэр эгшинд эргэлздэг. Эм бие, эм сүнстэй хорвоогийн тоосыг хэдэн жил хөдөлгөсөндөө таамаглаж “эмэгтэй хүн бүр” гэж бичиж буй юм. Эргэлзэх гэж хэлсэн дээ, яагаад тэр вэ? Нөхрөөс, эхнэрээс, залуугаас, бүсгүйгээс салж болно, харин үр хүүхдээсээ хэрхэвч үгүй. Нэгэнт хүүхэд төрсөн л бол чи насаараа эцэг эх байх болно. Эцэг эх байх гээч нь махан бодын үйл төдийхөн биш, хүүхдийнхээ амьдралынх нь, сэтгэл зүрхнийх нь, оюун ухааных нь, ахуйнх нь ширгэшгүй булаг байх ёстой болно. Ийм хариуцлагыг ухамсарлаж бас эс ухамсарласандаа (ядаж таамагласандаа) эргэлздэг.

Хариуцлага үүрч чадахгүй бол айлын охиныг орцонд нь хүргээд буцна, айлын хүүгээр орцондоо хүргүүлээд буцаах ёстой. Гэвч амьдралын өдөр хоног, учрал тохиол бүр ийм тодорхой, хүн тийм ухамсар, хариуцлагатай амьтан биш. Нэг л өглөө хоёр улаан зураастай болно. Жирэмсэн гэсэн үг. Хэрвээ төлөвлөөгүй эсвэл хүсээгүй бол хэрэг мандана даа. 

“Эмэгтэй хүний сарын тэмдэг анх 10 настайд ирсэн гэж тооцвол насан туршид нь нийт 480 удаа ирдэг. Өөрөөр хэлбэл төдий тоогоор жирэмслэх чадамжтай гэсэн үг.” 

Ийм нэгэн тоог “Азийн аюулгүй үр хөндөлтийн төлөөх түншлэл гэх байгууллагын тайлангаас харав. Тооцож үзвэл 40 жилийн турш дахь 400 хол илүү тооны жирэмслэх чадамж. Мэдээж “чадамж” гэдэг нь төрүүлсэн хүүхдийн юм уу жирэмсэлсэн тоо бус. Энэ дэлхийн хамгийн, хамгийн зүйлсийг бүртгэгч Гиннесийн ном гэж бий. Түүнд 1725-1765 оны хооронд 69 хүүхэд төрүүлсэн хатагтай Васильев бүртгэгдсэн байх юм. Нийт 27 удаа төрөхдөө 16 удаа ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр төрүүлснээр төдий тооны хүүхэдтэй болжээ. Эрчүүдийн хувьд бол XIII зууны Мороккогийн эзэнт гүрэнд Моулая Исмэйл Ибн Шариф гэгч эр 500 орчим хатан болоод татвар эмээс албан бус тоогоор бол 1171 хүүхэдтэй байсан нь дэлхийн “тэргүүн” алдарт эцэг ажээ. Орчин цагт Мариам Набатанзи гэх идэр насны Уганда эмэгтэй таван удаагийн дөрвөн ихэр, таван удаагийн гурван ихэр, дөрвөн удаагийн ихэр, нэг удаагийн нэг нийт 44 хүүхэдтэй байх юм. 

Манайд нэг эмэгтэйн амьдралынхаа хугацаанд төрүүлсэн хүүхдийн тоо дунджаар 1975 онд долоо байсан бол 2017 онд гурав болжээ. Дундаж нь болохоос энэ тооноос олон хүүхэдтэй эхчүүд цөөн бус, 2021 оны эхээр гэхэд 220 мянга гаруй ээж алдарт эхийн одонтой байна. 

“Жирэмслэлт нь урьдчилан тооцож болохуйц үйл явдал тул сэргийлэх бүрэн боломжтой. Гэхдээ  хөгжиж буй орнуудын (манайх багтаад) бэлгийн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн тэн хагас нь жирэмслэх төлөвлөгөөгүй байдаг. Харамсалтай нь эдний 17 хувь нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл огт хэрэглэдэггүй, 9 хувь нь найдваргүй, уламжлалт хэрэгсэл хэрэглэдэг.” 

