Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

EYELND: Утга учиртай, хүнд юм үлдээдэг, ухамсарт үнэ цэн суулгадаг бүтээл хийхийг зорьсон


Энэ зуны шинэ содон уран бүтээлүүдээс “EYELND- ENVOKE” гэх нэр яах аргагүй анхаарал татна. Зураг авалт, клипийн дүрслэл, дууны үгээс эхлээд дуугаралт, хөгжмийн найруулгын “бүрэн цогц” бүтээл болсныг клипийн доод хэсэг дэх залуусын сэтгэгдлүүд илхэн хэлээд өгнө. EYELND нь Анхбаярын артист нэр бол Хүлэгт, Даваажаргал нартай хамтарсан уран бүтээлийн хамтлаг нь "Soul Tribe" юм. Анхбаяр, Хүлэгт нар шинэ уран бүтээл, дотоод хүсэл, хөгжмийн үнэ цэн, "монгол" уран бүтээлийн талаар бидэнтэй ний нуугүй ярилцсаныг хүргэж байна.  


- Шинэ уран бүтээлийн тухай яриагаа эхлэе. “Ухамсар” тэргүүтэй үзэсгэлэн, монгол хөгжмийн элементүүд гээд л... тэр бүр харагддаггүй дүр зургуудыг хэрхэн бодож олов? Яагаад "ийм" уран бүтээл хийхээр болов? 

Анхбаяр: Хүлэгээ, Даваажаргал (“Моханик”-ийн) бид гурав эртнээс найзууд. Монгол мөртлөө рок ч юм шиг, поп ч юм шиг өөрсдийн гэсэн утга агуулга, үнэ цэнтэй уран бүтээл гаргахаар нэлээн олон жил оролдож, нэгнийдээ цуглаад л янз бүрийн хөгжим хийж үздэг байсан. Үгийн эхний бадгийг “Монгол нууц товчоо”-г мөр дагуулан бичиж цээжилдэг Хүлгээгийн хамаатны хүн зохиосон. Тэр бадгийг Хүлгээ аялаад л явдаг байснаа хөгжмөө хийх үеэр тааруулаад үзтэл маш сайхан “наалдсан”. Дараагийн бадаг нь хот-хөдөө, өнгөрсөн-одоог харуулсан, сүүлийн бадаг нь хүн-ухамсар гэх утгатай миний бадгууд байгаа.

Найзууд, барималчид, артистууд гээд л олуулаа нийлж зураг авалтын шотуудаа авсан. Дууны эхэнд гарч буй уран барималч Очирболдын “Ухамсар” бүтээл манай дуутай яг л авцалдсан. Хүний ухамсар галд автаж, бид нарын одоо тархинд байгаа хэвшмэл зүйлсийг шатааж, шинээр бүтээж буй тухай дүрслэгддэг. 

Хүлэгээ: Даваа дууны төгсгөл хэсэг дэх гитарыг тоглож, ерөнхий продьюсерийг Анхаа, Даваа хоёр хийсэн. Зураг авалтын тухайд бид нар говьд Даваагийн хонхтой инсталляцийн урд хийсэн. Тэр нь хоёр шон босгож, волейболын сээтэг татсан говийн салхины аясаар янз бүрийн исгэрэлт гардаг инсталляц юм. Хонхтой сайхан хоршдог. Яг зураг авалтаа хийх болоход салхигүй болоход Даваа хуурдаж эхэлсэн. Удалгүй салхилж, аянга цахилж, борооны хар үүл гарч ирсэн нь сонин. Тэгээд л давхиж, зураг авалтаа хоёр өдрийн турш хонон хийж, бүтэн перформанс буулгасан. Гэхдээ оросын нэг вируст автаад тэр бүх бичлэг байхгүй болчихсон. Аргагүй эрхэнд “stock footages” бичлэгүүд нэмээд клипээ цацсан нь энэ. 

-Та нар хөгжмөө аливаа төрөл, жанрт холбож боддог уу. Ингэж тодорхойлох нь ямар санагддаг вэ? 

А: Бүх уран бүтээлч, бүх жанрууд өөрийн гэсэн илэрхийлэмжтэй байдаг. Бид нарын дуугаралт, бид нарын жанр нь монгол ч гэх юм уу, өөрийн гэсэн тийм тодорхойлж боломгүй чанартай. Яг энэ гээд хэлчих төрөл байдаггүй. Бүх л төрлийг хамарсан монгол уран бүтээл гэж ойлговол болно. 

Х: Монгол уран бүтээл гэж хэлэхээр хүмүүс туйлширлаа гэдэг л дээ. Гэхдээ бид нар “монгол” гэх сэдвээрээ бүрэн сайхан туйлширч чадахгүй л байгаа байхгүй юу. Зарим залууст бөө гэж ярингуут л жийрхэж байгаа нь сонин санагддаг. Яг сайхан монгол гэх зүйлсээ хадгалаад, ирээдүйд залуус интернэт, тоног төхөөрөмж, хөгжмөө аваад хөдөө сайхан амьдардаг болно гэж би хувьдаа боддог. 

