Японы үндэсний сүмо бөхийг одоо гадаадын бөхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх Хавайн арлаас ирж байсан Такамиямагаас хойш маш олон гадаад сүмоч Наран оронд ирж, сүмо барилдсан. Янз бүрийн царай зүс, зан ааш, барилдаантай залуус байлаа. Японы “週刊女性PRIME” сэтгүүлийн газраас уншигчдынхаа дунд “Хамгийн аймшигтай гадаад сүмоч хэн бэ” судалгаа явуулжээ. Аймшигтай гэдгийг нь япончуудыг шоконд оруулсан, цочрол өгсөн гэдэг утгаар хэрэглэж байгаа юм. Судалгаанд 25-60 насны эрэгтэй, эмэгтэй 500 уншигч оролцжээ.

Хэт хурдан цол нэмж, сүмогийн түүхэн амжилт тогтоогоод байгаа Украины озэки Аонишики. Өнгөрсөн жил Масако хатан төрсөн өдрийн мэндчилгээндээ Аонишикигийн нэрийг дурсаж байлаа. Тэрээр гадаад бөхчүүд дотроо “шинэ цэрэг” ч энэ чансааны 6-д жагссан байна. 18 настайдаа дайны галаас зугтаж, Японд ирсэн. 2023 онд Ажигава дэвжээнд элсээд 14 башё барилдаад л озэки цол хүртсэн бөх. 21 нас 8 сартайдаа Эзэн хааны цом хүртсэн нь түүхэн 4 дэх амжилт. Дайн болж байгаа Украинаас ирээд ийм хурдан озэки болсон нь бөх сонирхогчдын хувьд цочрол байжээ.
Тавдугаар байрт 69 дэх ёкозүна Хакүхо.
45 түрүү, 16 удаа өвдөг шороодолгүй түрүүлсэн, 1187 ялалт, 63 дараалан давсан гээд мүио бөхийн бараг бүх рекордыг эзэмшдэг. Гёожи шүүгчийн алдааг засан, даваад дохчн дээр гар зангидан баярлах зэргээр шүүмжлэгддэг байсан ч бөх сонирхогчдын зүрх сэтгэлд хоногшсон бөхийн нэг яах аргагүй мөн.

“Анх мэндлэх, хүндлэх ёс сайтайй байсан ч сүүлдээ их хатуу, ширүүн болж ирсэн” 58 настай эмэгтэй уншигч
“45 түрүүлсэн, сүмо бөхийн түүхэнд мөнхөрсөн агуу бөх” 47 настай эмэгтэй
Анхны гадаад сүмоч Такамияма дөрөвдүгээр байрт оржээ. 19 настайдаа сүмо джвужжний урилгаар Хавайн арлаас ирсэн. 1964 онд баруун, зүүнээ ч мэдэхгүй хөвгүүн хоол унд нь зохихгүй харь орны үндэсний спортод шууд давхиад орчихсон юм. 1967 онд гадаадын анхны сэкитори болж байв. Хүнд хэцүү бэлтгэлийн дараа нулимс урсган, сэтгүүлчид яасныг нь асуухад “Нүднээс хөлс гараад байна” гэж хариулж байсныг нь одоо ч дурсан ярьдаг. Аварга том бие, бяр чадлаа ашиглан барилдаж, гадаад бөхчүүдгүй байсан тэр үеийн Японд орныг шоконд оруулсан ч ард түмний хайрыг татсан. Жэши нэрээр хайрлагдаж, маш олон зар сурталчилгаанд тоглож байв. “Түүнийг “Зар сурталчилгааны ёкозүна” гэж нэрлэдэг байлаа.

“Миний анх харсан гадаад сүмоч. Хүч чадлаас гадна хүмүүсийн сэтгэлийг татсан бөх” 60 настай эрэгтэй уншигч
“Анхны гадаад цолтой бөх гэдгээрээ олны анхаарлыг татаж, телевизийн зар сурталчилгаанд гардаг байснаар нь их дотно санагддаг” 57 настай эмэгтэй
“Миний мэдэхээр анхны гадаад бөх гэдгээрээ их алдартай байсан. Миний дуртай бөхийн нэг” 59 настай эрэгтэй
Хоёрдугаар байрт Хавайн арлын Акэбоно, Монголын Асашёорюү нар орлоо.
Акэбоно аварга том биеээс гадна урт мөчөө ашиглан, түлхэн дайрсаар гадаадын анхны ёкозүна болсон сүмоч. Зодог тайлаад холимог тулаанд шилжсэн.

2000-аад оны сүмо бөхийг эзэгнэсэн 68 дахь ёкозүна Асашёорюү. Акэбоно, Ваканохана, Таканохана гэсэн Хэйсэй үеийн аваргуудыг зодог тайлахад Асашёорюү гарч ирсэн. Асашёорюү гэхээр уншигчдын дунд гэмтлээр тойргийн барилдааныг өнжөөд Монголд хөлбөмбөг тоглож байсан гэдэг дурсамж тод байгаа байх. Гэвч Монголын анхны ёкозүна, 25 түрүүлсэн зэрэг олон гавьяатай түүний дайчин барилдааныг одоо ч дурсах бөх сонирхогч олон бий.

“Акэбоно бол сүмо, холимог тулааны аль алинд нь мөрөө үлдсээн хүн” 40 настай эмэгтэй
“Асашёорюү үеийн бөхчүүдээсээ хэт тасархай, үнэн жинхэнэ аварга байснаас гадна янз бүрийн асуудалд ордог байлаа” 49 настай эрэгтэй
Япончуудыг шоконд оруулсан хамгийн аймшигтай гадаад бөхөөр Хавайн арлын Конишики шалгарчээ.
Анхны гадаад сүмоч Такамиямагийн урилгаар 1982 онд ирсэн. 200 кг давсан асар том биетэй тэрээр Японы аварга, арслангуудыг шидэж, түлхэж унагаад япончуудыг айлгасан бөх. 1987 онд гадаадын анхны озэки болсон. Ёкозүна болох ёстой байсан ч гадаад хүн гээд ад үзэгдээд болж чадаагүй гэсэн яриа байдаг. Озэки цолоо алдаж, дээд зиндаанд олныг баясгасаар зодог тайлсан. Удалгүй урлагийн ертөнцөд шилжиж, дуучин болсон.

“Аварга том биеээрээ өрсөлдөгчөө няцалдаг нь санаанд үлджээ” 40 настай эмэгтэй
“Телевизээр анх хараад аймар юм гэж бодож байлаа” 55 настай эрэгтэй
“Сүмо бөх зодог тайлаад урлагийн ертөнцөд амжилт олж байгааг харахад сайхан байсан” 49 настай эмэгтэй
Дээрх бөхчүүдээс гадна 7-д Хавайн арлын ёкозүна Мүсашимарү, Болгарын арслан Котоошюү, 9-д Эстонийн озэки Барүто, 10-д Гүржийн озэки Точиношин нар багтсан байна.
“Хамгийн аймшигтай” гадаад сүмочдын чансаа
1: Хавайн озэки Кинишики – 147 оноо
2: Хавайн ёкозүна Акэбоно - 78
2: Монголын ёкозүна Асашёорюү - 78
4: Хавайн сэкивакэ Такамияма - 54
5: Монголын ёкозүна Хакүхо - 40
6: Украины озэки Аонишики - 32
7: Хавайн ёкозүна Мүсашимарү – 11
7: Болгарын озэки Котоошюү - 11
9: Эстонийн озэки Барүто - 6
10: Гүржийн озэки Точиношин - 5
