UBLife Logo
Спорт

НБА-д сонгогдсон анхны бөгөөд цорын ганц эмэгтэй сагсан бөмбөгчин

НБА-д сонгогдсон анхны бөгөөд цорын ганц эмэгтэй сагсан бөмбөгчин

Мэргэжлийн сагсанбөмбөгийн оргил гэж болох дэлхийн хамгийн хүчирхэг, шилдэг лиг бол NBA (National basketball association) билээ.

НБА-ийн тоглогч болох хүсэл мөрөөдөлтэй мянга мянган тоглогч байдаг жилийн жилд драфт буюу сонгон шалгаруулалтаар 100-300 тоглогч нэрээ дэвшүүлдэг ч тэднээс ердөө 60 шилдэг нь НБА-ийн тоглогч болдог өндөр босготой.

Тэгвэл энэ өндөр босгыг албан ёсоор давсан анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тоглогч нь Лузиа Харрис юм.

НБА-ийн түүхийг сөхвөл 1969 онд "Сан Франциско уорриорз" баг Денизе Лонг гэгч эмэгтэй тоглогчийг драфтаар сонгосон ч лигийн зүгээс хүчингүй болгосон юм билээ. Ингээд 1977 оны НБА драфтаар "Нью Орлеанс жазз" баг 137 дахь сонголтоор Лузиа Харрисыг сонгосноор тухайн үед 22 настай байсан Лузиа Харрис албан ёсоор НБА-д сонгогдсон анхны эмэгтэй сагсанбөмбөгч болон түүхэнд үлджээ. Гэхдээ Харрис НБА-ийн нэг ч тоглолтод оролцоогүй, бүүр багийнхаа цугларалтад ч очоогүй гэдэг. Хожим тэр үед Харрис хөл хүнд байсан болохоор эрчүүдийн шилдэг лигт тоглохыг өөрөө хүсээгүй гэж ярьсан байдаг.

Харрис НБА-д "тоогдохоосоо" өмнө өөрийн Дельта стэйт их сургуулийн багаа манлайлан гурван жил дараалан АНУ-ын Оюутны лигийн аварга болж, мөн шилдэг тоглогчоор гурван жил тодорч байжээ. Мөн Харрис АНУ-ын шигшээ багт тоглон 1975 оны Пан Америкийн наадмын аварга болж, 1976 оны Монреалийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан аж.

191 см өндөртэй төвийн байрлалд тоглодог Лузиа эмэгтэйчүүдийн мэргэжлийн "Хьюстон анжелс" багт 1979-1980 онд тоглоод зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллах болсон байна.

Лузиа Харрис 2022 онд 66 настайдаа бурхан болжээ. Түүнийг зүй ёсоор сагсанбөмбөгийн "Алдрын танхим"-ын гишүүн болгосон юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.