Одоо дэлхий дахины анхаарлын төвд байгаа гол асуудал бол Ираны эсэргүүцлийн жагсаал болоод байна. Интернэт сүлжээг тасалснаас тодорхой мэдээлэл байхгүй ч зарим хэвлэлд 500 гаруй хүн амиа алдаж, 2000 гаруй хүн баривчлагдсан гэсэн мэдээ гараад байна. Жагсаал эхлээд үнийн өсөлт, инфляцын эсрэг байсан бол одоо Ираны улс төрийн системийн эсрэг болон өргөжжээ. Жагсагчдад хүч хэрэглэвэл АНУ оролцоно гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байсан. Хамгийн сүүлийн мэдээгээр Ираны засгийн газар Трамптай хэлэлцээ хийх санал тавиад байгаа гэнэ.

Исламын шашинт Иран улсад 1999 оноос хойш хэд хэдэн удаа том эсэргүүцлийн хөдөлгөөн гарсан ч засгийн газар нь хүч хэрэглэн дарсан.
1999 оны Оюутны хөдөлгөөн

“Салам” хэмээх шинэлэг сониныг хаасан нь оюутнууд жагсаал хийх шалтгаан болсон. Тэд эмх замбараатай, энх тайванч жагсаал хийж байсан ч долоодугаар сарын 8-ны шөнө тусгай албаныхан оюутны дотуур байранд довтолж, нэг оюутан алагдсан. Үүнээс үүдэн ард түмэн гудамжинд гарч, жагсаал хэд хоног үргэлжилсэн юм. Исламын хувьсгалыг хамгаалах корпусын цэргүүд маш зэрлэгээр жагсаалыг тараасан. Дөрвөн хүн алагдаж, олон оюутан сураггүй алга болсон. 1200-4000 хүн баривчлагджээ.
Ахмадинежадын эсрэг “Ногоон хөдөлгөөн”, 2009 оны 6-р сар
2009 оны зургаадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгууль тун булхайтай явагдсаны дараа иранчууд жагсаж эхэлсэн. Энэ жагсаалыг “Ногоон хөдөлгөөн” гэж нэрлэсэн юм. Хэдэн сая иран хүн сонгуулийн албан ёсны дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, Махмуд Ахмадинежадын засгийн газрыг луйвар хийлээ гэж буруутгасан. Махмудын өрсөлдөгч Мир-Хоссейн Мусавигийн сонгуулийн өмнөх сурталчилгааны өнгө ногоон байсан тул эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг нь ногоон байлаа. Маш олон хүнийг хөнөөж, шархдуулж, хэдэн мянгаар нь баривчилж, хөдөлгөөнийг дарсан юм.
Шатахууны үнийн өсөлт, 2019 оны 11-р сар

Ганц шөнийн дотор шатахууны үнэ нэмэгдсэн нь ард түмний дургүйцлийг төрүүлсэн. Ираны 20 хотод эсэргүүцлийн тайван жагсаал болсныг цагдаа нар хүчээр дарсан. Удалгүй жагсагчид эдийн засгийн шаардлагаас гадна улс төрийн асуудал хөндөж, дээд удирдагч Али Хаменеиг огцрохыг тулгаж эхэлсэн билээ. Хүчний байгууллагууд маш харгис байсан тул энэ үйл явдлыг Ираны шинэ түүхэнд “Цуст 11-р сар” гэж тэмдэглэсэн байдаг.
“Эмэгтэй хүн, эрх чөлөө, амьдрал” 2022 оны 9-р сар
Хижаб хувцас өмсөх дүрэм зөрчсөн хэргээр баривчлагдсан 22 настай курд бүсгүй Махса Аминигийн үхэл иргэдийг дахин жагсахад хүргэсэн. Цагдаа, хүчний байгууллагын хүчирхийлэл, эмэгтэй хүн заавал хижаб өмсөх хуулийн эсрэг хөдөлгөөн өрнөсөн. Мөн л засгийн газрын эсрэг жагсаал болон хувирсан билээ. “Эмэгтэй хүн, эрх чөлөө, амьдрал” уриатай энэ жагсаалд олон эмэгтэйчүүд хижабаа тайлан оролцож байсан юм.

Засгийн газар хүчирхийллээр хариу барьж, байлдааны сумаар буудаж байсан тул маш олон хүн алагдсан. Амиа алдагчдын талаар тодорхой тоо одоо ч байдаггүй. Баривчилсан хүмүүстээ маш хурдан цаазын ял оноогоод бөөнөөр нь гүйцэтгэж байлаа. Хэдэн сар үргэлжилсэн энэ жагсаал Ираны засгийн газарт том дохио болсон ч тэд сургамж аваагүй нь өнөөдрийн асуудлаар тодорхой болоод байна.
Гэхдээ энэ удаад байдал өөр. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ард түмнээ алан хядсан тохиолдолд цэрэг оруулна гэдгээ мэдэгдээд байгаа тул жагсагчид тийм хурдан дарагдахгүй болов уу.
