UBLife Logo
Спорт

АНУ-ын лигт орсон Садулаевыг Михаил Мамиашвили шүүмжиллээ

АНУ-ын лигт орсон Садулаевыг Михаил Мамиашвили шүүмжиллээ

“Орос танк” хэмээх олимпын хошой аварга Абдулрашид Садулаев АНУ-ын “Real American Freestyle” (RAF) лигтэй гэрээ байгууллаа. Энэ мэдээ Оросын бөхийн ертөнцөд багагүй шуугиан тарилаа.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Садулаев Америкийн лигтэй гэрээ байгуулсан нь маш гунигтай мэдээ байлаа. Өнөөдөр “Эрх чөлөө, сонгох эрх” гэх мэт үг гарчээ. Энэ бол маш буруу зүйл. Садулаевт өөр сонголт байсан, цаашдаа ч байна. Мөнгө төлсөн хүн нь хөгжмөө захилдаг гэсэн үг бий. Нэг газарт нэг рубль өгөхөд өөр газарт 5 рубль өгдөг байж болно. Ихийг өгсөн газарт нь очих явдлыг харахгүй мэт байж болохгүй. Яагаад явснаа Абдулрашид өөрөө л тайлбарлаж чадах байх. Тэр холбоондоо урьдчилан мэдэгдээгүй” гэж шүүмжилсэн байна.

Харин хоккейн олимпын хошой аварга Вячеслав Фетисов “Өнөөдрийн байдлаар Абдулрашид Садулаевт олимпын наадамд оролцох боломж байхгүй. Тэгэхээр өөрийгөө харуулах боломжтой газарт очих нь зөв. Садулаев тэнд орос тамирчны хувиар барилдана. Буруу зөрүү зүйл би харахгүй байна” гэжээ.

Төрийн Думын депутат, тэшүүрийн спортын олимпын аварга Светлана Журова “Нэг талаас гунигтай. Манай тамирчдад хориг тавьсан тул ийм гэрээ байгуулахаас өөр аргагүй болж байна. Нөгөө талаас Садулаев шударга бус явдлыг илчилж байна гэсэн үг. Түүнийг олон улсын тэмцээнд оруулдаггүй, харин америкчууд түүнийг агуу тамирчин хэмээн хүлээн зөвшөөрч, баяртайгаар урьж байна. Европын улсууд түүнд виз өгөхгүй байхад АНУ тамирчны хувиар нь урилаа” гэж хамгаалсан байна.  

Харин бөх сонирхогчдын хувьд Садулаев АНУ-ын лигт орно гэдэг Америкийн виз авна гэсэн үг. 2028 оны Лос-Анжелесийн олимпын өмнө маш чухал шийдвэр гэж үзжээ.

Америкийн RAF лиг өнгөрсөн оны долоодугаар сард байгуулагдсан. Одоогийн байдлаар 5 тэмцээн зохион байгуулсанд Ахмед Тажудинов (Бахрейн), Жек Уорнер, Хелен Марулис, Кайл Дэйк, Захид Валенсия (АНУ), Магомедхабиб Кадимагомедов (Беларусь), Йоэль Ромеро (Куба) тэргүүтэй олон алдартан оролцоод байна. Мөн энэ жил Италийн Фрэнк Чамизо, Гүржийн Владимер Хинчегашвили гэрээ байгуулсан.

Абдулрашид Садулаев лигийн хамгийн алдартай тамирчин болно. Тэрээр тавдугаар сард анхны барилдаанаа хийнэ. Садулаевын өрсөлдөгчөөр олимпын аварга Кайл Снайдер,  Гейбл Стивсон, дэлхийн аварга Захид Валенсия нарын хэн нэгнийг сонгох бололтой.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.