Өмнө дурдсан тайлангаас ахин эшлэв. Мөнөөх Уганда эмэгтэй Мариам 44 хүүхдийнхээ эцэст эмчээс “Миний дотроос энийг аваад өгөөч!” гэж гуйснаар саваа боолгожээ. Түүний биеийн онцлогт жирэмслэлтээс хамгаалах ямар ч арга тохирдоггүй гэнэ. Харин Угандагийн хуулиар тухайн жирэмслэлт эхийн амь насанд аюултай тохиолдолд л үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Мариам анхны хүүхдээ 13 настайдаа төрүүлсэн агаад “Миний бүхий л амьдрал хүүхдүүдээ өсгөх, тэднийгээ тэжээхийн тулд борви бохисхийлгүй ажилласаар өнгөрсөн” гэж ярих аж. 

Жирэмслэх төлөвлөгөөгүй тэн хагасын нэг Мариамын түүх олон хүний хувьд үр хөндөлтийг зөвшөөрч болох жишээ байж магад. Үүнд нэмэгдэн хүчингийн улмаас, гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг, өсвөр насандаа жирэмсэлсэн, эхийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй зэрэг хэд хэдэн шалтгаан бий. Зөвшөөрч болохуйц хэвээр байгаа биз? Тэгвэл нялх хүүхэдтэй, амьдралын боломж тааруу, хүсээгүй, төлөвлөгөөгүй хэрнээ жирэмсэлсэн зэрэг шалтгаан нэмье. Зөвшөөрөмгүй оргиж эхэллээ, тийм ээ? 

Түүх хуваалцъя. Орон гэргүй, орцны үйлчлэгч эмэгтэй "хүүхдээ сайн, сайхан амьдруулж чадахгүй болохоор аборт хийлгэхийг хүссэн ч хаана, ямар газар хийдгийг мэдэхгүй явсаар төрүүлсэн" гэв. Өөр нэгэн бүсгүй "зоддог, зовоодог нөхрөөсөө салах гэж оролдож байхдаа жирэмсэн гэдгээ мэдсэн, угаасаа ч жирэмсэн болгох гэж оролддог байсан, энэ хүүхдийг гаргавал л энэ нөхцөлдөө үүрд үлдэх нь гэж мэдрээд нөхрөөсөө нууцаар аборт хийлгэсэн, одоо ч сэтгэл тавгүй болдог" хэмээв. 

Хүн бүрт шалтаг, шалтгаан бий. Зарим нэгний хувьд ёстой инээд хүрмээр өчүүхэн зүйл ч байж мэднэ. Соёл, шашин, улс төр зэрэг олон өнцгөөр үр хөндөлтийг эсэргүүцсээр ирсэн. Гэвч амьдрал, сонголтод нь хошуу дүрдэг шигээ бид бусдын өмнөөс амьдарч, ахуйг нь үүрэлцэхгүй нь үнэн билээ. Үр хөндөлтийг дэмжих эсвэл эсэргүүцэх хэчнээн үндэслэл байлаа чиг, тэдгээр үндэслэл нь төчнөөн итгэж, үнэмшиж болохуйц байлаа чиг бодит байдалд ганц баримт бий. Эмэгтэйчүүд үр хөндүүлсээр л байсан, байна, байх болно. Үеийн үед хуулиар, хууль бусаар, эмнэлгийн болоод эмнэлгийн бус орчинд, элдэв төрлийн аргаар үр хөндүүлсээр ирсэн агаад хууль бус, нууц байх тусмаа дэнчин нь эмэгтэйн эрүүл мэнд, амь нас байв. Ийм учраас л үр хөндөлтийг зөвшөөрөх, цаашилбал аль болох аюулгүй арга хэрэглэх шаардлага бий. 

