UBLife Logo
Технологи
Tesla Roadster нээлтээ хийв | Нисдэг машин бодит амьдралд ойртсон уу?

Tesla Roadster нээлтээ хийв | Нисдэг машин бодит амьдралд ойртсон уу?

Tesla компаниас есөн жилийн өмнө зарлаж байсан Roadster спорт автомашинаа АНУ-ын Техас мужийн Макгрегор дахь SpaceX-ийн туршилтын талбайд танилцууллаа. Газраас хөөрч, агаарт маневр хийх боломжтой байхаар төлөвлөсөн уг автомашин танилцуулагдсан даруйдаа олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Roadster өмнө нь зарлагдаж байсан загвараасаа юугаараа ялгаатай вэ?

2017 онд Roadster-ийн зорилго өөр байв

Tesla компани Roadster төслийг 2017 онд анх танилцуулахдаа нэг цэнэглэлтээр 1,000 км хүртэл зам туулах, цагт 400 км-ээс дээш хурдлах чадвартай спорт автомашин бүтээхээр төлөвлөж байгаагаа зарласан юм. Түүнчлэн гурван цахилгаан мотортой, бүх дугуй нь хөтлөгчтэй байхаар төлөвлөсөн нь тухайн үедээ олны анхаарлыг татаж байв.

Харин шинэ Roadster илүү содон технологи амлаж байна

Бараг есөн жилийн дараа Roadster-ийн тухай яриа зөвхөн хурд, хурдатгалаар хязгаарлагдахаа больжээ. Tesla-гийн танилцуулсан мэдээллээр автомашины тусгай хувилбар нь шахсан хийгээр ажилладаг түлхэгч системийн тусламжтайгаар газраас богино хугацаанд хөөрч, агаарт маневр хийх боломжтой байх аж.

Энэ нь бидний шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос л харж дассан технологийг бодит автомашинд нэвтрүүлэх оролдлого. Гэхдээ уг системийн боломж, бодит ажиллагаа болон үйлдвэрлэлийн эцсийн хувилбарын үзүүлэлтүүдийг хараахан бүрэн баталгаажсан гэж үзэх боломжгүй.

Үнэ болон үйлдвэрлэлийн хугацаа тодорхойгүй хэвээр

Одоогоор шинэ Roadster-ийн эцсийн худалдах үнэ албан ёсоор тодорхой болоогүй байна. Илон Маск үйлдвэрлэлийг 2028 онд Техас дахь Giga Texas үйлдвэрт эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн гэх мэдээлэл байгаа ч үйлдвэрлэл эхлэх хугацаа болон хэрэглэгчдэд хүргэх хуваарь эцэслэн баталгаажаагүй хэвээр байна.

Tesla, SpaceX-ийн технологийг нэгтгэх оролдлого

Roadster нь Tesla-гийн бүтээгдэхүүний шугам дахь хамгийн өндөр гүйцэтгэлтэй, компанийн технологийн чадамжийг илтгэх имиж загвар болох юм. Сүүлийн жилүүдэд автономит жолоодлого, Cybercab роботакси болон роботын технологид түлхүү анхаарч буй Tesla-ийн хувьд шинэ Roadster нь SpaceX-ийн технологийг автомашинтай хослуулах оролдлогоороо онцлог болж байна.

Гэсэн хэдий ч түлхэгч системтэй хувилбар нь нийтийн замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авах эсэх, эцсийн үнэ болон үйлдвэрлэл, хүргэлтийн хугацаа зэрэг олон асуулт нээлттэй хэвээр байна. Тиймээс шинэ Roadster нь автомашины ирээдүйг өөрчлөх технологийн эхлэл болох уу, эсвэл одоогоор зөвхөн амбицтай төсөл хэвээр үлдэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...