Сошиал медиа хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгаа тухай маргаан дэлхий даяар улам хүчтэй өрнөж буй энэ үед Pinterest компанийн Гүйцэтгэх захирал Билл Рэди “Time” сэтгүүлд гарсан нийтлэлээрээ байр сууриа илэрхийллээ. Тэрээр Засгийн газруудад хандан 16-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглохыг уриалсан байна.
Тэрээр өнөө цагийн хүүхдүүд “түүхэн дэх хамгийн том нийгмийн туршилтын дунд” амьдарч байна гэжээ. Учир нь тэд ямар нэгэн шүүлтүүр, хамгаалалтгүйгээр сошиал медиа платформуудын контентод шууд хандаж байна. Үүний үр дүнд сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин нэмэгдэх, анхаарал төвлөрөх чадвар буурах зэрэг сөрөг үзэгдлүүд нэмэгдэж байгааг судалгаанууд харуулж байгааг тэр онцолжээ.
Билл Рэди технологийн компаниудад шүүмжлэлтэй хандаж, сошиал медиаг хөгжүүлэхдээ ирээдүйд учирч болох эрсдэл, үр дагаврыг хангалттай тооцоолоогүй. Мөн архи, тамхи зэрэг салбарт байдаг шиг насны хязгаар, зохицуулалт технологийн салбарт ч хэрэгтэй гэжээ. Түүний хэлснээр ийм төрлийн бодлого нь зөвхөн хэрэглээг хязгаарлахаас гадна зарим тохиолдолд бусдын амь насыг ч хамгаална гэв.
Pinterest-ийн хувьд 16-аас доош насны хэрэглэгчдэд платформын зарим голлох функцуудыг хязгаарласан ч Gen Z хэрэглэгчдээ хадгалж чадсан нь энэ төрлийн шийдэл нь бизнесийн хувьд ч боломжтой шийдэл гэдгийг харуулж байгаа юм.
Билл Рэди сошиал медиа платформын удирдлагын хувьд ийнхүү байр сууриа илэрхийлсэн нь дэлхий даяар өрнөж буй бодлого, зохицуулалтын өөрчлөлт, хэлэлцүүлгийн үетэй давхцаж байгаагаараа онцлог. Австрали, Малайз, Испани, Индонез зэрэг улсад сошиал медиа хэрэглээг хязгаарлах бодлого хэлэлцэж, зарим нь хэрэгжүүлж эхэлсэн бол Францад 15-аас доош насныханд хориг тавих шийдвэрийг батлаад байна. Мөн Германд ижил төстэй бодлогын хэлэлцүүлэг явагдаж байгаа бол АНУ-д мужуудын түвшинд энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Рэдигийн нийтлэлд “Хэрэв технологийн компаниуд хүүхэд, залуусын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, зохицуулалт хийж чадахгүй бол Засгийн газрууд Австралийн жишгийг дагах хэрэгтэй” гэжээ. Мөн тэрбээр технологийн салбарын удирдлагуудыг шүүмжлэхдээ “Хэрэв бид нийтийн эрх ашгийн төлөө арга хэмжээ авахгүй бол 20-р зууны тамхины компанийн удирдлагуудтай яг адилхан ичгэвтэр сонсогдож байна” гэсэн байна.