Манайх үр хөндөлтийг хуулиараа зөвшөөрдөг орон. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаар тушаал “Үр хөндөлтийг зохицуулах журам”-аас харвал үр хөндөлтийг эрт болон хожуу үеийн гэж ангилж байна. Аль алиныг хэвтэн эмчилдэг буюу ортой, 24 цагийн үйлчилгээтэй мэргэшсэн эмнэлгүүд хийх ба “эрт үеийн үр хөндөлт”-ийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр, “хожуу үеийн үр хөндөлт”-ийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр тодорхой хэдэн шалтгаанаар л хийх ажээ. 

Эрт үеийн үр хөндөлтөд (жирэмсний 12 долоо хоногтойгоос өмнө) хэрэглэх аргын нэг нь “эмээр үр хөндөх”. Олон улсад үзэж буйгаар “эмээр үр хөндөх” нь энгийнээр бол эм, эмийн нэгдлээр үр хөврөлийг зулбуулах арга агаад бусадтайгаа харьцуулахад эрсдэл нь тун бага арга. Эм хэрэглэсэн 100 эмэгтэйн таваас цөөнд хүндрэл үүссэн судалгаа бий. Тэрхүү судалгаан дахь өөр нэг баримт нь жирэмслэх чадварт огт нөлөөлөхгүй гэх. Эрүүл мэнд, амь нас, ахиад хүүхэдтэй болох хүсэлд хортой аргыг халах зорилгоор олон жилийн судалгаа, туршилт хийсээр олсон найдвартай  арга гэнэ.  “Анхны хүүхдээ авахуулбал ахиад жирэмсэлж чадахгүй” гэх эмээ, ээж нарын үеэс ам дамжсан яриа бүхэлдээ үнэн биш ажээ. 

Эм, эм л гэх юм, яг ямар эмний тухай яриад байгаа юм бол? гэж судалж үзлээ. Эмнэлгийн нэршлээр анти-прогестоген дааврын мифепристон гэгчийг ярьж байх ба жирэмслэлтийг зогсоож, үр хөврөлийг умайн хананаас салгаж, улмаар савны амсрыг зөөллөн, агшааж, умай доторхыг базлуулан гаргах үйлчлэлтэй. Худалдааны буюу хайрцаг, шошгон дээрээ ямар нэршлээр байхыг харин судалсангүй, учир нь хэрэглэхээсээ өмнө заавал мэргэжлийн хүмүүсээс асуух ёстой. Заавал гэхийн учир нь хэд хэдэн тохиолдолд хориглох заалттай. Үүнийг ч бас хуваалцахгүй, би эмнэлгийн мэргэжилтэн биш. 

Биеэ мэдэх эрх ба КОВИД-19

Үр хөндөлтийг бууруулах талаар хаа сайгүй, хэний яанаагүй л ярьдаг. Хаашдаа ёс суртахуун холилддог учир маргааны мөнхийн сэдэв байх биз. Хүсээгүй жирэмслэлтийг урьдчилан бэлгийн боловсрол олгох замаар бууруулахаас бус үр хөндөлтийг хориглож “бууруулах” шийдэл үеэ өнгөрөөв. Учир нь тухайн эмэгтэйн биеэ мэдэх, нарийндаа хэзээ, хэнээс жирэмслэх, хэдэн хүүхэдтэй болох, болохгүйгээ шийдэх эрх гэж бий. Эрх гэж хүлээн зөвшөөрснөөр л эрхийг нь хангах, хамгаалах хууль зүйн болон эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээ ажиллаж таарна. 

НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Наталья Канем ингэж хэлжээ. “...Энэ бол нийгмийн асуудал. Зөвхөн хувь хүний эсвэл тухайн эр, эм хоёрынх биш. Хүн байхуйн нэг хэсэг нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрх… Бодитой мэдээлэлд тулгуурлан хүн бүр өөрсдийн бие махбодтой холбоотой асуудал, ирээдүйгээ шийдэх эрхтэй болсон цагт олон нийт, улс орон цэцэглэн хөгжинө”. Хүн байхуйн, хүний эрхийн нэг хэсэг юм бол түүнийг хангах нь яалт ч үгүй нийгмийн асуудал болж хувирна. Хүний, тэр дундаа эмэгтэй хүний амьдралын чанар нөхөн үржихүйн амьдралаасаа ихээхэн хамааралтай. Эх, хүүхдийн амьдралын баталгаа тааруу улсад бүүр ч хамааралтай. Наад зах нь ясли, цэцэрлэг хүртээмжгүй манайх шиг улсад эмэгтэйчүүд хүүхдийнхээ тоогоор хөгжлөөс хоцрох магадлал өндөр.

