Энд гарах эрхмүүд бүгд Гиннесийн номд бичигдсэн ч рекорд тогтоосондоо баяртай байгаагүй юм. Тэдний ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд амьдралынхаа турш аварга том биеийнхээ золиос болж ирсэн. Зарим нь жингээ хасаж чадсан ч хэт таргалалт эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн нь ойлгомжтой.
Жон Брауэр Миннок
Жин - 635 кг

Жон 1941 оны есдүгээр сарын 19-нд Вашингтон мужийн Бейнбриж-Айленд гэдэг хотод төржээ. Аав ээж нь жирийн хүмүүс. Аав нь машинист, ээж нь эмнэлгийн сувилагч. Хэн нь ч илүүдэл жингүй, идэвхтэй амьдралтай хүмүүс байлаа. Харин хүү Жоны хувьд багаасаа гэнэт таргалж эхэлсэн нь түгшүүрийн дохио байв. 12 настайдаа л тэр 133 кг хүрсэн байлаа. Эмч нар хатуу хоолны дэглэм тогтоосон ч нэмэр болсонгүй. Жон их иддэггүй, заримдаа бүтэн өдөр ч хоосон явах үе бий. 35 настайдаа Жон 442 кг жинтэй болсон нь эрэгчин цагаан баавгайтай тэнцэх үзүүлэлт байлаа. Төрөлх хотод нь хэн ч түүнийг дооглож, тохуурхаж байсангүй. Аварга биетэй, хөгжилтэй, эелдэг Жон такси хийж, мөнгө олно. Түүнийг суухад машин доошлон, бараг замд тулдаг байв. 1963 онд тэрээр Жин Макэрдл хэмээх бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Жин 50 кг жинтэй, Жон бараг 13 дахин илүү хүнд гэсэн үзүүлэлтээр тэд Гиннесийн номд бичигдэж байлаа. 1978 оны эхээр Миннокийн бие ихэд муудсан юм. 13 гал сөнөөгч аварга эрийг арай ядан байшингаас гаргаж, эмнэлэгт аваачлаа. Тэр үед Жон 635 кг хүрээд байлаа. Тэр бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд хүн. Жон Миннок 1983 оны есдүгээр сарын 10-нд зүрхний дутагдлаар нас барсан юм.
Халид ибн Мухсен Шаари
Жин - 610 кг

2013 онд энэ араб залуу хамгийн хүнд хүн гэдэг ангиллаар Гиннесийн номд орсон билээ. Халид 20 настай ч бараг хөдөлдөггүй, бүтэн 2 жил гэрээсээ гараагүй байв. Тэр үед 610 кг жинтэй байсан тул хэзээ ч зүрх нь зогсоход бэлэн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Саудын Арабын хаан Абдалла түүний талаар сонсоод маш яаралтай эмчилгээнд орохыг тушаасан байна. Шаариг гэрээс нь гаргах гэж байшингийн ханыг нураасан байна. Ингээд ачааны машинд ачаад Эр-Рияд хотын шилдэг эмнэлэгт аваачжээ. Алдартай эмч нар түүнд ходоод тайрах хэд хэдэн мэс засал хийсэн байна. Гэдэсний хавиас 80 кг өөх тосыг тайран авчээ. Урт удаан эмчлүүлсний эцэст Шаари 576 кг хаяж чадсан юм. Ингээд жирийн хүний амьдралд эргэн орсон тэрээр өөртөө итгэлтэй болсон байлаа. Мэс заслаас 11 жилийн дараа сэтгүүлч нар түүн дээр очиход Шаари 72 кг жинтэй байсан гэдэг.
Розали Брэдфорд
Жин - 600 кг

