ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас Франц улстай хоригдол солилцлоо. Тагнуулын хэргээр Орост 3 жилийн ял эдэлж байсан Францын иргэн Лоран Винатьег цахим залилангийн хэргээр Францад саатуулагдаад байсан сагсан бөмбөгч Даниил Касаткинаар сольсон байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Лоранд баяр хүргэн, Францын дипломат албаныханд талархсан бол ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас Касаткиний Москвад бууж байгаа зургийг нийтэлжээ.

Винатье бол Чеченийн дайны тухай ном бичсэн зохиолч хүн. Орос эхнэртэй. 2024 оны зун цэргийн нууц мэдээлэл олж авахыг оролдсон хэргээр баригдаж, 3 жилийн ял авсан. 2025 оны наймдугаар сард түүний эсрэг шинэ эрүүгийн хэрэг нээж, 20 хүртэл жил хорихоор болоод байсан юм. Өнгөрсөн 12 дугаар сард болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн шууд нэвтрүүлгийн үеэр Францын сэтгүүлч Лораныг суллаж болох уу, эсвэл солилцоо хийж болох уу гэж асуусан билээ. Тэр үед Ерөнхийлөгч Путин асуудлыг шийднэ гэж амлаж байсан юм.

Харин сагсан бөмбөгч Даниил Касаткин Францын Руасси-Шарль де Голль нисэх буудалд 2025 оны зургаадугаар сарын 21-нд баривчлагдсан. Түүнийг цахим залилангийн хэргээр АНУ эрэн сурвалжилж байсан юм. Өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Парисын шүүх Касаткинийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэр гаргаад байв. АНУ-д түүнийг 2020-2022 онд 900 гаруй компанийн системд нэвтэрч, их хэмжээний мөнгө авсан хакер бүлэглэлийн гишүүн гэж үзсэн. Харин өмгөөлөгч нь “Касаткин хуучин компьютер худалдан авсан. Тэр өөрөө сайн ашиглаж чаддаггүй. Тэр компьютерт ямар нэг зүйл суулгасан байсан юм билээ” гэж мэдэгдэж байсан юм.