Хоёр жил орчим хатуу хөл хорионд хөл тушаатай амьдрах зуур гэр гэртээ хэдий ч хүний амьдрал өрнөдгөөрөө л өрнөв. Саяхан "Европын бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн төлөөх форум"-аас “Европ дахь охид, эмэгтэйчүүд цар тахлын үед аюулгүй үр хөндүүлэхэд бэрхшээлтэй байлаа. Үр хөндөлтийг хориглох нь үр хөндөлтийн тоог бууруулдаггүй, эсрэгээрээ эмэгтэйчүүдийн эндэгдэл, насан туршийн өвчлөлийг ихэсгэдэг. Үр хөндөлтийг ямар нэг давуу эрх, боломж гэж харахын оронд ердөө л нөхөн үржихүйн үйлчилгээний нэг хэсэг гэж үзэх  шаардлагатай байна” хэмээн мэдэгджээ. Харин Монгол Улсад ямаршуухан байв? Энэ талаар "Hellobaby: Жирэмсэн ээжийн цогц хөтөч" аппликейшныг хамтран үүсгэн байгуулагч Б.Ариунсанаагаас тодруулахад "Жирэмсэн үед найман удаа хяналтын эмчид үзүүлэх ёстой байдгийн талыг цахимаар, талыг биеэр болгосон. Хамтран ажилладаг эмнэлэг, эмч нарын хэлж буйгаар хөл хорионы үед эх, нярайн эндэгдэл өссөн. Энэ нь жирэмсний хяналтын хүртээмжтэй холбоотой. Манай хандалт хоёр дахин өссөнөөс дүгнэвэл эмчийг аппликейшнээр орлуулж байж магад. Олон эмэгтэй жирэмсний үед хаана, хэнд хандахаа мэдэхгүй байсан. Саяхан л хөл хорионы үед төрөх эмнэлгүүд яаж ажиллах талаар түр журам батлагдлаа шүү дээ" хэмээсэн юм. “КОВИД-19”-ийн бус шалтгаанаар эмнэлэг орох эрх ч үгүйсгэгдсэн, жирэмсний хяналтдаа орох, төрөх эмнэлэг зорих ч бэрх үед үр хөндүүлэх бүүр ч бэрхшээлтэй  нь ойлгомжтой биз!. Үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй хэд хэдэн эмнэлгийн эмч нар “Хөл хорионы үед үр хөндөлтийг хориглоогүй. Харин эмнэлэг, эмчид очиход л хүндрэлтэй байсан болов уу. Ер нь эмэгтэйчүүд хаана хандахаа мэдэхгүй эсвэл нөхөн үржихүйн суурь мэдлэг, ойлголт дутмагаас оройтож ирэх нь бий. Хугацаа алдах тусмаа эрсдэлтэй үр хөндөлтийг ихэсгэх магадлалтай.” гэв. 

Эмийн аргын талаар дурдсан даа, хөл хорионы болоод хөл хориогүй үеийн олон улсын туршлагаас харахад жирэмслэлтийг эрт хугацаанд зогсоох төвөг багатай, аюулгүй арга нь эм бололтой. Манайд ч тэрхүү “хоёр эмний комбинаци” гэж нэрлэдэг аргыг хэрэглэсээр ирсэн юм.  