Розали хэд хэдэн удаа үхлийн ирмэг дээр очиж байлаа. Үхэл амьдралын зааг дээр байж дассан гэдгээ тэр дурссан байдаг. Розали хоёр удаа Гиннесийн номд бичигдсэн. Эхлээд 600 кг жинтэй, хамгийн хүнд эмэгтэй болсон. Дараа нь 476 кг жин хассан амжилтаар бичигджээ. Доктор Симеонсийн тусгай аргаар тэр турж чадсан. Багадаа айлд өргүүлэн, өргөмөл хүүхдийн хүнд амьдралыг туулсан нь түүний таргалах шалтгаан болсон байлаа. 15 настайдаа 140 кг болж байсан ч дараа нь тэр хайртай залуутайгаа гэрлэж чадсан юм. Гэвч хувь заяа түүнд тун хатуу хандсан. Хүүгээ төрүүлэхдээ Розали цусны халдвар авч, хагас жил хэвтрийн дэглэмд байлаа. Яг энэ үедээ тэр 600 кг хүрсэн юм. Түүний нөхөр Роберт үргэлж дэргэд нь байж, хүүхдээ өсгөж байлаа. Орон дээр ямар ч хөдөлгөөнгүй ялхайж байгаа биеэ хараад сэтгэлээр унасан Розали нэг удаа амиа хорлох гэж оролдсон ч азаар бүтээгүй юм. Үүнээс хойш сэтгэлийн хаттай болсон тэрээр жингээ хасаж, хөл дээрээ босон, гэр бүлдээ тусалж чадсан билээ. Гэвч хэт их жин хаяснаас арьс нь унжиж, хагалгаагаар авахаас өөр аргагүй болсон юм. Энэ олон мэс заслын дараа зүрх нь ачааллыг дийлсэнгүй. 2006 оны 11 дүгээр сарын 29-нд Розали 63 настайдаа амьсгал хураажээ.
Хуан Педро Франко
Жин - 595 кг

Түүний төрсөн Мексик бол таргалалтаар дэлхийд тэргүүлдэг орон. Залуучуудын бараг тал хувь нь илүүдэл жинтэй. Залуу Франко ч адилхан, 17 настайдаа 229 кг жинтэй болоод байв. Харин эмч нар стресстсэний улмаас таргалжээ гэж оношилно. Хуан машины осолд орсны дараа өдөр ирэх тусам л улам таргалсаар байлаа. Хоолны дэглэм барих гэж хичээгээд ч жингээ барьж дийлсэнгүй. 32 настайдаа 595 кг болсон түүнийг Гиннесийн ном бүртгэж авлаа. Харин Франко огт баярласангүй, бүтэн 7 жил тэр орноосоо өндийгөөгүй юм. Чихрийн шижин өвчин нэмэр дээр нь нэрмээс боллоо. Амьдралаа өөрчлөх асар их хүсэл, сэтгэлийн хүчнийхээ ачаар тэр мэс засалд орохоор шийдлээ. Эмнэлгийн найман ажилтан ачааны машинтай ирээд түүнийг эмнэлэгт аваачив. Гурван сарын хатуу дэглэмийн дараа 170 кг хасаж чадав. Ходоод тайруулах хагалгаа хийлгэж, спортоор хичээллэж эхлэв. 2020 он гэхэд 330 кг жин хасаад жирийн хувцас өмсөж, нийтийн унаанд суудаг болсон байлаа. Хамгийн их жин хассан хүний рекорд амжилт тогтооно хэмээн хичээж байсан ч бие нь дийлсэнгүй. Хуан 2025 оны 12 дугаар сарын 24-нд бөөрний халдвараар нас барсан. 41 настай байлаа.
Кеннет Брамли
Жин - 468 кг

Залуудаа тэр америк хөлбөмбөг, сагсан бөмбөг, бейсбол тоглодог байлаа. Жирийн бие хаатай, таргалах шинж огт ажиглагдаагүй юм. Харин 19 настайдаа Калифорнид очоод идэх донтой болж орхисон нь ёстой л шулам шүглэв гэлтэй. Кеннет байнга фастфуд идэж, амттай, тостой хоолоор дагнана. Ямар ч хяналтгүй идсэний гор жилийн дараа илэрлээ. Залуу орноосоо ч босож чадахгүй болсон байв. 4 жил орондоо хэвтээд тэр 498 кг жинтэй болсон байлаа. Түүнийг аврахын тулд эмч нар зүтгэлээ. Байшингийн ханыг эвдэлж, ортой нь цуг эмнэлэгт аваад ирлээ. 40 хоног хатуу хоолны дэглэм барьсны эцэст тэр 76 кг хаслаа. Дахин алхаж, явж чаддаг боллоо. Кеннет Брамлигийн талаар баримтат кино гарсан байдаг. Одоо тэр 4 хүүтэй, аз жаргалтай амьдарч байна.
Майра Розалес
Жин - 470 кг

