Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар манай улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээний асуудлыг хэлэлцэн найман спортын төрлөөр явуулахаар шийдвэр гаргалаа. 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээнийг санал болгосноос 2 шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох 4, дэлхийн чансаа тогтоох 1, дэлхийн цомын эрх олгох 1, олон улс, тивийн зэрэглэлийн 2 нийт 8 тэмцээнийг улсын төсвийн хөрөнгөөр явуулахаар боллоо.
Монгол улсад 2026 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд:
1. Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн нь Монгол Улсад анх 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр “Аса арена”-д 2026 оны 03 сарын 28-наас 04 дүгээр сарын 11-нд болно.
2. Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалтай) Монгол Улсад анх удаа 3 төрлөөр нэгэн зэрэг 2026 оны 05 сарын 19-25-нд “М банк арена”-д зохион байгуулагдана.
3. Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаагаа 2026 оны 05 сарын 28-наас 06 сарын 7-нд “Улаанбаатар зочид буудлын цогцолбор”-т явагдана.
4. Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар опен” тэмцээн нь 2025 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байсан бол энэ жил 2 дахь удаагаа дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр 2026 оны 06 сарын 4-7-нд Буянт-Ухаа спортын ордонд болно.
5. Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн нь 2026 оны 06 сарын 19-20-нд Сүхбаатарын талбайд болно. Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны энэхүү цуврал тэмцээнээс шалгарсан багууд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.
6. Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн нь Монгол Улсад 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд 2026 оны 06 сарын 27-29-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо олгодог Олон Улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цуврал тэмцээн юм.
7. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны 08 сарын 5-9-нд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Энэхүү тэмцээн нь 2015, 2017 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байсан.
8. “Counter strike 2” е-спортын шилдэг багуудын олон улсын тэмцээн нь Монгол Улсад анх удаа 2026 оны 12 дугаар сард явагдахаар боллоо. Энэхүү цахим спортын шилдэг 8 багийн тэмцээнийг дэлхийн 2 тэрбум үзэгчид онлайнаар үзнэ.
Эдийн засгийн нөлөө
Дээрх тэмцээнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар улсын эдийн засагт зохих нөлөө үзүүлэх ба тээврийн салбарт 4 тэрбум, зочид буудалд 1,6 тэрбум, худалдаа үйлчилгээнд 1,1 тэрбум төгрөгийн үр өгөөж өгөх эдийн засагчдын тооцоолол байна. Түүнчлэн олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулснаар манай улсын олон улсын нэр хүнд өсөж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа бэхжин, олон тооны зочид төлөөлөгчид, баг тамирчдыг хүлээн авч аялал жуулчлал болон үйлчилгээний салбарын идэвхжилийг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн манай тамирчид олон улсын түвшний өрсөлдөгч нартайгаа эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөх боломжтой болж, гадаадад явж зардал гаргахгүй болж, залуучууд, тамирчдын спортын идэвх, оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, менежментийн туршлага дээшилнэ.
Дашрамд дурдахад 2025 онд Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоолоор олон улс, тив, дэлхийн чанартай 8 тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд дээрх тэмцээнүүдэд 117 орны 2,786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, гадаадын 968 дэмжигч нар манай улсад зочлон ирж, галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо, судалгаа гарсан юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