4 сар, 3 долоо хоног, 2 өдөр

2007 онд Румыны найруулагч Кристиан Мунжиу ийм нэрт киногоороо Каннын кино наадмын дээд шагнал хүртсэн юм. 1987 он, Румын. Хоёр залуухан бүсгүй. Зочид буудлын өрөө. Тэд ахимаг насны эртэй хэцүүхэн тохироо хийж үр хөндүүлнэ. Аль ч нийгэмд байдаг л асуудал. Түүхэн шалтгаанд анхаарал хандуулъя. 1966 онд Румынд эрх баригч нам төрөлтийг буюу хүн амыг өсгөх зорилго бүхий “Дугаар 770” зарлигаар үр хөндүүлэхийг хоригложээ. Үүнийг "Соёл, шашны хувьд үр хөндүүлэхийг эсэргүүцэх хүчтэй уламжлал үгүй улс атлаа ийн хориглосон нь иргэдээ хянах төрийн оролдлого л байв" хэмээн хожим ажиглагчид үзсэн юм. “Дугаар 770”-ын үед 500 мянган орчим эмэгтэй хууль бус үр хөндөлтийн улмаас амь насаа алдсан хэмээх тооцоо бий. “Хууль бус” учраас л тэнд аюулгүйн стандарт гэж байсангүй. “Хууль бус” байсан ч хэрэгцээ буурсангүй. 

Киноны уур амьсгал, зураглал бидэнд тун ойр санагдаж магад. Социалист дэглэмийн үеийн Румын учраас тэр. Бэлгийн харилцааг хориглоогүй хэрнээ үр хөндүүлэх хориотой юм уу аюултай хэвээр үзэгдэл нь яваандаа үр тогтоох зорилгоос бусад бэлгийн амьдралыг нухчин дарах үндэслэл болж мэдэхээр санагддаг. Цааш эргэцүүлбэл эмэгтэй хүн зөвхөн улсынхаа хүн амын тоог өсгөх л хэрэгсэл болж хувирах вий! Мэдээж төрийн хувьд шүү. Үр хөндөлтийг биеэ мэдэх эрхийн нэг хэсэг гээд буйн учир ч энэ. Ямар ч хүн аль ч эрхээ эдлэхдээ зүдэх учиргүй билээ л. 

Төгсгөлд нь хэлэхэд энэ бичвэрээр хэнд нэгэнд ёс суртахууны асуулт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхийг огт зориогүй юм. Хаалттай, хувийн сэдвийг ийн ил тод бичиж буй нь юун түрүүнд эмэгтэй хүний биеэ мэдэх эрхийг өмөөрөх гэснийх, удаах нь энэ талаарх аюулгүй, албан ёсны, шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг хүргэж байгаач ээ! хэмээснийх. Мэдээж хэрэг зайлшгүй санах ёстой зүйл бол “үр хөндөлт” бол жирэмснээс сэргийлэх биш зогсоох арга хэрэгсэл. Мөн зөвхөн биеэсээ үр хөврөл гаргах төдий үйл биш сэтгэл санаа, зүрх сэтгэлийн хэрэг учраас наана нь хамгаалах учиртай, хувь хүн нь ч тэр, төр засаг нь ч тэр!.

                Гэрэл зургийг З.Энхмөнх "Рихтерийн тэмдэглэл” үзэсгэлэнгийн зургаас ашиглав.

 



Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
2021.10.14
Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий ...
2
2021.10.08
Д.Гангабаатар: "Тэнгэр шиг бай" бол миний аавын надад үлдээсэн захиас
3
2021.10.04
Авторын булан: Түвшинбаяр аварга, Цэндбаатар хүү
санал болгох
1
8 цагийн өмнө
Монголын Оюун Ухааны музей ГИННЕСИЙН НОМОНД бичигдлээ
2
9 цагийн өмнө
Зурхайтай холбоотой "хөх инээд" хүргэм 12 МИЙМ
3
14 цагийн өмнө
Эх дэлхийгээ хайрлаж, ухаалаг амьдрах 40 АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.06.04 66.181.161.97

Ene unen cool setguulch shuu. Uur heleh ug alga. Buh content n cool

0 Хариулах


guest 2021.06.03 50.237.77.218

some good writing right here

0 Хариулах