Европын Зөвлөлийн парламентын ассамблей (Parliamentary Assembly of the Council of Europe) шинээр Оросын ардчилсан хүчний платформ байгуулж, эхний 15 гишүүнийг зарлалаа. Шинэ платформын бүрэлдэхүүнд Владимир Кара-Мурза, Михаил Ходорковский, Олег Орлов, Любовь Соболь, Надежда Толоконникова (ОХУ-д гадаадын тагнуул гэгдсэн) тэргүүтэй гадаадад зугтан гарсан тэрс үзэлтнүүд болон уугуул үндэстэн, ястнуудын төлөөлөл багтжээ.
PACE-гаас зарласан бүрэлдэхүүн
Наталья Арно — сөрөг хүчний “Free Russia Foundation” сангийн үүсгэн байгуулагч
Дмитрий Гудков — Төрийн Думын депутат асан
Марк Фейгин — өмгөөлөгч, Youtube суваг хөтөлдөг
Владимир Кара-Мурза — сөрөг хүчний улс төрч, “Free Russia Foundation” сангийн дэд ерөнхийлөгч
Гарри Каспаров — шатрын дэлхийн аварга асан, “Эрх чөлөөт Оросын форум” байгууллагын үүсгэн байгуулагч
Михаил Ходорковский —ЮКОС-ын хамтран эзэмшигч асан, “Оросын дайны эсрэг хороо”-ны гишүүн
Олег Орлов — “Мемориал” нийгэмлэгийн тэргүүн
Любовь Соболь — Авлигатай тэмцэх сангийн удирдагч асан
Надежда Толоконникова — “Pussy Riot” хөдөлгөөний гишүүн
Андрей Волна — мэс засалч

Уугуул үндэстний төлөөлөл:
Руслан Кутаев — Чеченийн сөрөг хүчний төлөөлөгч
Екатерина Кузнецова — зураач, Фин-угор ястны төлөөлөгч
Василий (Батлай) Матенов — “Оросын азиуд” пабликийн үүсгэн байгуулагч
Лана Пылаева — Уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалагч, “Komi Daily”-г үүсгэн байгуулагч
Павел Суляндзига — Оросын уугуул иргэдийн олон улсын холбоог үүсгэн байгуулагч

PACE-гийн тэргүүн Теодорос Русопулос “Бид хүний эрх, ардчиллын төлөө тэмцдэг, дайны эсрэг орос хүмүүстэй хамт байх болно. Энэ талбарт ардчилсан оросууд юунаас ч эмээлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно” гэж мэдэгдлээ. Гэхдээ одоогийн байдлаар албан ёсоор тус платформ ямар үйл ажиллагаа эрхлэх нь тодорхойгүй байна.