-Ер нь ямар хөгжим хиймээр байна вэ. Өнөөгийн хөгжмийн ертөнц ямар санагддаг вэ? 

Х: Одоо бид нар яг ямар хөгжим хийх ёстой вэ гэж би их боддог. “Бид” гэдэг нь яг зөвхөн бид нар ч биш. Өнөөдөр зовлон дээр суурилсан урлаг маш их мөнгө хийгээд байгаа юм шиг.  Жастин Бибер, Ариана Гранде дандаа л хайр, “break-up”-ийн тухай дуулдаг даа? 12 настай монгол охин үүнийг нь сонсоод найз залуутай болоод салсан юм шиг мэдрэмж авдаг ч юм уу. Тэр нь онцгүй санагддаг. Хайр, өнгө мөнгө, асуудлын тухай дуу ер нь бидэнд хэрэггүй байх гэж боддог. 

А: Өнөөгийн хөгжмийг ерөнхий планаар нь харвал яг л түргэн хоол шиг хурдан энтертайнмент болчихсон. Сонсоод л, хэсэг зуур гоё байлаа, одоо дараагийнх нь гэдэг. Арай нэг утга учиртай, хүнд юм үлдээдэг, ухамсарт үнэ цэн суулгадаг юм хийвэл л гэж бид бодсон. Бид нарын дуулах, хийх гээд байгаа хөгжим нь дээрх асуудлуудын гол руу нь чиглэсэн. Хүн хүнээрээ байх, нийгмийн тойргоосоо чөлөөлөгдөх, бид хүнийхээ хувьд, сүнснийхээ тухайд хэн бэ гэдэгт байгаа. 

"Арай нэг утга учиртай, хүнд юм үлдээдэг, ухамсарт үнэ цэн суулгадаг юм хийвэл л гэж бид бодсон"

 - EYELND

-Та нарын дууг сонсоод тэр 12 настай охин юуг ойлгоосой гэж хүсч байна? 

А: Дууны үгийг яг үгчилж, махчилж сонсох шаардлагагүй. Үнэндээ юу ч байхгүй. Дотогшоогоо, зөн совин руугаа өнгийх, байгаль ба хүн, дотоод хайр гэх утгаар нь хүлээж авбал л зүгээр. “Subconscious” буюу дотоод ухамсарт чиглэсэн дуу учраас. 

Х: Надад энэ дууны хамгийн гол нь “beat” нь юм шиг санагддаг. Транст орчихсон ч юм шиг мэдрэмж авдаг. “Afro-beat” хөгжим нь нотны өөрчлөлтгүй хэрнээ хүнд маш ихийг ойлгуулж, үлдээж, мэдрүүлж чаддаг. Энэ хөгжмийн эхлэлийг тавьсан Фело Кути гэх нэг хүн бий. Аягүй политик, “Африк яагаад ийм байх ёстой юм бэ”, “Бид яагаад усгүй болов” гээд л. Ийм хөгжим Монголд дутагддаг санагддаг.

А: Бид нар ерөнхийдөө “аfro-beat” давтамжтай beat дээр суурилж хөгжмөө хийсэн. Гитар, үг, монгол хөгжмүүдээ дараа нь оруулсан. Монгол дуу, тууль хайлах, хархираан гээд үндэсний урлаг манай хөгжимд бүгд орсон. Монгол агуулгатай гэхээрээ л өнөө л байдаг хэв, дүр зураг байгаад баймааргүй байна. 

- Хөгжим бүтээхэд нөлөөлсөн уран бүтээлчид байдаг уу. Хамгийн их сонсдог уран бүтээлчдээсээ нэрлэвэл залууст сонирхолтой байх болов уу? 

А, Х: Бид нар Адарсүрэн, Чимэддорж, Соёл-Эрдэнэ гээд л дээхнэ үеийнхнийг шүтдэг. Үнэ цэнтэй монгол уран бүтээлчид юу байна гээд хайхад яалт ч үгүй ингээд хойшоо явчихдаг. Сонсох бүрт үнэхээр сурч авах зүйл ихтэй. Зохиолын дуу уг нь үнэхээр гайхалтай байхгүй юу. Даанч халтуур хийх гээд фонограмм бичүүлээд дуулчихдаг. Тэр хүмүүс амьд хөгжимтэй дуулбал аймар гоё сонсогдоно шүү дээ. Залуус зохиолын дууг аягүй "хийгээд" байдаг даа. Цаана нь хиймэл хөгжим яваад байгаа болохоор байхгүй юу. Зохиолын дууны үг нь ч хэчнээн гоё гэж санана. Гэтэл одоо монгол залуусын арай чихэнд сонсголтой болохоор нь сонгож сонсож байгаа нь к-поп болчхоод байна. Нэг ёсондоо монгол уран бүтээлчид үржил шимээ гаднаас хайгаад байгаа байхгүй юу. Монголчууд нь яг ийм сонсголтой юм хийе гэхээрээ яг адилхан, дууриасан юм хийгээд байх албагүй. Бид нарын хийж байгаа нь монгол поп ч биш. Харин монголчуудын хийж байгаа гүн гүнзгий, баялаг, сүнслэг уран бүтээл гэж тодорхойлохыг хүсдэг.