Сэтгүүлчид түүнийг “Хагас тонн жинтэй алуурчин” гэж нэрлэдэг байв. 2008 онд Розалес санамсаргүй хамаатны хүүхдийг дараад алчихлаа гэж цагдаад мэдэгдсэн. Гэвч цагдаагийн нарийн мөрдлөгөөр Майра биш эгч нь санамсаргүй хүүгээ цохиод алчихсаныг хайцайлах гэж оролдсоныг илрүүлжээ. 470 кг жинтэй тэрээр арай ядан хөдөлдөг байлаа. Эгч нь шоронд орж, Майра хүүхдүүдийг нь тэжээх шаардлагатай болов. Ажил хийхийн тулд турах хэрэгтэй. Түүнийг эмнэлэгт хүргэхийн тулд өргөгч кран авчирч байлаа. Хоёр жилийн дотор 11 хагалгаанд орж, 200 кг хаслаа. Ходоодоо тайруулж, спортоор хичээллэсээр нэг мэдэхэд 92 кг жинтэй болсон байв. Удалгүй гэрлэж, эр нөхөртэй боллоо. Харамсалтай нь 2023 оны сүүлээр хүнд өвчин тусаж, 2024 оны хоёрдугаар сарын 16-нд 43 настайдаа амьсгал хураасан билээ. Эмч нар хэт богино хугацаанд эрчимтэй турсны гай гэж оношилсон юм.
Жамбулат Хатохов
Жин - 230 кг

Дэлхийн хамгийн хүнд хүүхэд гэж цоллогдож байсан Хатохов жирийн, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Нэгдүгээр ангид орохдоо тэр 115 кг болсон байлаа. Гэхдээ хэт их идээд байсангүй. Ээж нь түүнийг өвөөтэйгөө ижил аварга биет баатар болох нь гэж ярьдаг байв. 17 настайдаа 230 кг болсон тэрээр хэд хэдэн шоунд оролцож, баримтат киноны баатар болж байлаа. Япон, Их Британид аялж, мэргэжлийн сүмо бөх болохыг мөрөөдөж байв. Хэт тарган байх нь тун зовлонтой байсан тул Жамбулат хоолны дэглэм, эрчтэй дасгалын ачаар 70 кг хасаж чадлаа. Үүндээ урамшаад тэр тестостерон хэрэглэж, туршихаар шийдэв. Магадгүй үүнээс болоод түүний бөөр ажиллахаа больж, удалгүй зүрх нь зогссон юм. Тэрээр 2020 оны 12 дугаар сарын 29-нд нас барсан. Ердөө 21 настай байлаа.
Майкл Хебранко
Жин - 411 кг

“Жингээ 411 кг-аас 90 кг болтол хасаж чадсан” гэсэн амжилтаар Гиннесийн номд орсон. Майкл Хебранко алдартай эмч Ричард Симмонсын хөтөлбөрт хамрагдсандаа тун их азтай гэж баярлаж байв. Эмчийн заавар ёсоор Сайкл жинхэнэ гайхамшгийг бүтээсэн билээ. Хатуу дэглэмийн ачаар тэр идэх донгоос салсан байна. Гэвч харамсалтай нь 1990-өөд оны сүүлээр тэр дахин идэж эхэлсэн юм. Эмч нар байшинг нь эвдэж, өргөгч кранаар өргөн, эмнэлэгт авчирсан. Хэдий жин хасаж чадсан ч хоолны дэглэм, хэт таргалалтын нөлөөгөөр маш олон тооны өвчин туссан байлаа. Майкл 2013 оны долоодугаар сарын 25-нд Нью-Йоркт 60 настайдаа амьсгал хураажээ.
