Хоёр жил дамнасан хэд хэдэн хөл хорио, төрөл бүрийн хязгаарлалтын улмаас аж ахуй нэгжүүд орлогогүй болж, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, ажил олгогч, ажилтнууд хаа хаанаа халаасаа тэмтэрч буй цаг үе тохиож байна. Иргэдийг нэг дор цуглахгүй, гадуур үйлчилгээ авахгүй байж халдвар хамгаалаа сайтар сахихыг шаардаж, үйлчилгээний газруудыг хаан хяхаж буй төр засгийн эрх мэдэлтнүүд энэ зуур өөрсдөө хэрхэн дэглэм журмаа сахиж буйг дараах жишээнүүдээс харж болно.
1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050” номын нээлт
Өнгөрсөн сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн номын нээлт болж, урлаг соёлынхон, улс төрч, бизнесмэнүүд олноор цуглан, амны хаалтгүй зургаа даруулцгаасан нь хэвлэлийнхний анхааралд өртсөн. Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн нь өөрөө хүн цуглуулж, амны хаалтгүй арга хэмжээ зохион байгуулсныг энэхүү жагсаалтын эхэнд онцлон дурдая.
2. Хэдэн мянган одон, хэдэн мянган найр, хэдэн мянган халдвар
Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Х.Баттулга тав, зургаадугаар сарыг дамнан шагнал, одон медалийн хур буулгаснаар ард олон ямар ч цар тахалд нэрвэгдсэн шинжгүй шагналын найр хийлээ. Тухайлбал энэ жил 11.000 гаруй эхчүүд Ерөнхийлөгчийн гараас алдарт эхийн одон хүртсэн. Одон гардахаар дугаарлаж буй 1000 эмэгтэйд түргэвчилсэн тест хийхэд 40 хүний хариу эерэг гарч байсан нь зөвхөн нэг удаагийн оношилгоо. Тэгэхээр 11,000 хүний хийсэн найр наадам, тэврэлт үнсэлтээс хэчнээн хүнд халдвар тархаж, хэдэн хүний амь насанд хүрсэн байж болохыг таамаглахад ч хэцүү юм. Үүнээс гадна салбар салбарын өөр бусад хэдэн мянган хүн эдгээр өдрүүдэд шагнал авсныг дурдахад илүүц биз ээ.
3. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын уулзалт, цуглаанууд
Төрийн тэргүүний суудалд өрсөлдсөн нэр дэвшигчид хэний янаагүй уулзалт цуглаан зохион байгуулж, нэг дор олон хүн цуглуулж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Эдгээрийн дотроос МАН-аас өрсөлдсөн У.Хүрэлсүхийн сонгуулийн кампанит ажлын уулзалт, цугларалтууд ‘Майкл Жэксоны тоглолт цаашаа’ гэмээр байсныг бүгд анзаарсан биз ээ. Зай барих, дэглэм сахих, олон хүн цуглуулахгүй байх зэрэг ойлголт, мөрдлөгүүд улс төрчид, улс төрийн намуудад үйлчлээгүй. Тэдэнд ард иргэдийн эрүүл мэнд, амь нас хэр үнэтэй болохыг эндээс харж болно.
4. Амны хаалт зүүх хэрэггүй, аман дээрээ зурчихад л хангалттай!
Хэдхэн хоногийн өмнө ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрийн фэйсбүүкэд хэд хэдэн улс төрч, албаны хүмүүсийн хамт чуулганы танхимд авахуулсан зургаа нийтэлсэн юм. Энэхүү зурагт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон өөр нэг эмэгтэйд фотошопоор амны хаалт зурсан байсанд олон нийт эгдүүцэв. Иргэдийг амны хаалтаа зүү, зай барь гэж өдөр шөнөгүй сануулсаар буй улс төрчдийн өөрсдийн гаргаж буй хайнга хандлага нэг иймэрхүү.
5. Шадар сайдын эхнэр халдварын бүсээр орж гарав
УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо коронавирусийн халдвар авсан өндөр настай эцэг эхээ сахихаар ХӨСҮТ дэх цар тахлын “А” бүст нэвтрээд, маргааш нь буцаж гарсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Тийш нэвтэрсэн хүмүүсийг холбогдох журмын дагуу тэнд нь 14 хоног тусгаарлаад гаргах ёстой атал даргын эхнэрт энэхүү журам үйлчлээгүй юм. Мөн энэ нь Гамшгаас хамгаалах хууль болон Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхүйц үйлдэл байсан гэж хэвлэлүүд бичжээ.
Хөл хорио, дэглэм журмаас болж аав ээж, алаг үрс биенээ тэвэрч чадалгүй хагацсан хэчнээн тохиолдол бий билээ. Гэтэл албан тушаалтны гэр бүлд л зөвхөн эцэг эх, элбэрэл журам оршдог мэт авирласнаар энэ нийгэмд дүрэм журам, хууль цааз дабл стандартаар буюу алагчлалтай үйлчилдэг юм байна гэж иргэд эсэргүүцсэн юм.
6. “Карантин -14” шоу нэвтрүүлэг
Сүүлчийн хөл хорионы үеэр телевизүүд хамтран үзэгчдийн сэтгэл зүйг өргөх, гэртээ байхыг уриалах зорилготой хэмээсэн “Карантин-14” шоу нэвтрүүлэг хийсэн билээ. Хэсэг олны танил хүмүүс 14 хоногийн турш нэг байранд амьдарч, өдөр тутам тэдэн дээр шинэ зочид ирж, зугаацан цэнгэсэн маягийн тэрхүү нэвтрүүлгийг хатуу хөл хорионы, хүн бүхэн хүссэн ч хүсээгүй ч гэртээ л байхаас сонголтгүй үед хийж, олон хүнийг нэг дор цуглуулан дэглэм журмаа нүдэн дээр зөрчсөн билээ. Хүүхдэд зайрмаг идэж болохгүй шүү гэж хэлэхдээ өөдөөс нь хараад зайрмаг иддэг хүн байх болов уу? Ээ дээ энэ нэвтрүүлэг яг л тийм хүн шиг.
7. Уулын тахилга хийгээд л улаан бүс болгочихов
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Баянхонгор аймгийн “Их Богд” хайрханыг Төрийн тахилгат уул болгож тавдугаар сарын 30-ны өдөр тахисан юм. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, тус аймгаас сонгогдсон болон сонгогдож байсан УИХ-ын гишүүд оролцсон ба бөх барилдан, морь уралдсан өргөн дэлгэр тахилга болжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 30-наас хойш халдвар бүртгэгдээгүй байсан Баянхонгорт зургадугаар сарын 2-ноос дахин халдвар бүртгэгдэж эхэлсэн тухай орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Одоогоор Баянхонгор аймагт өдөрт 80 орчим хүний шинжилгээ эерэг гарч байна.
8. Төр: Нэг дор таваас их хүн цуглуулж болохгүй!
АН: 1200 хүнтэй хурал хийе!
Дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх захирамж гаргасан. Гэвч шийдвэр хэрэгжиж эхлэх эхний өдөр АН-ын ээлжит бус их хурал болж хэдэн зуун хүн Дүнжингарав худалдааны төвийн гадаа цугларсан юм. Энэ үед 60-аас дээш насны ахмадуудыг аль болох гэрээс гарахгүй байхыг төр засаг нь уриалж байсан авч энэхүү цуглаанд ахмад настнууд олноор ирсэн тухай, мөн албан бус тоогоор 1200 орчим хүн цугласан тухай мэдээллийн хэрэгслүүд бичжээ.