Х: Залуу уран бүтээлчдийн тухайд бүгдээрээ яг гоё “шааж” байна. Bekatrina, жаззынхан гээд л аймар олон авъяастай уран бүтээлчид байгаа байхгүй юу. Бид нар бүгдтэй нь санал бодол нийлдэг. 

- Хэрхэн яагаад дуу хөгжимд “орох” болов? 

Х: Би багадаа Адарсүрэн гуайн том CD-ийг авч сонсч байсан. Ганцаараа, тэгээд ятгатай ямар гоё хөгжимддөг гээч. Тэр хүний амьдрал ахуй ч гайхалтай. Яагаад ч юм насаа мэдсэн мэт яг өөд болох өдрийнхөө өдөр нь автобусанд дүүрэн хүмүүст дуулж өгч байсан гэдэг. Тэгээд л хожим нь би MTV-ээр дэлхий ертөнцийн хөгжмүүдтэй танилцсан даа. 

А: Багаасаа дуу хөгжим, дүрс бичлэг, видео кино гээд л хөгжмийн урлагт татагдсан. Уран бүтээлч хүмүүс бүгдээрээ л нэг зүйлийг биежүүлж, илэрхийлж гаргахыг хүсч байдаг. Надад бол хөгжим нь дүрстэй, бүх юмтайгаа байвал тэр зүйлээ илүү биежүүлж гаргахаар санагддаг. 

- Хамтлагийн нэр ямар утгатай вэ? 

А: Хүлэгт, Даваажаргал бид гурвын хамтлагийн нэр “Soul Tribe”. “Бид нэг омог”, “Сүнсний ахан дүүс” гэх утгатай. “Eyelnd” нь миний артист нэр байгаа юм. 

- Монголын зах зээл залуу уран бүтээлчдэд хэр “ээлтэй” байж, дэмжиж чадаж байна? 

Х: Яг үнэндээ тагнуул, цагдаа гээд л төрийн барилгууд томроод л боловсрол, эрүүл мэндийн салбар орхигдоод л байгааг бид нар бүгд л харж байна. Бид нар найзуудаараа сууж байгаад ярьдаг. Бид нар бол улс төр рүү орохгүй, тийм сонирхол ч байхгүй. Тэгэхээр яах вэ? гэсэн чинь миний хувьд бол малчин соёл хариулт нь болсон. Улаанбаатарын 50 хувь нь залуус байлаа гэхэд тэд нарын 50 хувь нь хөдөө гараад, график дизайн хийх нь хийгээд сайхан амьдарч болох юм шиг санагддаг. Гол нь яг урлагт хөрөнгө оруулж, ойлгох төр засаг, газрууд тэр бүр байдаггүй. 


- Жил гаруй үргэлжилсэн хөл хорио уран бүтээлчдэд хэрхэн нөлөөлөв. Өнгөрсөн хугацаанд яг хүссэнээрээ хийж бүтээж чадсан уу?

А, Х: Бие биетэйгээ хүссэн үедээ уулзаж чадахгүй нь багагүй саад болсон. Хөл хорио нэг сулрахад нь хэдэн артистаараа цуглаад баримтат маягийн нэвтрүүлэг хийсэн юм. Хөгжим бүтэх үйл явцыг харуулсан бичлэг. Яаж эхлээд, дуу болж цацагдав гэдэг процесс нь сонин байх болов уу гэж бодоод. Ахиад ковид нэмэгдээд байгаа болохоор зогсчихсон байгаа. 

- Цаашдаа ямар хөгжим хийх вэ. Төлөвлөсөн уран бүтээл бий юү? 

А: Бид нарт артист найзууд дундаа бичсэн, хийсэн хөгжмүүд нэлээдгүй байгаа ч яг цацах цаг нь болоогүй байна. Бидний цаашдын уран бүтээл ер нь л “collabration” буюу хамтын уран бүтээл. Хэнтэй л бол хэнтэй хамтарч, юм бүтээх нь л зорилго. “ENVOKE”-ийн араас хип хоп, поп, R&B, afro-beat гээд л ямар л бол ямар л төрлийн дуу хөгжмүүд бодчихсон байгаа. 

Х: .. Wu Tang is for the children. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

haha 2021.06.26 66.181.186.82

Pink Floyd-iig sanagduultal shaaj bnleshde

0 Хариулах


Unshigch, Sonsogch 2021.06.25 192.82.66.25

Iim urlag buteej bui zaluus bgaad bayartai bna! Keep going!!!

0 Хариулах