Энэ зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд АНУ, Мексик, Канадад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн болох гэж буй билээ. Анх удаа гурван улсын нутаг, дэвсгэрийг дамнан зохиогдох, анх удаа 48 орны шигшээ баг оролцох гэх мэт олон онцлоготой энэ ДАШТ эхлэхэд ердөө 58-хан хоног үлдээд байна.
Урьдчилсан шатнаас шалгарсан тив, тивийн 48 баг уяа сойлгоо тааруулж, бүрэлдэхүүндээ хэн, хэнийг багтаах вэ гэдгээ шийдэх цаг айсуй. ДАШТ-д оролцох багууд тавдугаар сарын 11 гэхэд урьдчилсан (35-55 тоглогчийг багтааж болно), тавдугаар сарын 31 гэхэд эцсийн (26 тоглогч, үүнээс гурав нь хаалгач байх ёстой) мэдүүлгээ ФИФА-д өгөх ёстой.
Хэдийгээр ДАШТ-д оролцох 48 багийн нэр тодорхой болсон ч яг энэ багууд бүгд оролцоно гэх баталгаа байхгүй байгаа. Учир ДАШТ-д оролцох эрхээ хэдийнээ аваад байгаа Ираны баг дайтаж буй АНУ-д болох тэмцээнд оролцох эсэх нь одоо болтол баталгаагүй байна.
АНУ,Израйл - Ираны дайны нөхцөл байдал хоёр сарын өмнө бүү хэл 24 цагийн дотор өөрчлөгдөж буй. Хэдийгээр Ираны хөлбөмбөгийн холбоо ДАШТ-д оролцохгүй гэж албан ёсоор Азийн болон ОУХБХ-д мэдэгдсэн зүйл байхгүй ч Ираны төр засаг, удирдлага, улс төрчид нэг бус удаа шигшээ багаа АНУ руу явуулахгүй гэж мэдэгдсэн.

ФИФА хэдийгээр Ираныг ДАШТ оролцоно, бүх зүйл хэвийн гэж учирлаж байгаа ч баталгаа байхгүй. Мэдээж Ираны хөлбөмбөгийн холбоо, хөлбөмбөгчид ДАШТ-д оролцохыг, тоглохыг хүсч буй нь лав. Хүссэн баг болгонд олдоод байдаггүй боломж, хөлбөмбөгчин бүрийн тоглохыг мөрөөддөг "дэвжээ" шүү дээ, ДАШТ гэдэг.
Хэрэв Иран ДАШТ эхлэхээс сарын өмнө татгалзвал 277,000 ам.доллар, сар хүрэхгүй хугацааны дотор татгалзвал 544,000 ам.долларын мөнгөн торгууль хүлээх бөгөөд дараа дараагийн ДАШТ-д оролцох эрхээ "бандуулж", ФИФА-ийн гишүүнчлэлээсээ хасагдах "аюултай". Энэ бүгдээс харахад Иран, тэр тусмаа Ираны хөлбөмбөгийн холбоо ДАШТ-д оролцохгүй гэж яаран мэдэгдэхгүй байгаа. Гэхдээ эцсийн шийдийг тэд биш, төр засаг, улсын дээд удирдагчид нь гаргах биз.
Хэрэв Иран ДАШТ-д оролцохоос татгалзлаа гэхэд оронд нь ямар орны баг оролцох вэ гэсэн асуудал яригдана. Логикоор бодвол Ази тивээс эрхээ авсан Ираны оронд Азийн баг л оролцох ёстой мэт. Гэвч ДАШТ-ийг зохион байгуулах эрх 100 хувь ФИФА-д байдаг бөгөөд дүрэм, журамд ийм тохиолдолд ямар баг оролцуулахыг ФИФА шийдвэрлэнэ гэсэн байдаг. Товчоор хэлбэл заавал Азийн төлөөлөл байх албагүй, хэнийг оруулахаа ФИФА өөрийн үзэмжээр шийднээ л гэсэн үг.

За ингэхээр дахиад хоёр хувилбар, боломж яригдана. Хэрэв Азийн багийн оронд Азийн баг оруулнаа гээд ФИФА шийдвэр гаргавал АНЭ хамгийн магадлал өндөртэй баг болж байна. АНЭ нь тив хоорондын плэй-оффт оролцохын төлөө Иракт хожигдсон. Мөн ФИФА-ийн чансаагаар Азиас ДАШТ-д оролцох эрх авч чадаагүй багуудаас хамгийн өндөр чансаатай байгаа баг.
Нөгөөтэйгүүр ФИФА ДАШТ-ий харьцангуй цөөн квоттой Европ тивийн багийг сонгож болох юм. Тэгвэл ФИФА-ийн чансаагаар ДАШТ-д оролцох эрхээ свч чадаагүй багуудаас хамгийн өндөр чансаатай нь болох Италийг сонгох магадлалтай. Итали бол хөлбөмбөгийн дэлхийн аварга цолтой багуудаас эрхээ авч чадаагүй цорын ганц баг. Мэдээж нэр хүндээ (мөнгөө?!) бодвол ФИФА Италийг сонгох магадлал бий.
Тэгэхээр Иран ДАШТ-ийг зорихгүй тохиолдолд АНЭ, Итали хоёрын нэг Хойд Америкт тоглох боломж их биш ч гэсэн бас байна даа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
