Италийн биатлоны эмэгтэй шигшээ багийн тамирчин Ребекка Пасслер олимпын наадмын өмнөх допингийн шалгалтад бүдэрлээ.
“La Repubblica”-д бичсэнээр түүний цуснаас летрозол хэмээх хориотой бодис илэрчээ. Летрозол бол цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд дааврын рецептор эерэг хөхний хорт хавдрын эмчилгээнд голчлон хэрэглэдэг эм юм. Энэ нь ароматаза дарангуйлагч гэж нэрлэгддэг эмийн ангилалд багтдаг бөгөөд бие махбодид үйлдвэрлэсэн эстрогений хэмжээг бууруулдаг.
Ребекка Пасслер 24 настай. Түүний хувийн дээд амжилт нь Дэлхийн Цомын тэмцээний 11 дүгээр байр бөгөөд Италийн олимпын шигшээд багтаад байв. Энэ жил буухиа уралдаанд шигшээ багт хэд хэдэн удаа шагналын тавцанд гарсан. Өсвөр, залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин. Түүний тэмцээн уралдаанд оролцох эрхийг түр хугацаагаар хассан байна.
