UBLife Logo
Амьтан

Индонезид заан унахыг албан ёсоор хориглож эхэллээ

Индонезид заан унахыг албан ёсоор хориглож эхэллээ

Индонезийн Бали арал дахь жуулчны зориулалттай заан унуулах үйл ажиллагааг зогсоох шийдвэр хэрэгжиж эхэллээ. Байгалийн аж ахуй хариуцсан яамны харьяа Байгаль, экосистем хамгааллын ерөнхий газар өнгөрсөн сард гаргасан албан тушаалын дагуу заан унуулах ажиллагаа, үзүүлбэрүүдийг бүрэн зогсоож, илүү ёс зүйтэй, боловсролд суурилсан зэрлэг амьтны аялал жуулчлал руу шилжихийг шаардсан байна.

Хэдийгээр уг баримт бичиг парламентын баталсан хууль биш ч, хамгаалалт бүхий зөвшөөрлөөр дамжин хэрэгждэг тул орон нутгийн эрх баригчид анхааруулга өгөх, цаашлаад зөвшөөрөл цуцлах бүрэн эрхтэй юм.

Бали мужийн байгаль хамгааллын агентлаг BKSDA Bali уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тэргүүлж, заан эзэмшдэг байгууллагуудад албан анхааруулга илгээж, хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

2026 оны 1-р сарын байдлаар Бали дахь заан эзэмшдэг таван байгууламжаас дөрөв нь заан унах үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна.

Үүнд:

  • Bali Zoo (1-р сарын 1-нээс)

  • Bali Safari

  • Bakas Elephant Tour

  • Tasta Tabanan Wildlife Park

Хамгийн сүүлд эсэргүүцэж байсан Mason Elephant Park ч мөн анхааруулга авсны дараа өнгөрөгч ням гарагт заан унуулахыг зогсоожээ. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол зөвшөөрөл цуцлах талаар BKSDA Bali хоёр удаагийн анхааруулга өгсөн байна.

Зарим байгууллагуудаас заан унахыг аюулгүй, ашиг тустай хэмээн олон жил хамгаалж ирсэн. Тухайлбал, Mason Elephant Park-ийн үүсгэн байгуулагч Найжел Мэйсон үүнийг заанд “дасгал болдог” гэж тайлбарласан байдаг. Гэвч амьтны эрхийг хамгаалагчид үүнийг эрс няцаасан билээ. Заануудыг унахад номхон болгохын тулд бага насанд нь хатуу сургалт, тусгаарлалт, хүч хэрэглэдэг. Эмээл, хүний жин нь нуруу, хөлд ачаалал өгдөг, мөн урт цагийн ажил нь стресс, эрүүл мэндийн асуудал үүсгэдэг болохыг тэд онцолсон.

2024 онд Зүүн Өмнөд Азийн Амьтны хүрээлэн, аквариумуудын холбоо заан унах үйл ажиллагааг алхам алхмаар зогсоох албан байр суурь илэрхийлсэн. Камбожид 2019 онд Ангкор Ватад заан унуулахыг болиулж, Энэтхэгт жуулчны зориулалттайгаар зааныг ашиглахыг хориглосон байдаг. Харин Тайландад заан унах хууль ёсоор хэвээр байгаа ч, амьтны халамжийн удирдамж дагуу зохицуулж байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна